Нийтийн тээврийн хэрэгслийг оношилж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн хэрэгслийг оношилж байна

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгслийн намрын үзлэг, оношлогоо есдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү техникийн оношлогоо нь жил бүр болдог билээ. Сүүлийн жилүүдэд авто замын осол, тэр дундаа зорчигч тээвэрлэдэг нийтийн тээврийн хэрэгслээс явган зорчигч ч тэр, бусад тээврийн хэрэгслийн жолооч нар ч тэр айх хандлагатай болсон. Хурдтай яваа том оврын автобус булан, замын хашлага, автобусны буудалтай хамаад явчих вий гэх айдас шүү дээ. Автобусны тухайд эргэлтийнхээ хугацаанд амжих гэсэндээ ч юм уу хурдтай яваа үед тоормос авах хасах горим нь алдагдвал яах вэ гэсэн асуудал гарч ирэх нь. Тэгэхээр энэ тал дээр зөвхөн автобус ч гэлтгүй зорчигч тээвэрлэдэг нийтийн тээврийн хэрэгсэлд техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдал бүгдийг шалгаж үзэх шаардлагатай юм.
Нийслэлийн хэмжээнд зорчигч тээвэрт нийт 2400 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилдэг бол үүний 1000 гаруй нь том оврын автобус, 991 микро автобус, такси 375, троллейбус 52 байдаг ажээ. Тиймээс Нийтийн тээврийн газраас энэ бүх тээврийн хэрэгсэлд  үзлэг оношлогоог эхлүүлж, хуучнаар 22 дугаар авто баазад нэг өдөрт тээврийн хэрэгслийн овроос хамаарч нэгээс дөрвийг хамруулах гэнэ. Арваннэгдүгээр сар хүртэл ийнхүү өдөрт дөрвөөс илүүгүй нийтийн тээврийн хэрэгслийг оношилж байгаа нь зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд нарийвчилсан үзлэгийг хийж буй гэнэ. Ингэхдээ гурван төрлөөр үзлэг оношлогоог хийдэг ажээ.

Нэгдүгээрт, тээврийн хэрэгсэлд тавигдах хөдөлгөөний аюлгүй байдал.  /Үүнд тормосны ажиллагаа, гэрэл, тэнхлэг тохиргоо/ 

Хоёрдугаарт, тухайн тээврийн хэрэгслийн экологид нөлөөлөх байдал. /утаа ялгаруулах байдал/

Гуравдугаарт, тээврийн хэрэгслийн дотоод нөхцөл байдал. /зорчигчийн суудал, бариул, буудал зарлах төхөөрөмж, халаалт/ зэргийг оношилдог байна. 

Таксины тухайд, онцлог нь 2010, 2011 оноос хойш үйлдвэрээс гараад Монголд оруулж ирсэн бол хоёр жилийн дараа тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоонд оруулдаг байна. Өөрөөр хэлбэл, дээрх оны машинуудыг 2013 оноос үзлэгэд хамруулах юм байна.

Ийнхүү нийтийн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг төв бүртгэлд оруулж, улмаар автобус компани, такси, микро автобусны удирдах газарт оношлогооны дүн мэдээллийг хүргүүлдэг гэнэ. Ийнхүү тээврийн хэрэгслийн оношлогоонд тэнцэхгүй бол зорчигч тээврийн үйлчилгээнд гаргахыг хориглох юм байна. Оношлогоонд тэнцээгүй нийтийн тээврийн хэрэгсэл техникийн эвдрэл гэмтлийг бүрэн засч, дахин оношлогоонд орж, эрхээ авсанаар үйлчилгээнд гарах боломжтой ажээ. Тэгэхээр тэнцээгүй гэсэн шалтгаанаар үйлчилгээнд гараагүй тээврийн хэрэгсэл байхгүй юм байна. Ямар нэгэн байдлаар ажлын тав хоногийн дотор техникийн хувьд алдаа дутагдлаа арилгадаг талаар албаныхан онцолж байна лээ. Урьд жилүүдийн техник оношлогоогоор автобус гэхэд оройн цагаар үзэгдэлт хангалтгүй үед гэрлийн хүчин чадал муу, микро автобус, таксины тормосны ажиллагаа муу, утаа их хаядаг дутагдал илэрч байжээ.

Ямартай ч олон хүн тээж, хүрсэн газарт нь хүргэх зорилготой нийтийн тээврийн хэрэгсэл сүүлийн үед эрэлттэй унаа болоод буй. Нийслэлийн хүн ам нягт шигүүтэй шууд холбоотойгоор замын түгжрэл хэн бүхний бухимдлыг төрүүлж байгаа. Тиймээс энэ түгжрэлтэй тэмцэх нэг арга нь хотын төвийн замын нэгдүгээр эгнээг автобус л эзлэх болсон юм. Ийнхүү эрэлттэй унааг эвдрэлгүй байлгахын төлөө үзлэг оношлогоо арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх нь. 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж