Мэргэжлийн хяналтынхан "Цаст"-ынхныг газар шороо, барилгын ажил гүйцэтгэх явцдаа "Монгол эм импекс" компанийн агуулахын барилгад гэмтэл учруулсан, барилгын зураг төсөв батлагдаагүй, угсралтын ажил эрхлэх зөвшөөрөл олгоогүй байхад ажлаа эхэлсэн гэсэн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоохыг удаа дараа шаардсан ч ажлаа үргэлжлүүлсээр өнөөг хүрчээ. Зөвшөөрөлгүйгээр, аюулгүйн шаардлагад нийцээгүй барилга барьчихаад тэгээд бас болоогүй захиалга аваад эхэлсэн байна. Түүнчлэн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрынхан өнгөрсөн онд дээрх газар барилга барих зөвшөөрөл олгоогүй тухай мэдэгдлийг албан ёсоор хүргүүлсэн ч "Цаст констракшн"-ын эзэд огт тоосонгүйгээр барахгүй тус байгууллагад барилгын ажлаа зогсоох шийдвэрийг удаа дараа өгсөн хотын Ерөнхий архитекторын өмнөөс “салаавч өгөөд л” өнгөрсөн бололтой юм.
Тансаг зэрэглэлийн орон сууц барина хэмээн мөнгө цагаан нүд улаан болсон “Цаст”-ынхан “Монгол глобал”, “Монгол эм импекс” хоёрын газартай шууд тулгаж, аюулгүй байдлын хувьд хангалтгүй нөхцөлд байшингаа барих болсон нь тус компанийн ард том “ТҮЗ” байна уу гэсэн хардлага төрүүлээд байгаа. Тиймгүйсэн бол холбогдох газруудын шийдвэрийг уландаа гишгээд урагшаа зүтгэж чадахгүй байсан шүү дээ. Хотын дарга асан Г.Мөнхбаяр газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоосон боловч “Цаст констракшн” үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр л байж. Өнгөрсөн хугацаанд “Монгол глобал”, “Монгол эм импекс” зүгээс “Цаст констракшн”-ыг шүүхэд өгсөн ч дархан эрхтэй даварсан “Цаст”-ыг буулгаж авч чадаагүй байна. Тэгэхээр “Цаст”-ын цаана хотын даргаас том эрх мэдэлтэй нөхөр байна гэсэн үг юм.
Энэхүү маргаан үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл “Цаст”-ын зөвшөөрөлгүй барьсан барилгаа хэзээ, хэн гээч хүний аминд хүрчих бол гэсэн түгшүүр иргэдийн дунд байгааг эрхэм хотын дарга анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу. Иймэрхүү дураараа аашилсан, эрх мэдэл, хөрөнгө мөнгөндөө эрдсэн хүний амийг сохор зоосноос дор үнэлдэг нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулахгүй бол барилгын салбарт идээлсэн, бугшсан олон жилийн хууль бус үйл ажиллагаанаас болж үнэр орж муудсан гажиг тогтолцоо амь бөхтэй байсаар л байх болов уу. Нэг хүний хөрөнгө мөнгө, нийтийн эрх ашгаас хэзээ ч дээгүүрт тавигдах ёсгүй юм.
“Цаашдаа “Цаст констракшн”-ын асуудал хэрхэн шийдэгдэхийг бид үргэжлүүлэн мэдээлэх болно.