-Эмэгтэйчүүдийн ихэнх нь “За яг ирэх долоо хоногоос л шинэ амьдралаа эхэлж, өөрөөр амьдарна аа!” гэж өөртөө андгайлдаг ч үнэндээ юуг ч өөрчлөлгүй, урсгалаараа л явсаар байдаг. Харин та үргэлж шинэ байж, өдөр бүр бэлтгэл дасгал хийж, биеэ сайхан авч явж чадах юм аа…
-Би залхуурч, залхаж хэвтдэггүй зантай. Би үргэлж л бэлтгэл дасгал хийж, бүжгээр хичээллэж, булчингаа ажиллуулах дуртай байсан. Аятайхан тохижуулсан фитнесс клубт гоё ая дор бүжиглэх, дасгал хийх таашаал авчирдаг.
-Та бие галбираа сайхан байлгахын тулд хоолны дэглэм барьдаг уу?
-Хоолны дэглэм би огт барьдаггүй. Бусдад ч гэсэн үүнийг зөвлөе. Сайн хооллож байх хэрэгтэй. Миний хувьд өдөрт бага багаар олон удаа хооллодог. Жимс, хүнсний ногоо, загас, кааш, мөхөөлдөс гээд би бүхнийг л иддэг. Өлсөж л болохгүй гэж би боддог.
-Гэтэл дэлхийн өнцөг булан бүрт охид гоолиг сайхан харагдахын тулд хоолоо сойж, өлсөж суугаа. Та ч гэсэн охинтой хүн болохоор ийм асуудалтай тулгарч байна уу?
-Энэ бол үнэхээр дэлхий нийтийг хамарчихсан эмгэнэлтэй асуудал. Өсвөр насны охид, бүсгүйчүүд зориудаар хоол идэлгүй өөрийгөө зовоож, эрүүл мэндээрээ хохирч, зарим нь бүр амиа хүртэл алдаж байна. Эцэг эх нь хүртэл тэдний энэ явцуу үзлийг зогсоож чадахгүйд хүрчихэж. Миний охин Лурдес мөдхөн 16 нас хүрнэ. Одоогоор турах, турьхан байх хүсэл түүнд төрөөгүй яваа нь сайн хэрэг. Ирээдүйд гэхдээ бид хоёр энэ талаар ярилцах байх. Харин турахын тулд хоолоо сойж буй охидод “Та нар ингэснээр өөрийнхөө бие организмыг л хуурч, хорлож байгаа. Үүний чинь хариуг бие эрхтэн чинь эргээд авах л болно шүү” гэж хэлье.
-Та амьдралынхаа ачааг зөвхөн өөрөө л үүрдэг гэж хэлсэн байна билээ. Та хамтдаа амьдарч буй хүмүүстэй бүрэн итгэж, найддаггүй гэж дүгнэж болох уу?
-Огт тийм биш ээ. Би тэдэндээ бүрэн итгэж, найддаг. Зүгээр л би өөрөө бүхнийг хийгээд сурчихсан хүн байхгүй юу. Надаас өөр хүн миний хийх ажлыг илүү дээр хийчихнэ гэж би бодож чаддаггүй. Бүхнийг ганцаараа хийх амаргүй. Гэхдээ үр дүнд нь би их сэтгэл хангалуун явдаг.
-Та олон ярилцлагадаа өөрийгөө “Өрх толгойлсон эх” гэж тодорхойлсон байдаг. Энэ үгс нэг л гунигтай сонсогдоод байдаг юм…
-Үнэхээр би өрх толгойлсон эх шүү дээ / инээв/. Би дөрвөн хүүхэдтэй. Тэднийг зөв хүмүүжүүлж, ирээдүйг нь гэрэлтэй байлгахыг хичээдэг. Хүүхдүүдэд эх нь алдартай хүн байх тийм чухал биш. Харин эхийнхээ халамж, хайрыг тэд үргэлж санаж, дурсаж явах болно. Алдар нэр, хөрөнгө мөнгө хайр халамжийн хаана нь ч хүрэхгүй шүү дээ.
-Таны мөрөөдлүүдийн ихэнх нь биелсэн болов уу. Одоо ямар мөрөөдөл үлдсэн бэ?
-Би өнөөдрөөрөө амьдраад сурчихсан. Надад өгсөн, оноосон бүхэнд би бурханд талархаж явдаг. Хүүхдүүд минь эрүүл, аз жаргалтай өсч торниж, тэдний мөрөөдөл бас биелээсэй гэж би хүсдэг. Мөн хүмүүс нэг нэгнээ хайрлаж, ойлгож, бас уучилж сураасай гэж хүсдэг дээ.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин