235 метр урт, 7 метрийн өргөнтэй энэ гүүрийг төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж ирэх оны 12 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй. Гэхдээ 10 дугаар сар гэхэд ажил дуусна гэж гүйцэтгэгч “Эрин интернейшнл”, “Дархан АЗЗА” компанийхан Ерөнхий сайдад хэллээ..
Өмнө нь Сэлэнгийн аж ахуйн нэгжүүдийн будааг Дархан хүргэхэд 210 км явдаг байсан бол гүүр ашиглалтад орсноор 60 км л давхих юм байна. Монгол инженерүүдийн гаргасан зургийн дагуу монголчууд өөрсдөө барьж байгаа энэ гүүрээр 80 тонны даацтай машин чөлөөтэй нэвтрэх боломжтой байх нь.
Хэдийгээр гүүрийн барилгын ажил 40 гаруй хувьтай ч хөрөнгө, мөнгөтэй холбоотой хүсэлтээ гүйцэтгэгч компанийн удирдлага хэлж байлаа.Тухайлбал тендерээр төсвийн хөрөнгөөр гүүр барьж байгаа хэрнээ санхүүжилт удаан, үнэн чанартаа эргэн төлөгдөх нөхцөлтэй юм шиг байгаа тухай Ерөнхий сайдад танилцууллаа.Өөрөөр хэлбэл хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг бичсэнээс хойш олон шат дамжлага туулж байж, хоёр сар гаруйн дараа мөнгөө авдаг, тендер авахад 176 сая төгрөгийн барьцааг банкинд тавьсан. Ажлын гүйцэтгэл сайн байгаа нөхцөлд барьцааг суллах, зам, гүүр, барилгын мэргэжлийн хүн олдохгүй байгаад дүгнэлт хийн, боловсон хүчин бэлтгэх хэрэгтэйг ч Ерөнхий сайдад уламжиллаа.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Шаамар суманд ирэхэд огт өөр дүр төрх угтлаа. Аймгийн удирдлага, гүйцэтгэгч компани Шаамарын гүүрний засварт шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг дахин хүссэн ч тэрээр хүлээж авсангүй.
Өмнө нь Засгийн газрын хуралдаан болон аймгуудын Засаг дарга нартай видео хурал хийх үеэр энэ гүүрний засварт 289 сая төгрөг шаардлагатай байгаа тухай яригдаж байсан.
Хэрвээ засвар хийхгүй бол гүүрээр 10 тонноос дээш даацын машинаар ургац, нүүрс тээвэрлэх боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч гаргасан байна.
Гүүрийн засвар өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн ч хөрөнгөгүйн улмаас зогссон, гэхдээ тээврийн машин явж болно, одоо ч явж байгаа гэсэн тайлбарыг Зам, тээврийн яамны мэргэжилтэн өгч байлаа.
Холбогдох хүмүүсийн яриа зөрж байгаад Ерөнхий сайд багагүй бухимдаж, ажлын уялдаа холбоо муу, хариуцсан хүмүүсийн ажлаа гэсэн сэтгэл үнэхээр дутагдаж байгааг шүүмжиллээ.
“Аливаа зүйл, ялангуяа хөрөнгөтэй холбоотой асуудлыг цагийг нь тулган, мөнгө өгөхөөс өөр аргагүй байдалд оруулж “хоолойд хутга” тавьдаг зангаасаа салах хэрэгтэй. Үнэхээр асуудал байсан бол хоёрдугаар сараас хойш хөөцөлдөн хөрөнгөө шийдүүлж, ажлаа үргэлжлүүлэх хугацаа хангалттай байлаа. Гэтэл ургац хураалт жигдрэн, тээвэрлэлт ид өрнөж байхад гүүр засна гэж мөнгө нэхэж байж таарахгүй” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хатуу анхаарууллаа.
Ийнхүү Засгийн газрын тэргүүн Сэлэнгэ аймагт нэг өдөр үргэлжилсэн анхны томилолтоороо тулгарч байгаа зарим асуудлыг газар дээр шийдвэрлэж, заримыг нь ойрын хугацаанд хэлэлцэхээр боллоо. Тэрээр баруун гурван аймагт ажиллахаар ирэх ням гарагт Улаанбаатар хотоос хөдлөнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.