Дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тухайлбал, Хууль зүйн сайдын албыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хашдаг тул “Шударга ёс” эвслээс хуульч Э.Эрдэнэжамъян тус яамны дэд сайдаар, Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр томилогдсон тул дэд сайдаар нь МАХН-ын гишүүн О.Чулуунбатыг томилох бол Н.Энхбаярын туслах Б.Тулга Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны дэргэд дэд сайдын алба хаших аж. Харин МҮАН-аас дэд сайдад нэр дэвшигч Б.Цогтгэрэлийн хувьд Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгыг түшиж, дэд сайдаар ажиллах сураг гарлаа. МҮАН-аас бас нэг дэд сайд төрөх магадлал байгаа өндөр аж. Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан н.Батхуяг юм байна.

Харин Ардчилсан намаас дэд сайдад нэр дэвшигчдийн тухайд тодруулахад, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг, Бельги улсад элчин сайд байсан А.Баттөр, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан, Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанаа, “Гангар” компанийн захирал Б.Пүрэвээ, "Комит сервис" компанийн захирал Э.Тамир, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, ҮЗХ-ны гишүүн н.Туваан, ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган нарын нэрс эртнээс дуулдсан. Энэхүү нэрсийн жагсаалтад нэг их өөрчлөлт ороогүй байх талтайг эх сурвалж онцоллоо.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж