Энэ моторын дуу нэг л биш ээ. Бас юу нь болохоо байчихав аа, кандинсаторыг нь хэчнээн төгрөгөөр засуулав. Ядаж байхад банкны зээл төлөх болчихоод байдаг, 25 хүртэл лай ч байна, зай ч байна. Энэ ачааг уг нь хүргэчихээд эргэхдээ бас нэг гайгүй шиг юм олоод аччихвал ч энэ муу машины банкны зээлийг ч дарчих гээд л байдаг. Ядахад нөгөө Нямка яаж шуухан байгаа юм бол доо. Ойрд хоол хошны мөнгө ч явуулсангүй, хөөрхий өөрийгөө аргалаад л байгаа юм байх даа. Ирэх жилээс бага нь бас сургуулиа төгсөнө. Одоо бодвол бас л хот руу нэг их сургуульд л ирэх байх даа. Хоёрын хоёр хүүхэд хотод сургаж байгаагийнх уг нь ганц өрөө ч болтугай байр аваад өгчихвөл ханиндаа зүгээр л юм даа” гэсхийж бодсоноо Хуягаа муухан гунигтай мушилзав. Хотод нэг өрөө байр авах нь битгий хэл машиныхаа зээлийг төлж чадахгүй хэвтэж.
“Гээд яахав дээ, хүнээс дор орохооргүй л амьдарч байна. Том хүүгээ хотод дээд сургуульд илгээчихсэн. Хүргэн дүүгээс бас ч гэж дажгүй машин хямдхан аваад өгчихсөн. Том толгойтой хүү нь хичээлийнхээ хажуугаар “хаагаа” хийгээд ойр зуурын мөнгөө олчихдог. Энэ жил халтуурынхаа мөнгөөр сургалтынхаа төлбөрийг хийчихсэн гэж байгаа. Энэ машиныхаа зээлийг төлчихвөл подхийгээд л явчихна. Сар бүр сая гаруй төгрөг банк руу хийх гэж бас л үйлээ үзлээ, гурван жил зүтгэснийх зээлээ төлчихвөл ч сул зүгээр мөнгө орж ирж байна л гэсэн үг. Өвлийн хүйтэнд үйлээ идэж тээвэрт яваад ч яахав, хаа нэг томхон ачаа аччихаад л биеийн амраар явахад яахав дээ”
Баянбараат өнгөрсхийгээд яг уул руу ороож эргэдгийн даваан дээр нөгөө ногоон жийп нүдний үзүүрт торолзсгээд гараад ирлээ шүү. “Миний энэ ам уу, ноолуур ачиж явна гэж хэлээд байхдаа яахав дээ. Энэ нөж салахгүй дагаад байх шиг байна шүү” бодохын зуурт тархинд нь цахилгааны хурдаар тээр жил ноолуур ачиж явсан гурван залууг замд нь эд бад хийгээд цогцсыг нь шатаачихсан байсан гэх хэрэг зурсхийн орж ирж, голоор нь хүйт даагаад явчихав. “Ердөө л 69-ны ард ачсан хэдхэн шуудай ноолуурыг нь авах гэж шүү дээ. Гэтэл би чинь 10 тонн ноолуур аччихсан яваа хүн. Килограмм нь 20 мянган төгрөг гээд бодохоор, пээ базарваань 200 сая төгрөг” гээд бодсон чинь дахиад л голоор нь хүйт дааж, нуруугаар цэв хүйтэн аалз ирвэгнээд өнгөрөх шиг болов.
Уг нь ч Хуягаа хүү энэ зэргийн юманд айж ширвээтээд байх хүн биш. Харин эхнэр нь л “Иш чи мөн захын хүнд ноолуур ачаад явж байна гэж хэлж л байдаг. Хэзээ муу санаа суух хүн байна. Хээр хөдөө, над шиг юмны бараатай явж байгаа чамайг яах ч билээ. Тэр битгий хэл жаахан барааны төлөө дээрэм тонуул хийж байна гэж чи сонсоогүй хүн үү. Ядахдаа арьс шир ачаад явж байна гэж хэлж болно оо доо” гээд үглээд салдаггүй. Нээрээ ч өдрийн тааралдсан шалчгар шар залуу бүр дэлүү шиг наалдчихаад “Юу ачиж яваа юм бэ, юу ачиж яваа юм бэ” гээд шалаад салдаггүй. Угаасаа худлаа ярьж сураагүй хүн яахав дээ, “ноолуур аа” л гээд хэлчихсэн. Гэтэл нөгөө ногоон жийп өсгий алдахгүй дагачихдаг юм даа. Өдөржин дагсан жийп овоон дээр гүйцэн давхиж орж ирээд машинаас хоёр гурван залуу бууж ирсэн мөртлөө, ирж мэнд мэдсэнгүй, хүйтэн байрын царайтай хүдэр бадир залуу шалчгар залуугийн чихэнд шивнэхэд мөнөөх залуу гүйж ирээд машиных нь хаалганаас зүүгдэн байж ар руу шагайж харан “Хоюулхнаа яваа юм уу айн…” гэснээ хариу ч сонсолгүй буцаад гүйчихсэн. Тэгэнгүүт эхнэрийн “ном” дахиад эхэлдэг юм байгаа биз дээ. Энэ муугийн маань аян замд нэмэр болно ч гэж юу байхав. Уг нь туслах жолоочтойгоо явж байсан бол арай л нэмэртэй, ядахдаа л дугуй хагарахад бүлтэй. Даанч Хуягаагийн ээлжит нэгэн “сахилгүйтэлт”-ийн дараа эхнэр нь заавал ингэж “цагдаа”-гаар хамт явна гэж зүтгэх болсон юм. Даралт ихэддэг бие нь төдгүй турьхан эхнэр нь уг нь гэртээ л сууж байвал барав. Гэвч Хуягаа үглүүлж, загнуулж, өөрөө гэмшсээр байж л хэзээний “сийгэж” орхидог зангаа бодож муухан мушийв. Ээж нь түүнийг салхин сэнс шиг амьтан гэж өхөөрдөөд ч байгаа юм шиг, зэмлээд ч байгаа юм шиг хэлдэг. Нэг “онгод” нь орох юм бол юун нөгөө банкны зээл, өмсч зүүхээ хүртэл хязгаарладаг зан ч яалаа, хэдэн төгрөгөө бариад л захын хүмүүсийн бараанаар давхиад явчихна. Жаахан уучихаараа галзуу барын аманд ч гараа хийхээс сийхгүй амьтан цээж нүцгэлэн ханхалзаад л, аль социализмын үеэс л ургуулж дэгжирхсэн урт үсээ шидлээд л жинхэнэ сүрийг үзүүлнэ шүү дээ. За, тэгээд урт холын замд явж байгаа жолооч эрсийн дунд юу эс болно гэхэв. Ингэж нэг дэвчихээд л “Ээ дээ одоо л больё чи минь” гэж хэчнээн бодовч газрын гай мундахгүй ээ. Үгүйдээ л гайгүй шиг үнэтэй ачаа олоод аччихаад нөгөөдүүл нь шордоно. Одтойдоо ч тэр үү бусад шигээ Нарантуулын хашаа сахиж хэдэн өдрөөр ачаа хайж гөлийж суухгүй дор дороо л ачаа олоод сүнгэнүүлээд байдаг болохоор нөгөөдүүлийнхээ цагаан хэл амыг дарах гэж ч гэх үү заавал хэдэн жил юм авч өгч сэтгэлийг нь засна. Эмэгтэй “цагдаа” нь цуг байхгүй бол нийлээд дарвина ийн бодоод дахиад л мушилзав. Бас хашраагүй ээ хажууд нь үүрэглэн духалзаж яваа эхнэрээ хараад “Үлд гээд байхад үлдчихгүй. Надад ямар нэмэр болох биш. Баянхонгорын хар Түмээгийн төрсөн өдөр болж байгаа гээд байсан. Энэ ч хажууд яг суугаад хөдөлгөхгүй дээ” гэсэн шүү юм бодоод амжив. Эхнэр тэр зуур сэрсхийн зөөлхөн бор нүдээрээ айсан болгоомжилсон шинжтэй харж түрүүний айдсыг дахиад л сануулав. “Энэ маань бас их сүртэй. Хээрийн замд яав л гэж дээ, монгол хүн байна даа энэ чинь…” гэж өөрийгөө тайвшруулах гэж бодсон ч өөрөө ч энэ бодолдоо итгэж чадсангүй, санаа алдчихав. Эхнэр бас санаа алдана, “Чааваас хоёр хүүгээ л бодож байгаа байх даа, нээрээ бид хоёрын энд булаад хаячихдаг юм гэхэд, муу хоёр хүү минь яана даа. Нэг нь ч гэсэн үлдвэл…. Төрөхөөс үлдсэн ов тов сэвх нь одоо бүр нүүрийг нь бүрхэн, үргэлж инээмсэглэж байдаг жижиг бор нүд нь түгшүүртэй гялалзаж, нүдийг нь дагасан үрчлээ Ганааг улам ч ядрангуй харагдуулна.
“Иш муу хань минь ийм ч хүүхэн байгаагүй юм даа. Нөгөө ширмэн тогоо хан хийтэл гэдэг шиг хангинатал инээдэг, оч гэрэлтсэн дүрсгүй нүдтэй жаалхан бор охиныг гэрээсээ гарч ирэхийг нь харуулдаж мөн ч их суудаг сан. Хоёулхнаа Дэлгэр мөрний хөвөөндөө тэврэлдэнхэн суухад бидэн шиг жаргалтай хүмүүс байгаагүй сэн. Энэ муугаа би бишгүй зовоосоон зовоосон. Ямар сайндаа л намайг дагаад ингэж явах вэ дээ” гэж Хуягаа ханиа өрөвдөсхийн бодлоо. Цэл залуу насныхаа гал халуун хайрын аагаар хорвоог бүтэн сартай нь алган дээр чинь тавья ч гэж амлахад бэлэн дэрвэж явсаар өрх гэрийнхээ үүдийг нээж байсан даа хоюулаа…
Яалт ч үгүй нойронд дийлдээд болохгүй нь ээ, юу ч болсон хэсэг дугхийхээс. Там тум зүүдэн дунд моторын дуу сонсогдох шиг, нөгөө ногоон жийп. Уулын нөмөрт тавьсан машиныг нь бүтэн нэг тойроод яг өмнө талд нь зогслоо шүү. Хуягаа аль байдгаараа тайван царайлахыг хичээж
-Өвгөн нь буугаад ирийе. Юу ч болж байсан хаалгаа л бүү онгойлгоорой. Үүр цайхад замын машинууд гарч ирэхээр буугаарай хөө… гээд “Хоёр хүүгээ бодоод чи минь л амьд гарч үз” гэж хэлэх гэснээ чадсангүй, сэтгэлдээ үүрд үлдээж авья даа гэсэн шиг ханиа удаан гэгч нь тогтуун хараад, баяртай гэх шиг мишилзээд машиныхаа хаалгыг хаалаа.
Сарны туяанд Хуягаа бүртэсхийн алхах нь Яг л “Үер” кинон дээр шингэх нарны туяанд хөгшин хайлаас шиг сөхрөн унах гэж байгаа өвгөний дүр гардаг шиг, сарны ташуу цагаан туяан доор муу өвгөн нь бөөвийсхийн алхаж, цаанаас нь сүр бараатай залуу гартаа шийдэм ч юм уу нэг юм барьчихсан ойртож байна. Гэнэт Ганаагийн толгойд “Насаараа хоёр биенээ түшиж амьдарна гэчихээд би энд машин дотроо суугаад үлддэг нь ч юу билээ, хутгатай бол хутганаас нь буутай бол буунаас нь зууралдаад ч болох нь ээ унахад яана вэ” гэсэн бодол зурсхийж ухасхийн кабинаас ухасхийн гарлаа. Гэнэт харанхуйд гарсандаа ч юм уу түнэр харанхуй өөрийг нь үмхээд авах шиг. Нүдээ дахин хурцлан харахад сарны гэрэлд харагдах хүдэр том биетэй залууг зүг “Гараас нь зууралдаад унаж амжих болов уу” гэж яаран шогших аядах мөчид жийпний ард талд нялх хүүхэд часхийн уйлах сонсогдов. Шогшин ядаж байсан хөл нь өвдгөө сөхөрч зөөлхөн чийгтэй шороон дээр сөхрөн унахуй өр зүрх рүү бүлээн зүйл огших шиг болж баярын бололтой бүлээн нулимс хацар даган урсахыг мэдэрлээ. Нялх үрээ тэврэн байгаа хүн хүн алдаггүй билээ…
Тэгэхийн зуурт сарны ташуу гэрэл дундуур гартаа халуун савтай цай барьсан залуу ойртон ирж “Ах хүү ямар ширүүн давхидгийн бэ. Зам мэдэхгүй болохоор дагаад байсан чинь гүйцэгдэхгүй шинжтэй шүү” гээд хүд хүдхийн цайлганаар инээх сонсогдов. Ногоон жийпний арын суудалд залуухан бүсгүй нялх үрээ хүүхийлэн бүүвэйлж суулаа…