Хүүхдэд хэрэгтэй хүүхдийн мөнгө

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Хүүхдэд хэрэгтэй хүүхдийн мөнгө

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаас хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэлээ. “Хүний хөгжил сан”-гаар дамжуулж 0-18 насны хүүхэд бүхэнд ирэх аравдугаар сарын 1-нээс 20 мянган төгрөг олгохоор болсон нь өрх толгойлсон эмэгтэй, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд гоё мэдээ болж чадсан байх. Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх, хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, холбогдох программ боловсруулах зардалд зориулан 154.8 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах гэнэ. Үндэсний статистикийн хорооны 2011 оны тайлангаар бол Монгол Улсад 0-18 хүртэлх насны 967.9 мянган хүүхэд байдаг аж. Тиймээс эдгээр хүүхдэд сар бүр 20000 төгрөг олгоход 2012 онд 58.1 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарчээ. Хүүхдийн мөнгийг иргэдийн зүгээс өргөдөл, хүсэлт гаргасан нөхцөлд олгохоор журмын нөхцөлд тусгасан бөгөөд мөн гэрээт банкнаас шууд авахаар  зохицуулалт хийсэн байна.

Хүн бүхэнд сар бүхэн 21 мянган төгрөг тараах, эсвэл оюутнуудад сар бүхэн цалин өгөхөөс хамаагүй үр дүнтэй,  хэрэгцээг нь бүтэн хангахгүй ч гэсэн зарим өрхийн амьдралд тодорхой хэмжээгээр дэмжлэг болж чадах учраас хүүхдэд хүүхдийн мөнгө битгий өг гэж хэлэх эцэг эх ховорхон л байх болов уу. Хүүхдийн мөнгө хүүхдэдээ авмаар байна гэвэл харьяа хороо дүүргийнхээ засаг захиргаагаар дамжуулан хүсэлтээ гаргаж болох юм байна лээ. Харин манай хүүхдэд хэрэггүй, энэ мөнгийг хүүхдэд зориулсан өөр зүйлд зарцуулаарай гэсэн хүмүүс авахгүй байх боломж бий. Өөрөөр хэлбэл, таныг хүсээгүй байхад чинь хүүхдэд тань мөнгө өгөхгүй гэсэн үг.

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд хавтгайрсан халамжийн бодлогыг байя гэтэл нь хэрэгжүүлсэн. Зарим нэгэн хүний амьдрад тодорхой хэмжээгээр дэмжлэг болсон бол зарим хүмүүст огт хэрэггүй байсан байх. Харин хүүхдийн мөнгө олон ч хүүхдэд тодорхой хэмжээний дэмжлэг болж чадах байх, тэдний ирээдүйд хэрэгтэй биш юм аа гэхэд зарим өрхөд хоногийн бор хоолонд нь нэмэр хандив болсон л байх.

Аавын жипээр сургуульдаа явдаг,  iphone, ipad-аар гангардаг айлын хүүхдүүдэд бол сарын 20 мянган төгрөг гэдэг нэг удаа уух ундааных нь мөнгө болж чадахгүй. Харин өрх толгойлсон таван хүүхэдтэй эмэгтэйд сар бүхэн авах хүүхдүүдийнх нь мөнгө юу юунаас илүү хэрэгтэй. Ажилд орьё гэхээр шалгуурыг нь хангадаггүй, орлоо гэхэд  олигтойхон цалин авч чаддаггүй хүмүүст хүүхдийн мөнгө хэрэгтэй. Аль ч улс ирээдүйдээ хөрөнгө оруулж, тэдэнд чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлдэг.

Ядаж л  ааштай кондукторт чичлүүлэлгүй автобусныхаа 200  төгрөгийг сарынхаа 20 мянгаар төлөөд хичээлдээ санаа амар явах боломж ядарсан хүүхдүүдэд маань гарч байна шүү дээ. Ямар айлын хүргэн бэр болчихсон хэрнээ автобусанд үнэгүй явж, сардаа авдаг 70 мянган төгрөгөөрөө сайхан шоудчихдаг оюутнууд биш. Адаглаад аав ээждээ туслаад ажил хийх гэхээр авах хүн олдохгүй. Хэн л насанд хүрээгүй хүүхдийг зарж байгаад хэрэгт орохыг бодох билээ. Тиймээс хүүхдэд хэрэгтэй зүйл бол хүүхдийн мөнгө. Бүр 20 мянган төгрөг биш 50 мянган төгрөг өгсөн ч яадаг юм. Хүн болгонд өгөөд байдаг Хүний хөгжлийн 21 мянгаас тэс өөр зүйл шүү дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж