Москвагийн цагаар 29-ний 21.20 цагт ОХУ-ын нэгдүгээр сувгаар шууд нэвтрүүлэг гарах ба түүгээр FIFA-гийн ерөнхийлөгч Зепп Блаттер болон ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко нар ДАШТ-ий тоглолтууд болох 11 хотын нэрийг зарлах гэнэ. Тус арга хэмжээнд FIFA болон ОХУ-ын албаны хүмүүсээс гадна Оросын алдартай тамирчид, хөлбөмбөгийн одод, олны танил эрхмүүд оролцох аж.
2018 оны ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрхийг ОХУ 2010 оны арванхоёрдугаар сард авсан юм. Калининград, Санкт Петербург, Москва, Ярославль, Казань, Новгород, Саранск, Самара, Екатеринбург, Волгоград, Краснодар, Сочи зэрэг нийт 13 хот дэлхийн аваргын тоглолтыг хүлээн авахаар бэлтгэж буй аж. Тэдгээрээс 11-ийг нь албан ёсоор сонгон, зарлах юм байна.
Дашрамд дуулгахад, ОХУ 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажилд 700 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн тухай тус улсын Спортын сайд өнгөрөгч дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм.