-Хөдөө орон нутагт булш, бунхныг толгой дараалан ухаж, тонох болжээ гэсэн мэдээлэл хэдэн жилийн өмнө гарч байсан. Сүүлийн үед энэ байдал хавтгайрсан тухай ярьж, бичих боллоо. Судлаачийн хувьд та юу хэлэх вэ?
-Монгол орон 1990 онд зах зээлд шилжин орсноос хойш олон үл бүтэх шинэ зүйл бий болсон. Түүний нэг нь булш, бунхныг тонож, ашиг олох явдал газар авсан гэж болно. Манай судлаач, археологичид зун болгон шинжилгээний ажлаар явж судалгаа хийдгийн хувьд үүнийг олж мэдэж, Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох яам, тамгын газарт хандаж ирсэн. Холбогдох газрууд бидний мэдээллийн дагуу нөхцөл байдлыг мэдэж байсан боловч тууштай арга хэмжээ авах талаар хангалттай ажиллахгүй байсаар өнөө хүрч байна. 2000 оны үеэс булш ухаж тонох ажиллагаа улам өргөн цар хүрээг хамрах болсон. Өнөөдөр хөдөө орон нутгаар явах бүрт ажиглагдаж байна. Энэ нь олон учир шалтгаантай байж болзошгүй. Нэг хэсэг орлогогүй хүмүүс, хөдөөгийн оршин суугчид нутаг орныхоо, өөрсдийнхөө мэддэг хөшөө, дурсгалуудыг ухаж төнхдөг. Нөгөө хэсэг нь асар их мөнгө, төгрөг олох гэсэн шунахайн сэдэлтээр тусгай баг бүрдүүлэн хөдөөгүүр явж булш тонодог. Түүнээс гадна захиалгаар явж булш тонодог хэсэг бүлэг байна. Хятадууд гол захиалагчид нь гэх хардлага бий. Нөгөө талаас эртний эд өлгийн зүйл цуглуулагчид захиалга өгч булш тонодог хүмүүсээр энд тэндхийн янз бүрийн булшыг тонуулах явдал газар авчээ. Зарим аймагт овгор чулуу болгоныг булш бунхан гэж үзэж ухаж сүйдэлсэн байна.
-Ямар газруудыг та онцолж хэлэх бол?
-Баянхонгор аймгийг онцлон дурдах хэрэгтэй болов уу. Өнгөрсөн зун Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Хөшөөтийн хөндийгөөр явахад тэнд байгаа булш, хиргисүүрийг толгой дараалан ухаж, тоносон ул мөр тааралдлаа. Зарим булш оршуулгын байгууламжид хүртэл ухаж тоносон байна. Шадар чулуу нэртэй гайхамшигт дурсгалт газрын булшийг хүртэл ухаж төнхсөн байх юм. Тэнд уг нь өвөл, зунгүй айл зусдаг, хүний хөдөлгөөн тасардаггүй. Хажуугаар нь Баянхонгороос Эрдэнэцогт сум руу явдаг төв зам өнгөрдөг. Гэтэл хүний нүдэнд ил байдаг энэ газрын дурсгалуудыг хүртэл маш чөлөөтэй ухаж тонодог юм байна. Бид Бөмбөгөр сум руу ажиллахаар явах замд машиныхаа дугуйг нөхүүлсэн юм. Гэтэл тэндхийн ажилчин “Манайхан бүх хиргисүүрээ ухаад дуусчихсан шүү дээ. Одоо байгаа юм уу” гэж байсан. Энэ бол тэнд нөхцөл байдал ямар байгаа талаарх хамгийн үнэн тодорхойлолт.
Өөр нэг жишээ бол өнгөрсөн хавар Хөвсгөл аймгийн нутгаар явахад Эрхэлийн улаан нуур гэж алдартай дурсгалтай газарт оршдог 5-6 метр өндөр асар том хиргисүүрийг мөн оршуулгын байгууламж хүртэл нь ухаж тоноод эртний хүний яснуудыг гаргаж хаясан байсан. Байдлыг ажиглахад өнгөрсөн хавар булшийг ухсан шиг байгаа юм. Тэр булшны хажууханд өвөлжөөтэй. Түүнээс үзэхэд нутгийн иргэд юу харж байсан юм бол гэх бодол төрсөн. Хөдөөгийн иргэд, малчин түмэн ажигч гярхай байдаг. Одоо тийм байхаа больсон юм уу, эсвэл өөрсдөө оролцож, зааж өгөөд байгаа юм уу гэж гайхахад хүрсэн. Өнөөдөр хөдөө явж судалгаа хийдэг олон судлаач тэр талаар ярьж байна. Монгол орны бүх аймаг, сумын нутагт сүүлийн арваад жилд асар олон булш, бунхныг ухаж сүйтгэжээ.
-Археологийн урьдчилсан хайгуул, судалгаа хийхийг хуульчилсан нь хэр мөрдөгдөж байгаа бол?
-Хоёрдугаар сард салбарын яам, Мэргэжлийн хяналтын газар хамтран уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэмшдэг бүх компанид албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын соёлын өвийг хадгалж, хамгаалах хуулийн дагуу ганц уул уурхай биш Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийн эзэмшлийн талбайд урьдчилсан хайгуул, судалгаа орно гэдгийг анхааруулсан. Зам барилга, шинээр хот суурин байгуулах гээд ямар үйл ажиллагаа явуулах гэж байна тэр болгонтой холбоотой археологийн хайгуул судалгааг урьдчилан хийх ёстой байдаг. Харамсалтай нь үүнийг олонхи компани хийлгэдэггүй. Уул уурхайн компанийн хариуцлагагүйгээс цөөнгүй тооны дурсгал сүйдсэн. Үүнийг нутгийн ард түмэн ярьж байна. Бид ч өөрсдөө харж байна. Тэгэхээр салбарын яам, холбогдох газрын шийдвэр зөв байсан. Өнгөрсөн хавраас эхлээд дотоод, гадаадын компаниуд ийм судалгаа хийлгэсэн. Гэтэл судалгаа, шинжилгээ хийлгээгүй олон компани ажиллаж байна. Тэр бүү хэл, нутгийн хүмүүсээс асуухад ганц нэг хиргисүүрийг тоолгүй ухаад хаячихдаг шүү дээ гэж ярьж байна. Энэ явдал голдуу том, жижиг алтны компанид гардаг. Харьцангуй том талбай эзэлдэг уул уурхайн компаниуд энэ асуудалд хариуцлагатай хандаж, хайгуул, судалгаа хийлгэж байгаа ч алтны гэсэн тодотголтой жижиг компаниуд бараг хийлгэхгүй байна гэж болно. Нэгэнт зөв зүйтэй ажил эхлүүлсэн юм чинь салбарын яам, холбогдох газрууд өнгөрсөн хавраас өнөөг хүртэл судалгаа, шинжилгээ хийсэн багийнхантай уулзаж, цаашид яавал үр дүнтэй болгох вэ, яавал түүхийн дурсгалаа устгаж хөнөөхгүй байх вэ гэдэг асуудлаар ярилцаж шийдвэр гаргах хэрэгтэй юм.
Түүнээс гадна зарим компани хайгуулын ажлын гэрээ хийчихээд алга болчихдог. Тэр хооронд ажлаа явуулаад байдаг. Тэнд ямар дурсгал устаж үгүй болж байгааг мэдэх ямар ч боломжгүй. Тиймээс хугацааны асуудлыг тодорхой болгож, хайгуулын зардлаа тусгаж, зохих ажлаа хийгээгүй тохиолдолд гэрээ шууд цуцлагддаг байдлаар өөрчлөх шаардлага байна. Аль аль талдаа асуудлыг анхаарахгүй бол төдий л үр дүнг гарахгүй байж болох тал бас бий. Ийм байдал ч ажиглагдаж байна.
-Тухайлбал?
-Аливаа ажил тухайн судлаачийн олон жилийн туршлагатай салшгүй холбоотой. Түүнээс биш дээд сургууль төгссөнөөр бүхнийг бие дааж мэдэж чаддаг болчихгүй. Тиймээс энэ ажилд зайлшгүй мэргэжлийн судлаачдыг оролцуулах, тэнд ажиллаж байгаа залуу судлаачдыг зайлшгүй дахин давтан сургаж байх шаардлагатай. Энэ нь ажлын явцаас харагдаж байгаа бодит зүйл.
-Саяхан үлэг гүрвэлийн дурсгалын талаар палентологичтой ярилцахад хулгайлагдаж байгаа олдворууд дотор дэлхийд анхдагч, ховор дурсгал байхыг үгүйсгэхгүй гэж байсан. Булш, бунхан ч түүнтэй адил гэж ойлгож байна?
-Мэдээж, эртний дурсгалуудыг гаднаас нь хараад юу байгааг хэлэх боломжгүй. Гэхдээ энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, эртний булш болгоноос үнэтэй, өөрөөр хэлбэл ашиг хонжоо хайж байгаа хүмүүст их хэмжээний мөнгө төгрөг болох үнэт зүйлүүд байдаггүй гэдгийг албан ёсоор анхааруулж хэлмээр байна. Булшийг тэгж устгах нь хууль зөрчсөн алхам. Нөгөө талаас эцэг, өвгөдийн булш, бунханд хүндэтгэлгүй хандаж байгаагийн илрэл. Тэр нь эргээд өөрсдөд нь таатай зүйл болохгүй. Хүний хэм хэмжээнээс хэтэрсэн, хэт шунахайн зорилгоор үйл ажиллагаа явуулсан хүмүүст эргээд ямар нэгэн байдлаар нөлөөлснийг зарим хүний жишээн дээр хэлж болно. Гэхдээ энд нэр усыг нь дурдаад яахав. Өөр нэг зүйлийг хэлэхэд, зарим олдвор баялаг байх нь бий.
Түүний нэг жишээ нь Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөт цогцолборын доор Монголын түүхийн үеүдээр гаргасан үзмэр байдаг юм байна. Ялангуяа, 13-14 зууны Монголын үе гэсэн тасагт байгаа олдворуудыг харахад тэндээс ямар ч гэсэн манай археологийн судалгаа албан ёсоор явуулах эрх бүхий байгууллагуудын малталт судалгаагаар гарсан нэг ч эд өлгийн зүйл алга. Тэнд урд өмнө монгол нутагт малтан судалсан дурсгалуудаас гарч байгаагүй алт мөнгөөр хийсэн янз бүрийн гоёл чимэглэлийн зүйлс маш их байна. Тэдгээр нь албан ёсны судалгаа хийдэг газруудаас очоогүй бол ямар замаар тэр музейд очсон байж болох вэ.
Тэр бол булш тонуулчдын гараар, өөрөөр хэлбэл тонуулчид бэлтгэж өгчээ гэсэн бодол төрөхөөр байна. Тэр тасагт байгаа олдворын олонхийг хувийн эртний эд өлгийн цуглуулагчаас худалдаж авсан гэж музейн ажилтнууд ярьдаг юм билээ. Энэ талаар би сайн мэдэхгүй. Харин ямар ч байсан тэнд байгаа олдвор бүхэлдээ эртний булш бунхныг тонох замаар олж авсан эд өлгийн зүйлүүд гэдэг нь маш тодорхой харагдаж байгааг хэлэх байна.
-Мэргэжлийн хүний нүдээр харахад гэж та хэлж байна уу?
-Тийм. Нөгөө талаас асар олон булш, бунхныг тонож байж тэр хэмжээний зүйлүүдийг олж авах боломжтой. Түүнээс биш би түрүүн хэлсэн, гаднаас нь хараад булшинд юу байгааг хэн ч яаж ч урьдчилж хэлэх боломжгүй. Гэхдээ сүүлийн үед булш тонодог хүмүүс янз бүрийн техникээр тоноглогдсон байна. Тухайлбал, тэдэнд янз бүрийн газрын гүнд байгаа төмөрлөг эдлэлийг мэдэрдэг металл хайгчууд байна. Тийм багажтай хүмүүс алтны шороон ордын хайгуул хийнэ гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар өгч түүнийхээ дагуу хүмүүсийг элсүүлж зунжингаа явж булш тонодог тухай би ийм үйл ажиллагаанд оролцож байсан хүнээс олж сонсч байсан. Гэтэл энэ талаар орон нутаг бүрт байгаа байгаль хамгаалагч, байгаль орчны байцаагч, мэргэжилтнүүд юу хийж байсан бэ гэдэг асуулт гарна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин