“48 цаг” наадмын ялагч өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

“48 цаг” наадмын ялагч өнөөдөр тодорно

“48 цаг Монгол-2012” бэсрэг кино наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр орой 18.00 цагт “Black box” театрт болох гэж байна.  Гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа тус наадам есдүгээр сарын 14-нд эхэлсэн юм. Энэ удаагийн бэсрэг кино наадамд 30 багийн 259 уран бүтээлч  оролцсоноос 27 баг 48 цагт амжиж, киногоо бүтээн уралдаанд ирүүлжээ. Харин гурван баг  цагаасаа  хоцорсон юм. Оролцогчид өнгөрсөн баасан гаригийн 19.00 цагаас ням гаригийн 19.00 хүртэлх 48 цагт багтаан аймшгийн, драм, дуугүй, детектив, зөгнөлт, инээдмийн зэрэг 14 төрөл зүйлээс сугалж, 4-7 минутын кино хийж өрсөлдсөн байгаа.

Наадмын дүрмийн дагуу уран бүтээлээ хугацаанд нь бэлэн болгосон бүх багийн киног  есдүгээр сарын сарын 20, 21-ний өдрүүдэд “Өргөө” кино театрт үзүүлж, үзэгчдийн нэрэмжит шагналын эзнийг тодруулсан юм.  Өнөөдөр орой болох шагнал гардуулах ёслолын үеэр  наадмын  шилдэг зохиол, шилдэг найруулагч, шилдэг зураг авалт, шилдэг жүжиглэлт, шилдэг эвлүүлэг зэрэг долоон номинацийн шагналыг гардуулах  бөгөөд тэргүүн байрын эзнийг ирэх 2013 оны гуравдугаар сард болох Олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрхээр урамшуулах юм.

Олон улсын кино наадамд дэлхийн 215 хотоос шалгарч ирсэн уран бүтээлчид оролцох ёстой. Олон улсын наадмын шилдэг киног 5000 ам.доллар болон  6000 ам.долларын  мэргэжлийн видео камер, үнэ бүхий зүйлээр шагнадаг аж.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж