Энэ өдрийн бухимдал ажилдаа явахаар автобусны буудал дээр ирэхэд төрөв. Уг нь ихэд хүндэлж явдаг хүмүүс маань тэнд жинхэнэ уурыг бужигнуулцгааж байв. Уг нь бужигнуулж байсан зүйл нь шороо, тоос. Зайлуул, оногдсон үүрэгт ажлаа хийж хог шүүрдэж байгаа ч яалт ч үгүй хувцас, хамар ам, хамаг нүх сүвийг маань шороодож гарав. Цэвэр битгий хэл ажлын муу хувцастай байсан ч уур хүрмээр их шороо тоос босч байх аж. “Боль” гэж хэлэх гэхээр ажлаа хийж байх, “загнах” гэхээр ядарсан ах эгч нар байх, тэвчье гэтэл шороонд булагдах зовлонтой.
Мэдээж тэсэлгүй хэрэлдэх, загнах, бүр цохиод авах хүн ч байх аж. “Дарга цэвэрлэ гэж хувиарласан юм чинь шүүрдэхгүй яах вэ” гэх тайлбар, “шороогоор амьсгаллууллаа” гэх шүүмжийн аль ч зөвшөөрөхгүй байхын аргагүй. Энэ үед алиных нь ч талд орохын аргагүй. Уг нь хамгийн эрт, үүрээр, шөнөөр ажлаа эхлүүлдэг нь гудамжны цэвэрлэгчид. Гэвч нэг хүнд хэтэрхий их газар хувиарладагтаа ч тэр юм уу, шөнөөр ажилласных нь нэмэгдлийг өгдөггүйдээ ч юм уу өглөө ажил эхлэх үед тэд хаа нэг газрыг цэвэрлэж л таарна.
Хог шороо гаргадаггүй нийслэл гэж байхгүй нь ойлгомжтой. Аль ч улсад хог шороо гарч л байгаа. Гэвч ялгаатай нь ихэнх улсад нийтийн эзэмшлийн зам талбайн ихээр бохирдсон газрыг шөнийн цагаар цэвэрлэчихдэг аж. Мэдээж шөнийн цагаар ажиллуулж байгаа хөдөлмөрийг нь нугалж өгч чаддаг байх хэрэгтэй. Мөн шөнөөр хот нь харанхуй биш байх учиртай. Ядаж л шүүрдэх хог нь биш юм гэхэд шүүрдэж буй хүн нь харагдаж байх гэрэлтэй орчин байж шөнө хүмүүс ажиллана.
Сураг сонсохнээ өнөөдрийг хүртэл “мөнгө” /бутархай нэгж/ -өөр тооцож цалинжуулдаг ганц ажил нь гудамжний үйлчлэгчид гэсэн шүү. “Дарга нь цэргийнхээ цалинг нэмжээ. Нэмэгдсэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” гэх хоржин дууны үгсийг мэдэрч яваа тэдгээр гудамжний үйлчлэгчдийг шөнөөр ажилуулаад, цалинг нь баярлатал нь өгөхсөн. Тэгвэл ядаж цэвэрлэгчидтэйгээ хэрэлдэхгүй байх юм даа.
Зургийн тайлбар: Өглөөний 6.30. Дунд нь зогссон хүн-Мөнхтөр Долгорын, 7 хүүхэдтэй, 55 настай, ухаан эрүүл саруул, ажлынхаа хоног бүр, Дэнжийн 1000-д байх гэрээсээ шөнийн 12-т гарч алхсаар хотын төвд 1 цагт ирээд цэвэрлэгээнийхээ ажлыг эхэлдэг. Түүний дэргэд, нөхөртөө тусалж байгаа эхнэр Оюунтуяа нь. Нэлээд албан байгууллага, гуанз мэт нь үүднийхээ хогыг хамаад дотогш оруулахгүй харин гудамж руу байнга хаяж тэдний ажлыг хүндрүүлэх бол энүүхэнд/Өнгөрсөн жил өглөөны 4 цагын үед 8 жил ажилласан тэдний нэг цэвэрлэгчийг ажлаа хийж байхад нь нэгэн этгээд машинаар дайрч алтан амийг нь хороосон/. Мөнхтөр Төмөр замд 17 жил слесарь хийгээд нүдний хараа сонсгол муудаад ирэхлээр нь больсон. Цалин нь 15 хоногт ч хүрэлцдэггүй хэдийч, настай болсон гээд өөр ажилд ажилд авахгүй тул, -зүгээр сууж байснаас дээр- гэж үзэж Мөнхтөр энэ ажлыг голж, шантралгүй хийж явна. Хүүхдүүд нь одоо гуанзанд үйлчлэгч, түрээсийн ТҮЦ-нд ажиллаж аав ээждээ нэмэр болж байна. 2 хүү нь архи уудаггүй, нөгөө 2 хүү нь архи уудаг гэнэ.
Захад нь зогсож буй эрэгтэй- Занабазар Арагвааны, 42-той, Баянхошууны хуучин эцсээс 2 цаг орчим алхаж ирээд өглөө бүр 6.30-ийн үед ажилдаа ордог /Өвлийн шөнө шар хантааз өмссөн түүнийг хараад зарим жолооч нар зогсож дөхүүлж өгдөг/.
Зураг тайлбарыг: themongols.ning.com