Явган зорчигчдод алхах зам үлдээе

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Явган зорчигчдод алхах зам үлдээе

Манай улсын газар нутгийн хэмжээг хүн амынхаа тоотой харьцуулахад хамаагүй их хэмээн гадныхан дуу алдах нь олонтаа. Манайхан ч их бахархдаг. Хүн ам цөөн, газар нутаг их хэмээн цээжээ дэлдэх монголчуудын алхах газар харин өдөр ирэх тусам багасч, хорогдоод байгааг гаднынхан сонсвол гайхаш тасрах биз. Учир нь хэдийгээр өргөн уудам нутагтай ч хүн амын дийлэнх нь нийслэлдээ суурьшсан манайх шиг хотод гагцхүү явган зорчигчдод алхах газар олдохгүй болох янзтай.

Сайд, дарга нар нь их бүтээн байгуулалтын жил хэмээн зарлаж, барилга байшин шинээр барьж автозамын шинэчлэлийг жил бүр хийдэг. Гэхдээ энэ бүхэн учир дутагдалтай.

Учир нь хаа нэг тохиолдох явган хүний замаа хуу татан шинэ барилга сүндэрлүүлэх, байшингаа зам руу тулган өргөсгөх явдлаас үүдэн нийслэлийн явган зорчигчдод алхах зам үлдэхгүй болох нь тодорхой боллоо. Бүр сүүлдээ орон сууцны нэгдүгээр давхрыг урагш нь өргөсгөн зам руу тулган барьж хоолны газар, хүнсний дэлгүүр, үсчин, массажны газар барих явдал гудамжаар нэг харагдана. Уг нь нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил явган хүний замыг чөлөөлөх арга хэмжээ авч, 215 объектийг буулгаж, явган хүний замгүй газарт шинээр зам тавих зэрэг ажилд 150 сая төгрөг зарцуулсан гэдэг. Харамсалтай нь, хувийн эзэмшлийн машин угаалгын газруудыг яаж ч чадаагүй. Тэдгээр газрууд нь явган зорчигчдын замыг эзлэн, эвдсээр байгаа нь бодит үнэн. Гэхдээ энэ удаа эл асуудлыг түр хойш тавья.

Өмнөх жилүүдийг бодвол нийслэлийн хэмжээнд засвар шинэчлэл хийж, автозам барихдаа явган хүний замыг цогцоор нь шийдвэрлэдэг болсон ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчийн үлгэрээс бас л холдсонгүй ээ. Жил бүрийн зун автозам болон дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил ид өрнөдөг билээ. Энэ жил ч өмнөхийг бодвол хуваарийн дагуу хугацаандаа, гэхдээ бага зэргийн цаг алдалттайгаар засвар хийж байгаа хэмээн албаныхан мэдээлсэн.

Гэтэл дулааны шугам сүлжээний их засвар хийх нэрээр давчуухан зайнд явган хүнд зориулж хийсэн зам дээгүүр овоолсон шороо асгасан байх юм. Өнгөрсөн зуны хувьд явган зорчигчдын хамгийн их эрсдэлтэй, явахад хүндрэлтэй замын тоонд Хүнсний 4-р дэлгүүрийн баруун уулзвар орж байлаа. Шугам засварын ажил үргэлжлээд замын шинэчлэл хийгдэх үеэр явган зорчигчид автомашины замаар алхахаас өөр арга үлдээгүй.

Үүнээс гадна Хүнсний 1-р дэлгүүрийн автобусны буудлын ойр орчмоор явган хүн алхах нь бүү хэл автобус хүлээж зогсоход ч хүндрэлтэй. Цаашлаад 11 дүгээр хорооллын дундах, тодруулбал “Номин хайпермаркет”-ын урд талын замыг ухан шороог нь явган хүний зам дээр асгаснаас иргэд автозамаар алхахаас өөр аргагүй болжээ. Ийн явахдаа машинд дайруулчих шахаж, жолооч нарыг бухимдуулна. Үүнээс болж явган зорчигч, жолооч нарын хооронд маргаан гарч, нударга зөрүүлэх нь энүүхэнд. Зарим шаралхуу жолооч машинаа замын голд зогсоогоод явган зорчигчтой барилцаад авна.

Дээр дурьдсан газар бол ердөө л хотын төвд, нүдэн дээр ил харагдаж байгаа жишээ бөгөөд цаашлаад нийслэлийн захаар ч ийм байдал бишгүйдээ бий. Нэгэнт хүн болгон, айл бүр хөл дүүжлэх унааг авч дийлэхгүйгээс хойш явган хүнд алхах замыг нь ч болтугай үлдээмээрсэн. Эс тэгж гэмээнэ Улаанбаатарын гудамжинд автозам, эсвэл явган хүний зам ч бус “авто явган зам” гээч шинэ нэр томъёо үүсэх гээд байх шиг байна.

Б.ЗОЛЗАЯА

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж