Хавсарга салхи ихтэй, сул хөрстэй говийн нөхцөлд мод ургамал тарих, тэр дундаа хүнсний ногоо ургуулна гэдэг амаргүй ажил. Гэвч судалгаа шинжилгээнд үндэслэж, цэгцтэй төлөвлөлттэй ажиллаж чадвал ямар ч ажлыг бүтээж болдогийг компанийн хамт олон харуулж чаджээ. Өнгөрсөн онд Ойн зурвас төслийн эхний үе шат болгож нийт 5 га газарт мод тариалсан бол энэ жил дахин 5 га газарт нэмж мод тарьсан байна. Ойн зурвасын дунд хэсэг буюу салхинаас хамгаалагдсан нийт 3 га газарт нутгийн 50 гаруй өрх туршилтын журмаар хүнсний ногоо тариалсан нь энэ жил хангалттай сайн ургац өгч, говь нутагт ургацын баяр тэмдэглэсэн тухайд компанийнхан нутгийн иргэдийн хамтаар баярлан ярьж байна. Ирэх жил гэхэд нийт 15 га талбайг хамарч өргөжих Ойн зурвас үр өгөөжөө өгч эхэлсэн нь Өмнөговь аймгийн уул уурхайн бусад компаниудын хувьд шинэ жишиг болж, түрүүчээсээ Ханхонгор гэх зэрэг сумдад ч ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн гэнэ.
Төслийн хүрээнд ийнхүү олон мянган мод тариалж, говийн экологийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмрээ оруулсанд нь талархаж Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Энержи Ресурс ХХК-ийг Ногоон өргөмжлөлөөр шагнан урамшуулсан байна. Тус аймгийн зүгээс уул уурхайн компаниудын байгаль орчны чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг жил бүр дүгнэж “Ногоон уул уурхай” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлдэг нь энэ чиглэлийн ахицтай сайн санал санаачилгуудыг сурталчлах, жишиг болгож өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг байна.