сурагчдын дундах даамын “ЕБС-ийн цом 2012” багийн УАШТ “Хос мастер”
шатрын клубын байранд өчигдөр (09.21) эхэллээ. Тус тэмцээнийг Монголын
даамын холбоо, “Дацан Трейд” ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд
10-16 насны (эрэгтэй 3, эмэгтэй 3) сурагчид баг болон өөрийн сургуулиа
төлөөлөн оролцож байна. Тэмцээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх,
Сүхбаатар, Сонгинохайрхан болон Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Хэнтий
аймаг зэрэг 17 байгууллагын 102 өсвөрийн шилдэг даамчид оролцож байна.
Тэмцээний аваргууд маргааш (09.23) тодрох бөгөөд тэмцээний үеэр Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Юуны өмнө та тус тэмцээний талаар?
-Урьд
нь ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд хувийн буюу
ганцаарчилсан төрлөөр явагддаг байсан. Энэ жилээс ерөнхий боловсролын
дунд сургуулиудад бүрэн утгаар нь хамруулья гэсэн үүднээс сурагчдын
багийн УАШТ хэлбэрээр зохион байгуулж байна. Нэг сургуулиас оролцож
байгаа багт зургаан сурагч хамрагдах бөгөөд тэд хасагдах бус швейцарь
системээр (зиндаачлах) тоглож аваргуудаа тодруулах юм.
-Тэмцээнд оролцож байгаа баг тамирчдаас хамгийн хол нь хаанаас ирэв?
-Улаанбаатар
хотын зургаан дүүрэг болон орон нутгаас Өмнөговь, Дорноговь, Хэнтий
зэрэг аймгаас ирсэн. Хамгийн холоос ирсэн баг тамирчид бол Хөвсгөлийн
Рашаант сумын сургуулийн сурагчид оролцож байна.
-Дараа жилийг олон улсын хэмжээнд явуулах бодолтой байна гэсэн.
-Тиймээ.
Энэ жил бид багийн хэмжээнд зохион байгуулж байна. Гэтэл одоо олон
улсын даамын холбоо болон бусад гадаадын холбоодуудад тэмцээний талаар
хүргэхэд тэдний зүгээс оролцох санал тавьсан. Тиймээс бид энэхүү
тэмцээнээ ирэх жил “Монгол улсын нээлттэй тэмцээн” хэлбэрээр зохион
байгуулах гэж байна. Одоогоор Голландын сургууль, ОХУ-ын Саха, Якуткс
болон Өвөрмонголын дунд сургуулийн баг тамирчид ирж оролцох сонирхолтой
байгаагаа илэрхийлж байна. Тиймээс бид ирэх жилийн тэмцээнийг олон улсын
хэмжээнд зохион байгуулах хүсэлтэй байна.
-Даамын спортын хөгжлийн талаар?
-Даамын
спорт Европ талд өндөр хөгжсөн ч Азийн тоглогчдын хөгжил сүүлийн
жилүүдэд ахицтай явна. Өнөөдөр манай тэмцээн дээр Хятадын анхны шигшээ
багийн дасгалжуулагч ирж тэмцээнийг сонирхлоо. Хэдийгээр тэр хүн одоо
өөр салбарт ажиллаж байгаач монголын өсвөрийн даамчдын хөгжлийг их үнэлж
байна. Мөн Хятадад даамын спортоор 50 сая хүн хичээллэж байгааг онцолж
байсан.
-Францад болсон "Оюуны спортын II наадaм"-аас хүрэл медаль хүртлээ. Энэхүү амжилтынхаа талаараа?
-Олон
улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн “Дэлхийн оюуны спортын
наадам”-д бриж шатар, даам, го даам, 100 буудалт даам гэсэн үндсэн
дөрвөн төрөл багтдаг. Энэхүү наадмыг зуны олимп болсон газар зохион
байгуулдаг учир анхдугаар наадам Бээжинд болсон. Бээжингийн анхдугаар
наадамд 131 орон оролцсон бөгөөд манай улсын хувьд бүтэн багаараа
оролцсон ч хараахан медаль авч чадаагүй байсан. Энэ удаагийн наадам
Лондонд болох байсан ч Францад болсон учир бид зөвхөн 100 буудалт даамын
төрөлд оролцлоо. Олон улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн
учир ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге Францад хүрэлцэн ирж нээлтийг хийж
байсан. Францын тэмцээнд нийт 112 орны 2300 орчим тамирчид шатар, даам, бриж, го даамын төрлөөр оролцсон
бөгөөд 25 улс ямар нэгэн медаль хүртсэнээс манай улс 20-р байр эзэлсэн.
Тэмцээний сүүлийн өдөр манай улсын эмэгтэй багийн тамирчид түргэн
тоглолтын багийн тэмцээнд спортын мастер Э.Мандахнаран, спортын мастер
Б.Нандинцэцэг нар амжилттай тоглож хүрэл медаль хүртэж, оюуны олимпийн
наадмын анхны медалийг эх орондоо авчирсан. Мөн эрэгтэй баг тамирчид хоёр төрөлдөө тавдугаар, зургадугаар байр эзэлж, ОУХМ Д.Эрдэнэбилэг Азийн шилдэг тоглогчоор
дахин шалгарч ирэх арванхоёрдугаар сард Бээжинд болох тэмцээнд оролцох
эрхээ авлаа.
-Та нар цаашид ямар тэмцээнд оролцох вэ?
-Монголд
бол ирэх аравдугаар сарын 19-21-ны хооронд түргэн тоглолтын УАШТ-ны
финалын тэмцээн болно. Мөн Ж.Нямдоржийн нэрэмжит ахмад даамчдын УАШТ
аравдугаар сард зохион байгуулагдана. Малайзад өсвөр, насанд хүрэгчдийн
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сард болох бөгөөд
энэхүү тэмцээнд бүтэн багаараа оролцоно. Эмэгтэй даамдын маань амжилт их
өндөр болж ирлээ. Энэ ч утгаараа 2013 оны эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг
улсдаа зохион байгуулах талаар олон улсын даамын холбоонд саналаа
хүргүүлээд байгаа.