-Анхны бие даасан анхны тоглолтоо хийхээр товоо зарлажээ. Тоглолтоо хэрхэн төлөвлөсөн бэ?
-Би анх 1992 онд дуу зохиож эхэлсэнээс хойш өдий 20 жил “Хурд” хамтлагт зүтгэж энэ баатруудтайгаа гоё дуунуудаа ард түмэндээ хүргэжээ. Мөн рок, попын одод гэж ярьдаг шилдгүүдтэйгээ нийлж олон дууг залуучуудад хүргэсэн байна. Ийм хамгийн мундаг бүтээлийг ирэх аравдугаар сарын 12, 13-нд “UB Palace”-д тоглолтоо хийх гэж байна. Энэ бол бидний хамтын бүтээл юм. Тоглолт маань гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт манай рок, попын хамгийн шилдгүүд хүрэлцэн ирж дуулна. Та бүхний мэдэх УГЖ Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Сараа, дуучин Наран, Алтаа, Дашдондог, Сэрчмаа, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, хөгжмийн зохиолч Чинбаа гэх мэтчилэн рок, попын шилдгүүд маань ирж миний зохиосон ар түмэнд хүрч хит болсон дуунуудаараа ая барих юм. Тоглолтын дунд хэсэгт миний хөгжмийн аяз, зохиолууд тоглонгдоно. Мөн төгсгөл хэсэгт нь “Хурд” хамтлагийн шилдгийн шилдэг хитүүд эгшиглэнэ. Манай “Хурд” хамтлаг 40-50 минутын амплагет тоглолтоор бэлэг барина. Үндсэндээ хоёр цаг гаруй үргэлжлэх тоглолт болно.
-Нэр өгсөн үү?
-“Чи минь байгаа болохоор” гэдэг дуугаараа тоглолтоо нэрлэсэн. Бие биенээ хайрладаг хүндэлдэг олон сайхан хосууд, гэр бүлүүдэд зориулж “Чи минь байгаа болохоор” дуугаа зохиож байсан учраас энэ тоглолтоо ч тэгж нэрлэсэн.
-Энэ дуугаа хэзээ зохиож байсан бэ?
-2001 онд зохиож байсан. Тухайн үед сайн сэтгүүлч байсан Жагаа гэж залуу энэ дууны үгийг бичиж, сэтгүүлч хүний зүрх сэтгэлээс гарсан энэ шүлгэнд би ая зохиож, бид хоёр хамтдаа хуримаа хийн гэр бүл болж байгаа хосууддаа зориулья гэж бүтээж байсан.
-Энэ дуунд клип хийгээгүй ч одоог хүртэл хит болон эгшиглэдэг шүү дээ. Мэдээж тоглолтоо энэ дуугараа нэрлэсэн юм чинь клип хийлгэх үү?
-Тухайн үед клип хийгдээгүй. Тэгсэн мөртлөө маш олон хүмүүсийн зүрх сэтгэлд одоо болтол хамт амьдарч ирсэн энэ сайхан дуугаараа тоглолтоо нэрлэсэндээ би баяртай байгаа. Мэдээж миний тоглолт дээр видео дүрс маш их явна. “Чи минь байгаа болохоор” дуугаа би амьд тоглолтын үзэгч яг, яаж даган дуулж байна, “Хурд” хэрхэн тоглож байна, тэр амьд тоглолтыг клип болгон хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Тоглолтын найруулгаа ямар продакшнд даатгах гэж байна?
-Манай хамгийн шилдэг “Best” гэсэн тоглолтуудыг найруулдаг “On& Off” продакшн ажиллана. Би Ононбаттай 20 жил найзалж байна. Тэр хүн намайг ирлэж, хурцалж, чи өөрийхөө зохиосон бүх дуунуудыг рок, попынхон “Хурд” хамтлагийнхантай хоёр хэсэгтэй тоглолт хийх юм бол аймаар гоё тоглолт болно доо хэмээн ярьж дуншин дөрөв таван жил болсон. Тэгээд энэ жил хийж байна. Учир нь дараа жил “Хурд” хамтлагийн 20 жилийн ой болно. Тиймээс “Хурд” хамтлагийнхандаа зориулсан сайхан бэлэг болох болов уу? “Хурд”-ын бүх фенүүдэд зориулсан гоё бэлэг болох болов уу гэж бодож байна.
-Таны урын санд хэчнээн бүтээл байдаг бол?
-Ер нь бол би яг цэргүүд шиг гаргаж ирэн жагсаагаад тоолж үзээгүй ээ. Гэхдээ хийсэн бүтээсэн бүх дуунууддаа хайртай. Шаггүй тоо бий шүү. Аль болох гоё дуу зохиох юмсан гэсэн мөрөөдлөө би одоо болтол өдөр шөнөгүй л тээж явна.
-Хамгийн анхын уран бүтээл ямар дуу байв?
-Чоно хамтлагийн дуулснаар үзэгчдийн танил болсон “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ” гэдэг уран бүтээл маань. Би энэ дуугаа 1991 онд сангийн аж ахуй дээр ангийхантайгаа ажиллаж байхад зохиож байсан юм. Тэгээд сүүлд манай “Чоно” хамтлагийнхан “Шинэ үе”-ийн тоглолтод зориулан дуулж байлаа. “Шинэ үе”-ийн жүжигчин Боёо бид хоёр чинь “смена” ангийн хоёр шүү дээ. Бид хоёр чинь энэ дууг хамт бүтээлцэж явлаа. Тэгээд хожуу энэ дууг Боёо маань хавар цагийн уран бүтээлээ гоё жүжгээр нээх гэж байна гээд оруулж байсан. Тэгээд миний дуу чинь мандан бадарсан юм. Дараа нь хамтлагт ороод яг мэргэжлийн гитарчин болж ажилласнаас хойш анх “Чимээгүй ирэх дурлал” гэдэг дууг зохиож байсан. Тухайн үед биокомбинатад байсан арван жилийн нэг охин надад энэ дууны шүлгийг өгч байсан. Тэр охин одоо болтол над руу хаяа ярьдаг. Бид утсаар л ярьдаг болохоос огт уулзаж үзээгүй тийм сонин түүхтэй дуу даа. Тэгээд “Нулимсаа тэвчье”, “Чамайг зорино”, “Миний найз миний дайсан”, “Чи минь байгаа болохоор”, “Ханьдаа дуулъя” гэх мэтчилэн маш олон рок болон уянгын дуунууд төрсөн. “Хурд”-тай бол ард түмэнд хүрсэн маш олон гоё дуунуудыг хийсэн. Миний тоглолт үнэхээрийн “best” дууны өвөрмөц тоглолт болох болов уу гэж бодож байна. Мөн сүүлийн таван жилээс эхлэн хөгжмийн бүтээлүүдийг их хийж эхэлсэн. Энэ тэнд манай телевизүүд миний зохиосон хөгжмийн аязаар янз бүрийн нэвтрүүлэг хийгээд явж байдаг юм. Яахав тэгээд явж байг. Бүтээл маань тэр чинээгээрээ хүнд хүрч байвал гоё шүү дээ. Тэгж л бодож явдаг шүү дээ.
-Тэгвэл хамгийн сүүлд ямар дуу зохиов?
-“Хуурч болохгүй” гэдэг нэртэй амьдралыг ерөөсөө хурч болохгүй шүү гэсэн утгатай дууг би “Sweetymotion” хамтлагтай хийж байгаа. Тэр дуугаа би “Sweetymotion” хамтлагтай миний тоглолт дээр өлгийдөн авна аа.
-“Хурд” хамтлагаар сонин юу байна даа?
-Бид шинэ цомгоо гаргахаар бэлтгэж байна. Хамгийн сүүлд гаргасан “Зүйрлэх аргагүй” цомгоос хойш бараг гурван жил болчихлоо шүү дээ. Дараа жил болох 20 жилийн ойдоо энэ шинэ цомгоо зориулах гэж байна. Цомгийн дуунуудаа ерөнхийдөө зохиогоод дуусчихсан. Миний тоглолтын дараа дууны бичлэгтээ орон шинэ жилээс өмнө дуусгахаар төлөвлөөд байгаа. Шинэ цомгоо гэр бүлийнхэн, найздаа ч сонсгохгүй байж байгаад гаргая гэж бодож байгаа шүү.
-Шинэ цомог ямар жанраар гарах бол?
-Бид дабль цомог хийхээр төлөвлөж байна. Нэг нь цэвэр мэргэжлийн рок буюу үнэхээрийн бусдыг гайхшруулсан, соён гэгээрүүлсэн тэр сайхан урлагийг өшөө хөгжүүлсэн, монголын рок хөгжмийг ахиулсан хэмжээнд гаргахаар бодож төлөвлөөд байна. “Хурд” хамтлаг маань анх хурдан рок, метал рокоор тоглож гарч ирсэн шүү дээ. Залуучууд бас шүүмжилдэг л дээ. Сүүлийн үед рок биш болчихлоо шүү дээ гэж. Манай хамтлагийн олон цомог гарсан. Цомог бүрт 70 хувь нь рок дуу байхад 30 хувь нь хүмүүсийн сонсох дуртай уянгын баллад дуунууд байдаг. Тэр 70 хувь нь байгаа рок дуунуудыг эргүүлэн сөхөж сонсож байгаарай. Шинэ цомог маань нэлээн маргаантайгаар өрнөж байгаа учраас сайн болох болно оо. Нөгөө нь акустик хэлбэрийн бүжгийн хэмнэлтэй яг монголчуудын сонсох дуртай тийм дуугаралтаар хийж байгаа.
-Хамтлагаараа шинэ дабль гаргах нь ээ. Харин зөвхөн таны уран бүтээлээр хэзээ цомог гарах бол оо. Ойрын үед тийм төлөвлөгөө байгаа юу?
-Өө тэгэх юм бол миний уран үтээлээс долоо найман цомог гарах байх аа. За яахав тэгээд болох байх аа. Ямар ч байсан эхлээд тоглолтоо хийе. Тэгээд тоглолт дээрээ дуулагдсан дуунуудаа амьдралдаа анх удаа тоглолтоо хийж байгаа юм чинь “Чи минь байгаа болохоор” гэдэг DVD гаргая л даа. Тэгэхээр бас юу болох нь уу. Би одоо бол дунд үедээ явж байгаа уран бүтээлч. Миний дээр алтан үеийн рок, попын мундаг ах нар зөндөө байж байна. Би яг эд нарынхаа араас явж байна. Болоогүй байна. Зөвхөн дундаа л явж байна.
-Монголын эстрадын урлагийн алтан үеийн гайхалтай гитарчид олон шүү дээ. Саяхан УГЖ, гитарчин Д.Галсанбат ахын дурсгалыг хүндэтгэн амьдарч байсан байрных нь хананд дурсгалын самбар босгон түүнийг мөнхөлсөн. Харин таныг хэн гитарт уруу татав аа?
-Монголын гитарчид бол үнэхээр мундаг шүү дээ. Бид бүхнийг л анх гитар гэж юугаа ч мэдэхгүй нусан бацаанууд байхад зүгээр гитар гэдэг зүйл чинь ийм байдаг юм аа гэж гайхшруулж байсан манай Гавьяат жүжигчин бид бүхний домог болсон гитарьчин Д.Галсанбат ах байна. Анх биднийг юугаа ч мэдэхгүй байхад Галсаа ах л гитарь тоглодог байлаа шүү дээ. Тэгээд дараагаар нь Энхманлай ах маань. Тэр хүн бол мундаг, дэндүү, гитарыг жинхэнэ утгаар нь тоглож, үнэхээрийн гитарь чинь ийм гоё хүнтэйгээ харьцах харьцаа гитар нь ийм байдаг юм аа гэж шинэ үеийн рок текник стилийг гаргаж ирсэн хүн. Би нуулгүй хэлэхэд, хар багаасаа л “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлай ахыг шүтээд түүн шиг болно гэж гитарь тоглосоор байгаад өдий болж байна. Би одоо ч гэсэн түүнийг шүтдэг. Миний тоглолт дээр Энхманлай ах хүрч ирж, Өөжгий бид гурав нэг номер тоглоно. Их гоё тоглолт болох болов уу. Манлай ах маань их мундаг хүн. Би түүнийг өшөө л гоё тоглон, олон дуу зохиогоод, тоглолтуудаа хийгээсэй гэж дандаа дотроо бодож явдаг юм. Ер нь гитарьчин хүн, урлагийн хүн ямар даруухан байх ёстой юм бэ гэдгийг залуу үедээ үлгэр жишээ болон харуулж байгаа мундаг уран бүтээлч. Манлай ах тайзнаа гарахаар мангас болдог, тайзнаас буухаараа их даруухан шүү дээ. Тэгэхээр тийм эрхэм чанарыг манай залуу үеийн хөгжимчид эзэмшиж байх ёстой юм аа. Ер нь гитарь гэж хөгжмийг хурдтай тоглон, интернэтээс эзэмшсэн техникээрээ гитарьчин болчихож байгаа юм биш. Энэ чинь цаанаа бүхэл бүтэн философи, шинжлэх ухаан, амьдрал явж байдаг. Энэ амьдралыг мэдэрч, туулан өөрийн гэсэн өнгөтэй болох хэрэгтэй. Тиймээс гитарьчин хүний өөрийн гэсэн өнгө ямар ч бичлэгийг нь сонссон за Энхманлай ах, Галсаа ах, Өөжгий, Отгонбаяр тоглож байна гэж мэдрүүлэхийн тулд зүрх сэтгэлээрээ тоглож байх хэрэгтэй. Намайг 20-той байхад манай Галсаа, Одсүрэн, Болоож, Энхманлай ах нар маань “Отгонбаяраа чи энэ гитарийг битгий хаяарай. Яг энэ эрчээрээ тоглоод яваарай. Гар хуруу чинь гоё болоод ер нь гитарчин маяг руугаа одоо л чи үнэртэж эхэлж байна шүү” гэж зөвлөж байсан. Түүнээс хоош нэг цаг, нэг хорм ч гэсэн би гитариасаа холдож үзээгүй. Би гитариуддаа юунаас ч илүү хайртай.
-Өнгөрсөн жил “Хурд”-ын тоглолтын өмнө гитаруудаа алдсан харамсалтай зүйл тохиолдсон шүү дээ. Тэгэхэд би таньтай утсаар холбогдоход ямар хэцүү байгаа нь таны дууны өнгөнөөс мэдрэгдэж байсан. Тэр үед хүн бүр л, би ч гэсэн таны өмнөөс санаа зовж бүрэн бүтэн л олдоосой, битгий эвдэлж, хэмхэлж, сэвтээгээсэй гэж маш их санаа зовж байсан. Ашгүй гитариуд нь зүгээр олджээ гэхэд ямар их баярласан гээч?
-Тэр үед гитариудаа алдчихаад маш их харамсч байсан. Тэгээд буцаагаад бүгдийг нь яагаа ч үгүй олсон. Өнгөрсөн жилийн турш энэ сенсаци боллоо шүү дээ. Яахав тэр хүүхдүүд Отгоо ахынхаа гитарыг өвөртлөөд унтмаар санагдсан юм байлгүй. Тэр олон хүний битгий эвдчихээсэй, олдоосой гэсэн энерги цугларахаараа эргээд олддог юм байна лээ. Тэр бол мундаг. Үнэхээр намайг, хайрладаг, хүндэлдэг, миний гитарь, аялгуунд хайртай “Хурд”-ынхаа бүх фенүүддээ маш их баярласан талархсанаа илэрхийлж байна. Би Т.Ариунаагийн “Жаргаж үзээгүй зул дурлал”, Сэрчмаагийн “Хаа ч цуг”, “Дурлал”, “Энгэрээ битгий сул тавиарай”, “Номин талст” хамтлагийн “Би гэртээ”, “Зүүдэнд ирэх жаргал” гээд маш олон дууг зохиохдоо дандаа тэр гитариудаараа хийж байсан. Тэд нар маань миний биений нэг хэсэг маань болсон. Зүгээр шинэ гитарь аваад тоглох нэг өөр дуугарна. Хуучин гитариараа тоглох шал өөр дуугарна. Тэгэхээр яг тэднийхээ цомог дээр тоглон, тэр дууг нь бүтээсэн гитариудтайгаа энэ тоглолт дээр тоглох учраас тэр өнгө дуугаралт яг хуучнаараа хүрэх болов уу гэж бодож байна.
-Одоо хэдэн гитариар уран бүтээлээ хийдэг вэ?
-Хүмүүс гитарийн минь тухай асуухдаа цуглуулга гээд андуураад байдаг. АНУ-ын элчинд нэг америк залуу байдаг юм. 1970-аад оноос эхлэн 40 гаруй гитар цуглуулсан. Тэр бол марк цуглуулна гэдэг шиг хобби. Би бол тоглогч хүн. Маш олон урсгалаар тоглодог болохоор нэг гитариар нэг стиль, хэмнэлийг гаргаж байна. Жишээ нь би нэг блюз маягийн соль найз нар дээрээ очоод тоглох гэхээр “Fender” хэрэгтэй болно. Тэгвэл би “Fender” гитартай байх хэрэгтэй. Рок тоглох гэхээр USB, Gibson хэрэг болно. Тэгэхээр ийм гитартай байх ёстой. Байлдааны бэлэн байдалд байхын тулд зэвсэгүүдээ бэлтгэж байгаатай адил гитариудаа банзан, мандалин, зургаан утастай, 12 утастай гээд төрөлжүүлнэ шүү дээ. Хамгийн гол нь маш сайн дуугардаг гитарийг бэлтгэсэнд байгаа юм. Арав гаруй гитарь байна аа, надад.
-Уран бүтээл бүр нэртэй байдаг шиг таны гитарууд өөрийн гэсэн нэртэй юу? Зөвхөн уянгын дуу зохиодог гитараа өөрөөр нэрлэдэг ч юм уу?
-Намайг “ESP”, “Fender” гитариар маань хүмүүс мэднэ л дээ. Гурвалжин “ESP” нь болохоор “Metallica” хамтлагийн James Hetfeild-ын тоглодог түүний гарын үсэгтэй модель. “Fender”-ээ би “цагаанаа” гээд нэрлэчихсэн байгаа. Тэр бол “Bon Jovi” хамтлагийн Richi Sambore-гийн тоглодог гарын үсэгтэй модель байдаг. Хуруу хумсаа хугалан барин байж 12 жилийн өмнө тэрийг л авлаа шүү дээ. Одоо хамт толгож найзалж байна. Мундаг дуугардаг юм. Миний гитариуд бүгд нэртэй. Тэднийгээ хараад үнсэнэ, эрхлүүлнэ зөндөө юм болно шүү дээ. Тэгэхгүй бол тэд нар чинь дуугарахгүй маяглана шүү. Тэд бүгд амилчихсан, цаанаа л миний нэг юм.
-“Хурд” 20 жилийн ойдоо зориулан фенүүддээ ямар бэлгүүд задлах гэж байна даа?
-Ер нь бол “Хурд” хамтлаг 14 цомог гаргасан. Манай хамтлагийн цомгууд хамгийн эрэлт хэрэгцээтэй цомгийн тоонд ордог. Ялагуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс Монголд байгаа хүмүүсээс илүү цомгийн захиалга өгдөг. Тэгэхээр цомгийг сайн хэвлэж байх ёстой юм шиг байгаа юм. Хэдий бэлэн mp3-аар сонсоод байгаа боловч цомгийг нь аваад сонсоно гэдэг бол дуугаралтын хувьд шал өөр шүү дээ. Хамтлагийнхаа хувьд бид бүх гаргасан 14 цомгоо, өөрсдийн фото, гарын үсгийн хамт багцлан нэг болгон гаргана. Хамгийн том бэлэг бэлтгэх гээд 20 жилийн ойдоо зориулан тоглолтоо хийх гэж байна. Мөн хамтлагийнхаа талаар ном гаргахаар төлөвлөөд байна.