Дэд сайд Ж.Амарсанаа 103-аас ажлаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

Дэд сайд Ж.Амарсанаа 103-аас ажлаа эхэллээ

Засгийн газрын өчигдрийн (IX.22) ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын албанд томилогдсон Ж.Амарсанаа өчигдөр Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын гараагаа эхлүүллээ. Салбарын дэд сайд яаралтай тусламжийн дуудлагын эмч нартай уулзаж, цаашдын үйл ажиллагааг сайжруулах талаар тэдний санаа бодлыг сонслоо. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас дараах тодруулга авлаа.

-Та өнөөдөр ажлын гараагаа Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс эхлүүлж байна?

-Миний бие ажлынхаа гарааг яаралтай тусламжийн төвөөс эхэлж байна. Яаралтай дуудлагын нас баралтын дөрөвний гурав нь эмчийг ирэхээс өмнө, дөрөвний нэг нь эмчийг ирснээс хойш нас бардаг гэж энэ төвийн захирал хэлж байна. Яаралтай тусламж дуудахад нэг цаг болон түүнээс удаан хүлээлгэх тохиолдол олон байдаг учираас гомдол маш их гардаг. Төвийн үйл ажиллагаатай танилцаж байхад сайшаах, шүүмжлэлтэй хандах юм аль аль нь байна. 103 маш их ачаалалтай  ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 1,2 сая хүн амьдарч байхад 27 машин үйлчилж байна. Нэг машинд дунджаар 22 дуудлага ноогдож байгаа нь түгжрэл, ачаалал ихтэй үед хүртээмжгүй байна. Тэгэхээр машин, эмчийн тоо, чанарыг яаралтай сайжруулах шаардлагатай байна.

-Ажил байдалтай танилцаж явахад хамгийн хэцүү санагдсан зүйл юу байв?

-Түргэний машин болгонд зүрхний бичлэг дутмаг байгаа нь анзаарагдлаа. 34 машинаас 6 нь бичлэгтэй гэдэг хэт цөөхөн байна. Хамгийн их санаа зовоож байгаа  зүйл бол зүрхний шигдээс болон тархины цус харвалтын дуудлагын үед авах арга хэмжээ хязгаарлагдмал байна. Зарим төрлийн зүрхний шигдээсийн үед хэрэглэдэг бүлэн хайлуулах эмчилгээ нэвтрээгүй байгаа нь муу байна. Тархи, зүрхний яаралтай хагалгааг 24 цагийн турш хийдэг төвтэй болмоор байна. Мөн амь аврах хэрэгслээр иж бүрэн тоноглогсон түргэний машин нийслэлийн хэмжээнд  ганц байна. Энэ тоог ядаж 10 болгох хэрэгтэй байна. Бүхэл бүтэн яаралтай тусламжийн төвд нэг ч эхоны аппарат байхгүй, зөөврийн болон суурин рентгэн аппарат байсангүй. Яаралтай тусламжийг бодлогоор дэмжмээр байна. Ажлын нөхцөл хүнд, ачаалал ихтэй ажилладаг учир ажлын нөхцөлийг эргэж харах шаардлагатай байна. С.Ламбаа сайд асан хүчин чармайлтаар нийслэлийн хэмжээнд ганц байсан яаралтай тусламжийн төвийг нэмэгдүүлж, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд байгуулсан нь үр өгөөжөө өгч байна. Харин энхүү ажлыг үргэлжүүлж Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд нэмж байгуулах шаардлагатай. Хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэг бус хоёр ч яаралтай тусламжийн төв байж болно. Нийслэлээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ яаралтай тусламжийн хурдыг нэмэгдүүлж байгаа гэж тус төвийн дарга онцолж байна. Хөгжилтэй орнуудад түргэн тусламж 5-8 минутын дотор очдог, бидэнд тэр төвшинд хүртэл хийх зүйл их байна. Авах ёстой тусламжаа авч чадалгүй олон хүн нас барж байгаа.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж