Үнэт цаасны зах зээлийг хэрхэн хуульчлах бол?

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны зах зээлийг хэрхэн хуульчлах бол?

Энэ хууль батлагдаж байж бид хөрөнгийн зах зээлээ бүрэн утгаар нь хөгжүүлэх, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдол бүхий орд газруудын хувьцааны тодорхой хувийг дотоодын зах зээл дээр амжилттай гаргах, олон улсын томоохон биржүүд дээр арилжаалагддаг Монголын уул уурхайн төслүүдийн хувьцааны давхар бүртгэл арилжааг дотоодын хөрөнгийн зах зээл дээр хийх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хувьцаа гаргах замаар тэлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг томоохон боломжууд нээгдэнэ. Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай

УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр болсон хуулийн төслийн жагсаалтын наймд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бичигдэж. Өмнөх парламентийн үед боловсруулагдан, өргөн баригдсан энэ хуулийн төслөөс “үнэт цаасны зах зээлийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж буй, яагаад энэ хуулийн төслийг боловсруулах болов” гээд олон асуулт гарна. Үүний хариулт төсөл байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлгээр удахгүй тодорно. “Шинэчилсэн найруулга гэдэг нь өмнө байгаа хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтүүд нь талаас илүүтэйгээр шинэчлэгдэхийг хэлдэг” гэдгийг сануулаад яагаад хуулийг өөрчлөх болсныг сонирхоё.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ТОВЧ

Аливаа бараа бүхэн өөрийн зах зээлтэй байдгийн нэгэн адил үнэт цаас ч мөн өөрийн гэсэн зах зээлтэй. Үнэт цаасны зах зээл нь харилцан өөр өөр нөхцөлөөр солигддог, арилжаалагдах нөхцөл, баталгааны хувьд ялгаатай боловч цаг ямагт аль нэг компанид хөрөнгө оруулалт хийж байдаг түүний өгөөж нь ирээдүйн эерэг цагийн орлогоор илэрхийлэгдэх тэрхүү баримтыг харилцагчдад зуучлан нэгдсэн зохион байгуулалтаар хөрөнгийн бирж дээр баталгаажуулан арилжиж байдаг зах зээл юм. Үнэт цаасны зах зээлийг анхдагч болон хоёрдогч зах зээл гэж ангилж авч үздэг Анхдагч зах зээл гэдэг нь анх удаа шинэ үнэт цаасыг гаргаж арилжиж байгаа зах зээл юм. Өөрөөр хэлбэл шинэ үнэт цаасыг гаргаж арилжаалан хөрөнгийн шинэ эх үүсвэр дайчлах зах зээл юм. Харин хоёрдогч зах зээл гэдэг нь анхдагч зах зээл дээр гарсан үнэт цааснуудыг арилжаалж дууссаны дараа хөрөнгө оруулагчид өөр хоорондоо дахин худалдаалж байдаг зах зээл юм. Энэ зах зээл нь шинэ хөрөнгийг өсгөхгүй бөгөөд үнэт цаасыг гаргагч нь борлуулалтаас шууд ашиг олдоггүй. Хоёрдогч зах зээл нь хамгийн идэвхтэй арилжаа хийгддэг зах зээл бөгөөд арилжааны ихэнх хувийг эзэлдэг том зах зээл юм.

ЯАГААД ХУУЛИА ШИНЭЧЛЭХЭЭР БОЛОВ?

Хөрөнгийн зах зээлийг шинэчлэх гэдэг нь хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болох зохицуулагч байгууллага, хөрөнгийн бирж, үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн төв, төлбөр тооцоо гүйцэтгэгч банкууд, брокер дилерийн компаниуд, хувьцаат компаниуд, хөрөнгө оруулагчид зэргийг хамарсан маш өргөн хүрээтэй ажил. Эдгээр оролцогчид нэг л дүрэмтэй, тэр нь алдаагүй ажиллах боломжоор хангах л чадамжтай байх учиртай. Гэвч одоогийн буй хууль энэ чадамжаа алджээ. Тодруулбал, Үнэт цаасны тухай хуулийг анх 1996 онд баталсан бөгөөд уг хуулийг 2002 онд шинэчлэн найруулж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг баталсан. Энэ хугацаанд уг хууль нь үнэт цаасны зах зээлийн харилцааг тодорхой хэмжээнд зохицуулж ирсэн боловч хурдацтай хөгжиж буй зах зээлд даанч “жулдав”.

Томоохон хөрөнгө оруулагчид бий болоогүйн улмаас өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээл сул хөгжиж, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа олон улсын нийтлэг жишигт хүрэх боломжгүй байлаа. Үүний нэг илрэл нь хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хязгаарлагдмал хариуцлагатай компани болж хэлбэрээ өөрчлөх замаар хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдах явдал түгээмэл гардаг байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд шинээр хувьцаа гаргах (IPO) замаар олон нийтээс хөрөнгө татах явдал нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн хэмжээ өсч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2009 оны эцэст 620.7 тэрбум төгрөг байсан бол 2010 оны эцэст 1329.9 тэрбум, 2011 оны хоёрдугаар сард 3219.2 тэрбум, 2011 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2100.7 тэрбум төгрөгийн хэмжээтэй болжээ.

Түүнчлэн компаниуд хувьцаагаа давхар бүртгэлтэйгээр дотоод болон гадаадын зах зээлд гаргах эрэлт, хэрэгцээ нэмэгдэж байгаа ч үнэт цаасны давхар бүртгэлийн асуудал одоогийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй байсаар байв. Хэдийгээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 2010 онд батлагдсанаар санхүүгийн хэрэгслийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд арилжаалагдах боломжтой болсон ч зах зээлд хувьцаа, бондоос бусад шинэ санхүүгийн хэрэгсэл, тухайлбал, гадаадын болон дотоодын нэр бүхий томоохон компаниуд хадгаламжийн бичиг /DR/ болон бусад санхүүгийн хэрэгсэл гаргах тохиолдолд одоогийн эрх зүйн орчны хүрээнд дээрх ажиллагааг явуулах боломжгүй байна гэж үздэг аж. Ингэснээр хөрөнгийн шинэ, хямд эх үүсвэр татах нөөц бололцоог хязгаарлаж, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсгэх болов. Мөн Монголын Хөрөнгийн биржийн удирдлагыг 2011 оноос Лондонгийн хөрөнгийн бирж хэрэгжүүлэх болсноор манай улсын хөрөнгийн зах зээлд олон улсын хэмжээнд мөрдөгдөх стандарт, дүрэм, журмууд нэвтрэн орж ирэх нөхцөл бүрдээд байгаа хэдий ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд дээрх олон улсын стандарт шаардлагыг нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байна.

Олон улсын нийтлэг жишгээс үзэхэд үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудад нэгдсэн бодлого, стандарт, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх чиг үүргийг өөрийгөө зохицуулах байгууллага гүйцэтгэдэг байна. Гэтэл манай улсын хувьд үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллагын эрх зүйн байдал, чиг үүрэг, зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг хуульчлаагүйн улмаас тэдгээрийн зүгээс зах зээлийг зохицуулах, нөлөөлөх, хөгжүүлэх, эрсдлээс сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжгүй байх тул төрийн зохицуулалт шаардлагагүй харилцаанд төр оролцох, төрийн зохицуулах байгууллагын ачаалал хэт нэмэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн 5 жилийн үйл ажиллагааны тайлангаас үзэхэд хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаас гаргагч компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулдаггүй, санхүүгийн тайлангаа ирүүлдэггүй, нийтэд мэдээллээ хүргээгүй, ногдол ашиг хуваарилахгүй, хувьцааг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан зэрэг зөрчил түгээмэл байгаагаас гадна үнэт цаасны зах зээлд манипуляци хийх, дотоод мэдээллийг урвуулан ашигласан үйл ажиллагаа явуулсан тохиолдлууд гарч, тэдгээрт хуульд заасан хариуцлага ногдуулж байсан байна.

Гэвч дээрх хэрэг, зөрчлүүдийн талаархи хуулийн нарийвчилсан зохицуулалт дутмаг, хариуцлагын хэмжээ хэт бага зэрэг нь зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх бодит хөшүүрэг болж чаддаггүй аж. Мөн үнэт цаасны зах зээл дэх улсын байцаагчийн эрх хэмжээ тодорхойгүй, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх захиргааны хариуцлага нь хэт бага хэмжээний торгуулиас хэтрэхгүй байна. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдод тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх, анхан шатны үйлчилгээний стандарт, зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, 2006 оны байдлаар 25, 2010 оны байдлаар 51 брокер, дилерийн компаниуд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2011 оны 11 дүгээр сард 88 болж эрс өссөн байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй холбоотой хэдий ч одоогийн хуульд дээрх төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага төдийлөн өндөр биш буюу үндсэндээ 50 сая төгрөгтэй этгээд уг үйл ажиллагааг эрхлэх боломжтой байдаг нь хөрөнгө оруулагчид учирч болох эрсдлийг нэмэгдүүлж буй юм.

ХУУЛИЙН ТӨСӨЛД ЮУГ ТУСГАВ

Хуулийн төсөл боловсруулагдсанаас хойш батлагдах хүртэл олонтаа өөрчлөгддөг. Гэвч өмнөх хуулийн алдааг, дутууг гүйцээх зорилгоо өөрчлөхгүй нь тодорхой. Одоогоор хуулийн төсөлд “үнэт цаасны зах зээл”-ийн тодорхойлолтоос эхлээд “фьючерсийн гэрээ”, “үүсмэл санхүүгийн хэрэгсэл” гэх ойлголтуудаар үргэлжлэн, “Компани, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга, Монголбанк нь энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу үнэт цаас гаргаж болно” гэх зэрэг заалтуудаар үргэлжлэн нэлээн өргөн хүрээтэй хуулийн төсөл болж. Үргэлжлүүлбэл, Үнэт цаас нь өргөн хүрээг хамарсан, олон төрлийн эрхийг гэрчлэх хэрэгсэл болох тул зөвхөн энэ хуулийн зохицуулалтад хамрах үнэт цаасыг тодорхойлж, үнэт цаасыг нийтэд санал болгон гаргах, компаниас өрийн хэрэгсэл гаргах, гадаадын болон дотоодын компаниуд давхар бүртгэлтэйгээр үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл гаргахтай холбогдсон журмыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн үнэт цаасыг нийтэд санал болгоход тавигдах шаардлага, танилцуулгад тусгах мэдээлэл, уг ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулахад чиглэсэн хариуцлага, мэдээлэх үүрэг, суурь үнэт цаасыг үндэслэн хадгаламжийн бичиг гаргахтай холбогдсон харилцааг, шнэт цаасны зах зээлд оролцогч этгээдийн шинэ төрлийг бий болгохоос гадна тэдгээрийн үйл ажиллагааны ялгааг тодорхойлж, эрх, үүрэг, хориглох зүйлс, хариуцлагын талаар, үнэт цаасны зах зээлд дэх мэдээллийн урсгалыг нээлттэй болгох зэрэг заалтууд оржээ. Ийнхүү 8 бүлэг, 88 зүйл бүхий хуулийн төсөл боловсруулагдаад хагас жилийн дараа хэлэлцэх асуудлын 8-д жагсчээ. Батлагдах нь баараггүй болсон ч хэрхэн хуульчлах нь тодорхой биш байна.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж