“100 мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө”

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

“100 мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө”

“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй дэлхийн нийтийг хамарсан яруу найргийн томоохон үйл явдал есдүгээр сарын 29-нд манай гариг даяар өрнөх гэж байна. Дэлхий даяар өрнөсөн энэ хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Мишейл Ротенберг, Терри Карроион нар санаачилсан бөгөөд соёл, яруу найргийн академиас дээрх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриалж байна.

Өнгөрсөн 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр дэлхийн 96 орны 550 хот суурины 700 гаруй газарт яруу найраг унших өдөрлөгийг дэлхий даяар зохион явуулсан юм. “100 Thousand Poets for Change” хэмээх энэхүү үйл явдал нь өдий хүртэл дэлхий даяарыг хамарсан хамгийн том үйл явдал юм.

“Зуун мянган яруу найрагч”, “Зуун мянган хөгжимчид өөрчлөлтийн төлөө” хэмээх хөдөлгөөнд яруу найрагч, зохиолч, хөгжимчид болон бусад урлагийн төлөөлөгчид энэ өдөр шүлэг зохиолоороо өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо өргөнө. Монгол улсад болох энэ үйл ажиллагаанд оролцогч яруу найрагчид, дууны үг зохиогчид, хөгжимчид, уран сайханчид гэх мэт уран бүтээлчид дэлхий дахинтай зохиол бүтээлээ хуваалцах боломжийг энэ өдрүүдэд олгож буй юм.

Ямар өөрчлөлтийн тухай бид ярьж байна бэ?

Яруу найрагч, зохиолч, хөгжимчин, зураач, уран бүтээлчид хэн ч гэсэн уран бүтээлээрээ дамжуулан аливааг өөр өнцгөөс нь харж, өөрийн орон нутагт хийгээд даяар олонд тустай өөрчлөлт хийсээр байдаг билээ. Гэвч сүүлийн жилүүдэд хүмүүс хоорондын харилцаанд хөндий хүйтэн байдал буй болсоор улс үндэстэнүүд санаа бодлоо хуваалцахад төдийгүй хөршүүдтэйгээ ч сэтгэлээ нээлцэхгүй түгжигдмэл байдал газар авчээ.

Иймд бид энэ өдрүүдэд нийгэм, улс төр болон өөрийн оршин буй нутаг орон бүрт өөрчилмөөр зүйлүүдийн тухай илүү нээлттэй ярих хэрэгтэй байна. Дайн самуунгүй энх амгалан, тогтвортой тайван өөрчлөлтийн тухай ярихын хамт улс, орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг хөндөж ярихыг хүсч байна.

Хэтэрхий үгширсэн, догматик сурталч байхыг бид үл хүснэ. Дэлхий нийтийн, хүн төрөлхтөний, улс орныхоо эрх ашгийн төлөө хоцрогдсон бүхнийг өөрчлөхийн төлөө бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Иймд есдүгээр сарын 29 хүртэлх өдрүүдэд Монгол орны хот хөдөө, театр сургууль, албан байгууллагуудад яруу найрагчид, хөгжимчид үгээ хэлж, шүлэг зохиол, хөгжмийн яруу аялгуугаар өөрчлөлтийн төлөө үйл явдлыг өргөнөөр өрнүүлэхийг уриалж байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж