Рок, попынхон дундаа “сахал” Пүүжээ хэмээн хүндлэгддэг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж өчигдөр “UB Palace”-ын концертын их танхимд “Нандин эрдэнэ” анхны бие даасан тоглолтоо хийлээ. Хэдийгээр товлосон цагаасаа цагийн дараа тайзны хөшиг нээгдэн тоглолт эхэлсэн ч үзэгчдид халуун алта ташилтыг харамгүй хайрласан юм. Тайзнаа хөшиг нээгдэн морин хуурчид, Цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээчлдийн хамт дуучин Ганхуяг, Дашдондог нар эх орноо магтан дуулсан юм. Түүний дараа энэ үдшийг эрхэм хүндтэй хүн болох хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийг тайзнаа гарч ирэхэд үзэгчид халуун алга ташилт дунд хүлээн авлаа. Угийн дуу цөөтэй, даруухан тэрбээр тайзнаа байрлуулсан төгөлдөрт хуурын ардаас “Нандин эрдэнэ” тоглолтынхоо салхийг хагалан “Улаанбаатарын үдэш” дууны төгөлдөр хуурын гоцлолоор нээсэн нь хэн хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм. Дэндүү даруухан нь дэндсэн ч эгэл биш авьяастай энэ эрхмийн хийсэн бүтээсэн зүйл нь ямар гайхамшигтай, уярам сайхан, эрч хүчтэйг энэ л үдэш үзэгчид илүүтэй мэдэрсэн юм.
Тэрбээр өөрийн тоглолтдоо үе үеийн залуусын байлдан дагуулсан хит дуунуудаараа хөтлөн үзэгчдийг уярааж, дурсамжаар нь аялуулан цаг хугацааг 30 жилээр залуужууллаа. Хөгжмийн зохиолч Пүрэвдорж өөрийн амьдралын 30 жилийг соёл урлагт зориулсан хэрнээ энэ л оройг хүртэл бие даасан тоглолтоо хийж байгаагүй гэхээр түүнийг ямар эгэл даруу гэдгийг нь харуулж байлаа. Тиймээс энэ л үдэш түүний уран бүтээлээр амьсгалсан нь хамгийн том баяр бөгөөд энэхүү баяраа түүнтэй хамтдаа хуваалцах азтай учрал үзэгчдэд тохиосон юм.
Урлагийн алтан үеийн уран бүтээлч Б.Бадар-Ууган агсны хүү Б.Наранзун анх удаа тайзнаа тоглолт хөтөлөхөөр гарч ирсэн нь олныг гайхршуулсан юм. Тэрбээр урлагт 30 жил зүтгэсэн энэ эгэл хэрнээ эрхэмсэг эрхмийн 30 жил урлагт зүтгэсэн анхны тоглолтыг хөтөлж байгаадаа баяртай байгаагаа хэлсэн. Ийнхүү энэ үдэш өөрийн багш, найз, ахынхаа тоглолтыг үзэгчидтэй холбон маш чадварлагаар хөтөлсөн шүү. Түүнд хөгжмийн зохиолч Пүүжээ тоглолтоо элдэв хачир, чимэглэлгүй энгийн хөтлөх хүндхэн даалгавар буулгасан аж. Гэсэн ч Наранзун түүнийг “Эрхий чинээ биетэй ч энэхэн цээжиндээ эх орон, энэ хорвоог багтааж чадсан авьяастай” хэмээн хамгийн даруухнаар л хэлсэн нь энэ байлаа. Наранзуныг өмнө нь тайзнаа албан ажлынхаа дагуу үг хэлэхийг үзэж байснаас биш бүхэл бүтэн тоглолт хөтлөнө хэмээн зүүдлээ ч үгүй явсан үзэгчдэд гэнтийн бэлэг байлаа. Түүнийг найз нөхөд, урлагийнхан нь аавийнхаа алиа хошин занг өвлөсөн нийтэч хэмээн ярихыг өмнө нь сонсож байсан билээ. Харин энэ л тайзнаа түүний хөнгөн хошигнол, урлагтай дэндүү орой өссөндөө ч тэр үү дуу бүрийн түүхийг он сартай өгүүлэн үзэгчдийн мэддэг хит дуунуудыг улам л амт оруулан хайрлах сэтгэлийг төрүүлж өгсөн.
Тэрбээр тайзнаа
“Засгийн газраас гарч ирж байгаа гишүүн нэг пээдгэр
Захирч зандарч байгаа захирал нэг пээдгэр
Замын голоор алхаж байгаа цагдаа нэг пээдгэр
Захаа босгосон би ч гэсэн жоохон пээдгэр” хэмээн үзэгчдийн хөгжөөгөөд авсан шүү.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Г.Пүрэвдорж анхны уран бүтээлүүдээ хүүхдэд зориулан бүтээж байсан ба одоог хүртэл дуулагдсанаар ирсэн юм. Олон улсын “Найрамдал” төьийн сүлд дуу болон гэгээн өглөөтэй учруулан үдэш бүр оронд нь бүүвэйлэн нойрсуулдаг дууг монголын хүүхэд бүр андахгүй. Тийм ээ, тайзнаа тэнгэрт одот түгэн Монголын хүүхдийн ордоны дуулаачийн дамжааний сурагчид, Хөгжим, бүжгийн коллежийн цохилуур хөгжмийн сурагчид “Тавтай нойрсоорой” дуугаар үдшийг чимлээ. Одод замхран уулын цаанаас наран урган мандлаа. Түүний зохиосон “Шинэ өглөө” дуу үзэгчдийн сэргээсэн. Яг л шинэ өглөөг угтаж байгаа сайхан мэдрэмжийг төрүүлсэн шүү.
“Black and white”-ын дуучин Буянаа буюу Ж.Буянтогтох тайзнаа бяцхан түүх өгүүлсэн. Тэрбээр хөгжмийн зохиолч Пүүжээтэй “Black & White” хамтлагт сүүлийн зургаан жил хамтдаа уран бүтээлээ хийж яваа учраас түүнийг яах гэж байгааг бараг л ярихаас нь өмнө мэддэг болсон тийм л хамтрагч аж. Тэрбээр энэ үдэш тайзнаа Пүүжээ ахынхаа бэлэглэсэн “Сонголт” киноны дууг дуучин Эркатай хамтран дуулсан юм. Сонирхулахад, энэ үдшийг хөтлөгчөөр ажилласан Наранзун хөгжмийн зохиолч Пүүжээгээс “Black and white” хамтлагийн нэрний тухай лавласнаа үзэгчидтэй хуваалцсан юм. Наранзун бодохдоо хар шар хүмүүс хамтлаг байгуулан “Black and white” хэмээн нэрлэжээ гэж бодож байсан ч ташаа байсан гэнэ. Тэр нэрийг төгөлдөр хуурын хар цагаан товчлуураар нэрлэсэн гэнэ.
Хөгжмийн зохиолч Пүүжээ Хөгжим, бүжгийн дунд сургуульд арван жил багшилсаныхаа дараа “Хөх тэнгэр” хэмээх гайхалтай хамтлагийг байгуулж тухайн үедээ соёл, урлаг дуу хуурын ертөнцийг чимэн шинэлэг салхийг сэвэлзүүлэн хувьсгал хийж байсан эрхэм юм. 1992 онд нэгэн сонирхолтой киноны дэлгэцнээ гарсан нь “Агшин” юм. Өнөөдөр бид нарт тэр киноны тухай эргүүлэн бодоход яг ямар үйл явдал болдог, хэн хэн тоглосныг санах хүн ховор ч харин “Агшин” киноны дуу гэхээр хэн хүнгүй андахгүй. Киноноосоо илүү мөнхөрч үлдсэн гайхамшигтай аялгууг хөгжмийн кохиолч Пүрэвдорж зохиосон. Энэ л тайзнаа тухайн үед “Агшин” дууг дуулан бүх охидын зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан дуучин Цогоо гарч ирсэн юм.
“…Насан туршдаа мартаж чадамгүй
Нэг л агшин гэж байдаг юм тийм үү
Найз минь чи наддаа эрхлээч
Найланхай аашаа дэлгэн эрхлээч…” хэмээн эшиглэн үзэгчдийн хайр дурлалд умбууллаа.
Арваад жилийн өмнө “Black and white” хамтлагт хөгжмийн зохиолч Пүүжээгийн урилгаар хамтран дуулж байсан цээл хоолойт түүнийг тайзнаа эргэн харахад сайхан байлаа. Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Д.Жаргалсайханы хүү дуучин Ж.Чингис Америкт хэсэг хугацаанд амьдарч график-дизайнер мэргэжил эзэмшсэн бөгөөд Хөх хотод уран бүтээлээ толилуулдаг байсан бол өдгөө эх орондоо эргэн ирж, уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэрбээр энэ үдэш үзэгчдэд Пүүжээгийн зохиосон “Хайрын уянгатай вальс” хэмээх шинэхэн дуугаар бэлэг барин тайзнаа вальсын аялгуунд бүжигчид охидын хамт бүжлээ.
С.Баярцэцэг ганцхан тэврье
Анхны уран бүтээлийн гараагаа амьд хөгжмийн хамтлагуудтай хийж байсан С.Баярцэцэг “Нандин эрдэнэ” тоглолтын тайзнаа
“…Хайрт минь явмаар байна уу
Ханатлаа чамайгаа, хайрлъя чамайгаа
Ганцхан тэврье түр саатаач…” хэмээн эгшиглэдэг “Ганцхан тэврье” нэртэй гунигт хайрын тухай уянгалаг дуугаар үзэгчдийн мэндчилсэн юм. Түүний хоолойны чадлыг илтгэсэн энэхүү бүтээлийн эзэн бол мэдээж хөгжмийн зохиолч Пүрэвсүрэн.
Хөгжмийн зохиолч Пүрэвдорж арваад жил Хөгжим, бүжгийн коллежид сонсгол, онолын багш хийн өнөөгийн монголын рок попын одуудыг төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эгэлгүй нэгэн эрхэм. Хөгжмийн зохиолч Пүрэвдорж 1980 онд Уралын консерватурыг төгсөж тухайн үедээ манай соёл урлагийн гайхамшигт эрхэм нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа гуайн онцлох нэгэн шавь нь байсан юм. Тэр утгаараа тэр агуу хүнээс сурч авсан эрдэм мэдлэгээ хойч үедээ өвлүүлэх үүргийг сайн биелүүлсэн уран бүтээлч багш хүн хэмээн урлагийнхан түүнийг хүндэтгэдэг юм билээ. Энэ тайзнаа Пүүжээ багшийн нэгдүгээр ангиас нь л гарийг нь хөтлөн урлагт алхуулсан шавь Доржсүрэн нь гарч ирэн түүний “Өглөөний аяз” уран бүтээлийг төгөлдөр хуураар эгшиглүүүлсэн нь үзэгчдийг бишрүүүлсэн шүү.
Удтал тайзнаа хараагүй “Хурд” хамтлаг гарч ирэхэд үзэгчид уухай хадаан халуун алга ташилтаар угтан авсан.
“…Зүрхэнд тодхон нутгаа санасаар ирхэд минь
Зөөлөн сэвшээ салхинд нь агаарын цэцэгс нялхардаг
Бодолд ариусах өвөг дээдсийн газартаа
Буцаад ирэхэд хувь заяа минь үнэнийг гэрэлтүүлнэ
Будан манантай тавилан зургийн орчлонд
Буяны цагаан мөрийг сэтгэлийн чанараар энхрийлнэ ээ…” хэмээн эх орноо магтан дуулсан юм. Үзэгчид “Хурд”-ыг дахиулаахаар тайзнаа ард орон ортол нь алгаа хорстол ташсаар байсан юм.
Дуучин Сэрмаа хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн зохиосон “Удам” киноны дуу “Эрх хонгор сэтгэл” дуугаар эгшиглүүлсэн үзэгчдийн уяраасан юм. Мөн түүнийг дуучин болоход хамгийн анх өгч байсан
“…Би явлаа баяртай
Битгий намайг дуудаарай..” хэмээх дууг хөгжмийн найруулгийг нь шинэчилсэн илүү цоглог хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгосон.
Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн “Black & White” хамтлаг нэгэн онцлогтой. Энэ юу вэ гэвэл тус хамтлаг монголын хамгийн баян хөгжимчидтэй хамтлаг гэнэ. Яагаад гэвэл хамгийн үнэтэй алтан гаанс зууж явдаг эрхэм энэ л хамтлагт байдаг гэнэ. Тухайн үедээ Бадар-Ууган агсан хөгжимчин Болдоог хошигнож монголын хамгийн баян хүн алтан гаанстай явдаг гэж хэлсэн байсан тухай түүний хүү энэ тоглолтын хөтлөгчөөр ажилласан Наранзун үзэгчдэд дуулгасан. Тийм ээ хөгжмийн зохиолч Пүүжээгийн тоглолтыг “Black & White” хамтлаггүй төсөөлөхийн аргагүй. Энэ л тайзнаа “Black & White” хамтлаг, хөгжимчин Болдоогын хамт хөгжмийн зохиолч Пүүжээ гоцлон түүний аязууд эгшиглэлээ. Үзэгчид алгаа хорстол ташсаар л байлаа.
Монголын эмэгтэй дуучдаас өвөрмөц эршүүд хоолойгоороо ялгардаг дуучин Наран энэ тайзнаа сак дуугаар үзэгчидтэй уулзлаа. Тэрбээр 2002 онд хөгжмийн зохиолч Пүүжээгийн урилгаар “River sounds” клубт хамт дуулж байсан бөгөөд түүний “Миний хүсэл” гэдэг цомогт нь хөгжмийн зохиолч Пүүжээ зориулан уг дууг зохиож өгч байжээ. Наран энэ дуугаа олон дуу дуулаагүй ч “сак” дуу гэсэн юм. Харин хөтөлгч Наранзун дуучин Наранг сак дуучин гэлээ.
20 жилийн өмнөх зоогийн газарт Баачкатай саатлаа
“Никитон” хамтлагийн дуучин Бачкаг хөгжим бүжгийн төгсөх ангийн сурагч байхад хөгжмийн зохиолч Пүрэвдорж сургуулиасаа гараад “Соёл Эрдэнэ” хамтлагт ор хэмээн урлагийн замд нь хөтөлсөн түүхтэй аж. Тиймдээ ч тэрбээр энэ үдэш үзэгчдийг 20 жилийн өмнө зохиож байсан “Зоогийн газар” дуунд урин тухлуулж, дурсамж сэргээн аялууллаа.
“Нандин эрдэнэ” дууг урлагийн гурван үе амилууллаа
Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн зохиосон “Нандин эрдэнэ” дуу одоо ч хит болон эгшиглэж үе үеийн залуусыг байлдан дагуулсааар байгаа билээ. Тэрхүү дуугаараа нэрлэсэн түүний анхны бие даасан тоглолт дээр рок, попын гурван үеийн төлөөлөл “Нандин эрдэнэ” дууг эгшиглүүллээ. "Universe best songs" наадмын шилдэг оролцогч Идэржавхлан, Солонго нар залуу үеийг, дуучин Сэрчмаа, “Камертон” хамтлагийн дээчин Мээдээ дунд үеийг, дуучинм Ганхуяг, Ч.Насантогтох нар ахмад үеийг төлөөлөн дуулж үзэгчдийг байлдан дагууллаа.
Сараа “Мартъя”
Зууны манлай эстрадын дуучин Сараагийн “Мартъя” хэмээх гайхалтай дуу мөн л энэ үдшийн цэнгүүний эзний уран бүтээл юм. Тайзнаа Сараа хөнгөн гуниг тээн “…мартья чамайгаа мартъя
маргаашийн чинь төлөө өнөөдөр мартъя…” хэмээн дуулан хуучны сайхан хитүүд ар араасаа хөвөрсөөр…
“Нандин эрдэнэ” тоглолтын тайзнаа “Харанга” хамтлагийн дуучин Лхагваа уран бүтээлээ хүргэхээр зэхээд байсан ч гадаадад хийх тоглолт нь давхцсан учраас хараахан өөрийн биеэр ирж чадаагүй аж. Гэхдээ түүнийг энэ тоглолтолд огт оролцоогүй гэж хэлж болохгүй. Учир нь тэрбээр хөгжмийн зохиолч Пүүжээг хүндэтгэн “Сонголт” киноны дууг хүргэхээр зэхсэн байсан учир тоглолтыг зохион байгуулсан “On&Off” продакшн нэгэн өвөрмөц шийдлээр үэзгчдэд бэлэг барилаа. Тайзнаа арын дэлгэц дээр “Харанга”-ын Лхагваа өндөр сандал дээр дуулан наана нь хөгжимчид тоглон үзэгчидтэй мэндчилсэн. Тэд хэзээ Лхагваа тайзнаа гарч ирэх бол оо хэмээн хүлээсээр байсан ч уг дууны дараа хөтлөгч Наранзун тайлбар хийснээр алга ташилт танхим дүүрэн нижигнэсэн. Гоё шийдэл байлаа.
Поп дива Ариунаа мөн л энэ үдшийг хүндтэй зочдын нэг байлаа. Тайзнаа ховорхон гарах болсон түүнийг
“…Зөвхөн тэр хайрандаа үнэнч үлдэхийн төлөө
Зөнгөөрөө өөртөө ч би үрэлгэн хандсан
Хайрт минь энэ миний буруу юу
Харалган явсан чиний буруу юу…” хэмээн дуулсан юм.
Тийм ээ урлагтаа үнэнч хэн бүхнийг урин залсан энэ үдшийн зочид 30 жил зүтгэсэн энгүй авьяаслаг түүний уран бүтээлийг эгшиглүүлэн үзэгчдийг байлдан дагуулсан юм. Энэ л танхимд хөгжмийн зохиолч Пүүжээгийн уянгалал, цоглог хэмнэл, эрч хүчийг мэдэрсэн үзэгчдийн атмосфер халуухан байсан шүү. Гавьяатгүй гавьяатны 30 жилийн дараах тэсрэлт одоо ч чихнээ дуулдсаар…