”Театрт л ажиллаж байвал гээд үйлчлэгч хийж байлаа”

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

”Театрт л ажиллаж байвал гээд үйлчлэгч хийж байлаа”

УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Ж.Оюундарьтай уран бүтээл болоод бусад асуудлаар ярилцлаа.

-“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчидтэй хамтран хийж байгаа одоогийн уран бүтээлийн тань талаар яриагаа эхэлье?

-“Мөрөөдлийн театр”-ын хамт олонтойгоо хоёр дахь удаа хамтарч ажиллах болсондоо баяртай байна. “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй шоу драмд хамтарч ажиллахаар болсон. Нэг бодлын хүнийг инээлгэж, нөгөө талаар аливааг бодуулахуйц жүжиг маань өнөөдөр /өчигдөр/ нээлтээ хийж байна. Ойрдоо энэ жүжгээ үзэгчиддээ хүргэхээр бэлтгэлээ өдөр шөнөгүй хийлээ. Сурталчилгаандаа дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа “Ганнам стайл” дууг ашигласан. Тоглолтдоо ч гэсэн ямар нэг байдлаар холбогдуулсан байгаа.

-Та “Ганнам стайл” дууны клипийг анх хэзээ үзсэн бэ?

-Энэ зун л анх удаа сонссон. Эхлээд клипийг нь үзээгүй байсан. Их хөөрхөн дуу шиг санагддсан. Дэлхий нийт, ялангуяа Холливудын одод хүртэл энэ дуунд их дуртай байгаа юм билээ. Манайхан өчигдөр энэ дуу дэлхий нийтэд таалагдаад байгаагийн учир юу вэ гээд  хоорондоо ярьж л суулаа.

-Тэгээд ямар дүгнэлтэд хүрэв?

-Гол нь энэ бүжгийг бага наснаас эхлээд хөгшид хүртэл хийж чадахуйц эвтэйхэн, тэгээд дуу нь өөрөө сонирхолтой учраас хүмүүст хүрсэн гэж дүгнэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч хүртэл бүжиглэж гарч ирээд байгаа биз дээ.

-Таны хувьд зунжин хөдөө, орон нутгаар явсан сурагтай байсан. Ямар уран бүтээл дээр ажиллав?

-Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Ану хатан” киноны зураг авалт эхэлсэн. Зураг авалт зунжин үргэлжиллээ. Үүний хажуугаар жүжигчин Алтансүх, манайхны нэрлэдгээр Асигийн хийж буй уран бүтээлчийн тухай кинонд ажилласан. Бас жилийн өмнө нэг киноны дүр авсан, түүнийхээ дутуу хэсгийг өнгөрсөн зун дуусгалаа. Хажуугаар нь ижий аав хоёрынхоо нутаг Ховд аймагт очиж, амарч зуныг өнгөрүүллээ дээ. Мөн одоогоор манай театрынхан хөдөө, орон нутгаар аялан тоглолтоо хийхээр эхэлчихээд явж байна.

-Тэгвэл та  энэ зун гэхэд бараг гурван уран бүтээл дээр ажиллаж, тус бүрт нь дүрээ амилуулаад амжсан юм байна. Ямар ямар дүр бүтээв?

-Янз янзын л дүр байлаа. Сайхан ижий, үзмэрч, уран бүтээлчийн дүрийг гаргалаа. Оролцсон бүтээл бүртээ зүрх сэтгэлээ шингээж тоглосон учраас бүгд маш сайхан санагдсан. Болж өгвөл сайхан дүр бүтээчих юмсан гэж бодсоор л хийлээ. Үзэгчид маань үүнийг дүгнэх болов уу даа.

-Нэг дор ийм олон дүр дээр ажиллахаар хооронд нь хольж солихоос эхлээд асуудал тулгарах уу?

-Үгүй үгүй. Бүх дүрээ маш сайн судалж, энэ дүр дээр ингэнэ гээд боддог учраас холих явдал огт гарахгүй.

-Таны анхны уран бүтээл “Аянгын бороо”, “Худалч эхнэр” жүжиг байсан. Энэ жүжгүүдэд тоглох болсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Намайг сургууль төгсөх үед Армийн театр ид цэцэглэж байсан үе л дээ. Намайг сургуулиа төгсөх үед манай ангийнхан циркт ажилласан юм. Дараа нь Армийн театрт очсон. Тэр үед Б.Тунгалаг, Г.Равдан, Л.Гантөмөр, Ч.Найдандорж найруулагч, н.Сүххүү гээд алтан үеийн алдартнууд ажиллаж байлаа. Тэнд орж ажилласан нь миний хувьд асар том хувь заяа. Театрт анх ороод хоёр дүр надад оногдсон. Английн жүжгийн зохиол “Худалч эхнэр”, Хятадын “Аянгын бороо” гэсэн хоёр жүжиг байсан. “Аянгын бороо” жүжгийн хувьд Стыфанигийн дүрд “Гарын таван хуруу” кинонд тоглодог талийгаач Я.Оюунцэцэг эгчийн оронд тоглохоор болоод богино хугацаанд бэлтгээд гарсан. Ямар ч байсан найруулагч маань сайн болсон гэж байсан. Тэр хүний бүтээлийг доош нь хийлгүй ямартай ч тоглосон доо.

-Театрт анх үйлчилгээний ажилтнаар орж байсан гэж сонссон. Яг юу хийдэг байсан юм бэ?

-Анх жүжигчин болно гэж яг таг шийдээд театрт очсон юм. Тэгсэн орон тоо байхгүй. Яах вэ, үнэхээр ажиллах гээд байгаа бол үйлчилгээний ажил байна гэсэн л дээ. Би ч “Хамаагүй хамаагүй, театрт л орж байвал юу ч хамаагүй хийнэ” гээд орж байлаа. Тэгээд ямар ч байсан үйлчилгээний ажилд орсон. Гэхдээ арай ч шал угаахгүй. Билет тасалж, үзэгчдийг суудалд нь суулгадаг ажил хийж байсан. Тэр үед театрт дор хаяж гурван жил ажиллаж байж сургуульд нь ордог байсан юм. Дараа нь сургуульд орсон. Театрын урлаг үүднээсээ эхэлдэг гэж ярьдаг. Үүний дагуу л миний уран бүтээлийн амьдрал эхэлсэн.

-Жүжигчид амьдрал дээр хүний сэтгэл санааг үргэлж ажиглан дүр хайж явдаг гэдэг. Таны хувьд амьдрал дээрээс сонирхолтой дүрүүдийг хэр ажигладаг вэ?

-Тийм шүү. Ер нь жүжигчид нийгэм дээрх хүмүүсийн дүрийг төлөөлөл болгон гаргаж ирдэг. Би ч гэсэн амьдрал дээр ямар нэг онцлог шинж чанартай хүмүүсийг тогтоогоод  л явдаг. Нэг дүр авлаа гэхэд миний эргэн тойронд ийм зантай хэн байдаг билээ, гадаадын аль жүжигчин үүнтэй адил дүр бүтээсэн, ном зохиолын баатруудаас хэн байх вэ гэж бодож гаргадаг.

-Хэдийгээр та олон жил жүжигчний мэргэжлээр ажиллаж байгаа хэдий ч дотроо үргэлж боддог, жүжиг дээрээ нэг л гаргаж чаддаггүй тийм нэгэн дүр байдаг уу?

-Миний хувьд олон жил ажиллалаа. Олон ч дүр бүтээсэн. Өмнө нь эсрэг дүрд тоглох юмсан гэж боддог байсан бол одооноос тэр дүрээ гаргаж эхэлж байна. Жүжигчин хүн учраас ханана гэж байхгүй. Юунд л бол юунд тогломоор санагддаг. Жишээ нь, би Гамлетын дүрд тогломоор санагддаг. Гэхдээ би эмэгтэй учраас хэзээ ч чадахгүй. Жүжигчин байлаа гээд хүссэн бүхэндээ тоглож чаддаггүй, дотроо хүсээд л явдаг.

-“МУГЖ Ж.Оюундарь” гэдэг нэрэндээ одоо дасаа биз?

-Дасах гэхээсээ илүү хариуцлагыг улам ухамсарлаж байна. Төр улсынхаа нэрээр  дуудуулна гэдэг асар том хариуцлага. Өмнө нь би ижий, ааваараа дуудуулдаг байсан бол үүн дээр нэмэгдээд төр улсаараа тодотгуулах маш сайхан. Төрийн ордонд орж, цол тэмдгээ авсны дараа тоглолттой байсан. Тоглолтын төгсгөлд “Манай Оюундарь МУГЖ болсон” гэж зарлахад үнэхээр сайхан байж билээ. Үзэгчид хүртэл бүгд алга ташиж, баяр хүргээд үнэхээр гоё байсан.

-Алга ташилтын үнэ цэнийг та юу гэж тодорхойлох вэ?

-Үнэхээр гайхалтай. Үгээр илэрхийлэхийн аргагүй. Чин сэтгэл, үнэнээсээ алга таших огт өөр байдаг.

-Гавьяат цолоо хамт олонтойгоо нижгэр тэмдэглэсэн гэж сонссон?

-Гэр бүл, хамт олны хүрээнд их л сайхан тэмдэглэсэн. Ер нь цол тэмдгийг хамт олонтойгоо тэмдэглэх шиг сайхан юм байдаггүй байх. Үнэхээр сайхан санагдсан шүү. МУГЖ цол авлаа гэхэд хүн болгон баяр хүргээд, утас хүртэл ачаалал ихтэй байсан. Бүр хэдэн сарын дараа зарим хүмүүс залгаад “Чиний утас руу залгаад ерөөсөө болохгүй юм, дандаа яриад байсан” гэж байсан шүү. Энд тэнд алхаж байхад “Танихгүй ч гэсэн баяр хүргэе, миний хүү” гээд их сайхан, сэтгэлийн дэм өгдөг юм билээ.

-Одоо шинээр гарч ирж байгаа жүжигчдэд өмнөх үеэс илүү асар өндөр шалгуур тавьдаг болсон юм шиг санагддаг. Ингэснээрээ өмнөх үеэс хамаагүй илүү жүжигчид гарч ирэх боломж нээгдэж байх шиг?

-Үнэхээр яалт ч үгүй одоогийн жүжигчдэд асар өндөр шаардлага тавигддаг болсон байна. Өмнө нь жүжигчин  хүн бүжиглэдэг, дуулдаг байх ёстой гэдэг байсан. Одоо бол зүгээр ч нэг бүжиглэдэг биш мэргэжлийн байх шаардлагатай гэж шалгуур тавьдаг болсон. Энэ утгаараа сайжирна. Ингэснээрээ урлаг улам сайн хөгжиж байна. Гэхдээ өмнө ч гэсэн шалгуур тавигддаг л байсан. Өмнөх үеийнхэн ч гэсэн сайн.

-Залуу хүүхдүүд жүжигчин болчихвол амархан олонд танигдаж, шагнал хүртэнэ гэдэг үүднээс сонгоод байдаг гэж шүүмжилдэг юм билээ?

-Жүжигчин болно гэдгийг амархан, цол тэмдэг авна, олны танил болно гэдэг үүднээс хандан сонгож болохгүй л дээ. Тэр ажлынхаа амтанд дурлаж, чин сэтгэлээсээ хандаж дуртай хийх хэрэгтэй. Түүнээс биш цол тэмдгийн төлөө ажиллаж, олны танил болохын тулд зүтгэвэл уналт нь амархан. Ганцхан удаа реклам сурталчилгаагаар гарсан хүн доошоо унах нь хурдан шүү дээ. Харин өөдөө мацаж гарсан хүн удаан оршин тогтнох болно. Жүжигчин болох гэж буй хүүхдүүддээ хэлэхэд хамгийн гол нь амтыг нь мэдэрч ажиллаарай. Тоо физик шиг тусгай теором, бодох арга гэж байдаггүй учраас хамгийн гол нь мэдрэмж, чармайлт хэрэгтэй. Хийж байгаа зүйлээ сайн гүйцэтгээд байвал амжилт дороо л ирнэ.

-Тэгвэл танд залуу жүжигчдээс ирээдүйтэй гэж үнэлэгддэг хүн бий юу?

-Хүндэлж хайрладаг жүжигчид бий. Жишээлбэл, С.Болд-Эрдэнэ гайхамшигтай жүжигчин. Энэ хэвээр явбал маш ихийг хийнэ. Мөн Г.Эрдэнэбилэг, Г.Алтаншагай гээд залуу жүжигчдийг үнэлдэг. Цаашлаад том том жүжигчдийг надаар хэлүүлэлтгүй хүн бүр хүндэлдэг шүү дээ.

Б.ЗОЛЗАЯА

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж