Афганистанд алба хааж байхдаа амаржжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Афганистанд алба хааж байхдаа амаржжээ

Афганистанд алба хааж буй Их Британийн армийн цэргийн албан хаагч нэгэн бүсгүй казарм дээрээ амаржжээ. Хачирхалтай нь бүсгүйг хөл хүнд гэдгийг хэн ч мэдээгүй байсан гэнэ. Телевизийн реалити шоунд гардаг шиг ийм явдал өнгөрсөн мягмар гаригт болсон аж. Бүсгүй гэдэс өвдлөө хэмээн эмчид үзүүлснээр бүх зүйл эхэлжээ. Их Британийн Лондон дахь Батлан хамгаалах яам Афганистанд алба хааж буй цэргийн албан хаагч бүсгүй амаржсаныг албан ёсоор баталсан бөгөөд эх, хүүхэд хоёрын биеийн байдал сайн байгаа аж. Их Британийн хуулиар хөл хүнд бүсгүйг цэргийн албанд татахыг хориглодог. Гэвч тус улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн хэлснээр бүсгүй жирэмсэн болсноо өөрөө ч мэдээгүй явсан бололтой. Ийм явдал болсон тухай анх “the Daily Mail” сонинд мэдээлсэн албаны хүний хэлснээр бүсгүй амаржих хүртлээ юу ч анзаараагүй явсан гэнэ. Бүсгүй Афганистаны Хелманд мужийн өмнөд хэсэг дэх Их Британийн Кэмп Бастион цэргийн баазад хүүхдээ төрүүлжээ. Тус баазад Их Британийн хунтайж Харри алба хааж байсан юм байна. Бүсгүй өнгөрсөн гуравдугаар сард Хатан хааны их бууны ангид татагдаж очсон ажээ.

2003 оноос хойш Их Британийн цэргийн албан хаагч 200 бүсгүй хөл хүнд болсон шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөний 70 гаруй нь Афганистанд алба хааж  байсан гэнэ. Гэвч цэргийн албан хаагч бүсгүй тэргүүн шугам дээр амаржсан явдал нь анх удаа тохиолдож буй нь энэ аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж