Токто арал аль улсын эзэмшил нутаг вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Токто арал аль улсын эзэмшил нутаг вэ?

Энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг Солонгос улсын эзэмшлийн Токто аралд (өнчин ганц арал) айлчлал хийснээс хойш Япон Солонгосын харилцаанд таагүй уур амьсгал үүсээд байна.

XX зууны зарим түүхээс харвал Токто арал нь Японы эзлэн түрэмгийлэгчид Солонгосын хойг руу халдан довтлох үед хамгийн анх дайралтанд өртсөн Солонгосын газар нутаг ажээ. 1877 онд Японы төрийн дээд байгуулага нь нэгэн албан бичигтээ "Үллин болон Токто арлууд нь Япон улсын газар нутагт хамааралгүй" хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Токто арал бол Солонгос улсын газар нутаг мөн гэдгийг тухайн үедээ Япон улс өөрсдөө хүлээн зөвшөөрч байсныг харуулж байгаа аж.

Дэлхийн эрдэмтэн судлаачид Япон нь олон улсыг колончилж байсныхаа төлөө албан ёсны уучлалт хүсээгүйн хамгийн том асуудал нь Токто арлын эзэмшигчийн маргаан хэмээн үздэг. 1904 оны хоёрдугаар cap, Японы эх газрыг эзлэн түрэмгийлэх дайны хамгийн хүчтэй нь болох Оросын армитай байлдахын тулд Солонгосын талд хэлэлцээр хийхийг шаардаж улмаар Солонгосын хойгийг цэрэг армийн бааз болгожээ.

Зүүн тэнгист Оросын усан флотынхонтой хийсэн байлдаанд их хэмжээний хохирол амссан Японы засгийн газар Токто арлын стратегийн ач холбогдлыг ойлгож, ГХЯ-ны төрийн асуудал хариуцсан Ямажа Энчиру "Яг энэ цаг мөчид Токто арлын эзэмшлийн эрхийг шилжүүлэх ажлыг яаравчлах, түүнчлэн Токто арал дээр цамхаг босгож харуулын цэргүүдээр хянуулах хэрэгтэй" хэмээн уг арлын эзэмших эрхийг шилжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулсан байдаг нь түүхэнд үлджээ.

Ийн Оросын армитай хийх дайны ажиллагаандаа ашиглах зорилгоор 1905 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Шиманэ аймгаас Токто арлыг шилжүүлэх шийдвэр гаргажээ. Харин хожим 1945 оны тусгаар тогтнолын дараа 1948 оны долдугаар сард баталсан үндсэн хуулинд "Солонгосын газар нутаг нь Солонгосын хойг болон тойрон байгаа жижиг арлуудаас тогтоно"" хэмээн Токто арлыг Солонгосын газар нутаг болохыг үндсэн хуулиараа баталсан. 1952 онд далайн эрэг хавийн арлуудын эзэмшлийн талаарх ерөнхийлөгчийн "Энх тайвны бүсийн мэдэгдэл"-д Токто арлын эзэмшигч улс нь Солонгос гэдгийг дахин баталсан гэнэ.

1954 оноос эхлэн тус арал дээр цагдаагийн анги байрлаж хяналт тогтоон ажиллаж байгаа юм байна. Харин 1965 оноос солонгосчууд амьдарч эхэлснээр өдгөө загасны аж ахуй эрхэлдэг 2600 гаруй оршин суугчид энэхүү газарт хаяглагдан байх болжээ. Японы тал Токто аралд "өөрийн эзэмшлийн газар" хэмээсээр байгаа нь БНСУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэж өнгөрсөн түүхийг давтах гэсэн хууль бус үйлдэл хэмээн ойлгогдож байгаа талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугисаар байна.

Япон Солонгосын энэхүү үл ойлголцол нь Зүүн хойд Азийн улс төрийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй тул дэлхий нийт Токто арлын эзэмшлийн талаарх маргаан болон түүхийн өнгөрсөн асуудлыг энх тайван замаар шийдэх арга замыг эрэлхийлэх ёстой хэмээн үзэж байна.

Б.НЭРГҮЙ

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж