Дэд сайдуудыг маргааш томилно

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Дэд сайдуудыг маргааш томилно

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад чамгүй хугацаа өнгөрсөн ч дэд сайдуудын томилгоо өнөөдрийг хүртэл хүлээгдэж буй. Эх сурвалжийн хэлснээр маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаас дэд сайд нарыг томилох бололтой. Ингэснээр Ерөнхий сайдын өрөөний дэргэд өдөр бүр шахам зүүгдээстэй байдаг Ардчилсан намын гишүүдийн цуваа бага ч болтугай саарах бололтой. Ямар ч байсан Засгийн газрыг бүрдүүлж буй улстөрийн хүчнүүдийн хийсэн гэрээ ёсоор ихэнх дэд сайдын суудал Ардчилсан намд оногдох ч томилгоог сөөлжүүлж хийх гэнэ.

Тухайлбал, Хууль зүйн сайдын албыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хашдаг тул “Шударга ёс” эвслээс хуульч Э.Эрдэнэжамъян тус яамны дэд сайдаар, Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр томилогдсон тул дэд сайдаар нь МАХН-ын гишүүн О.Чулуунбатыг томилох бол Н.Энхбаярын туслах Б.Тулга Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны дэргэд дэд сайдын алба хаших аж. Харин МҮАН-аас дэд сайдад нэр дэвшигч Б.Цогтгэрэлийн хувьд Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгыг түшиж, дэд сайдаар ажиллах сураг гарлаа. МҮАН-аас бас нэг дэд сайд төрөх магадлал байгаа өндөр аж. Тэрбээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан н.Батхуяг юм байна.

Харин Ардчилсан намаас дэд сайдад нэр дэвшигчдийн тухайд тодруулахад, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг, Бельги улсад элчин сайд байсан А.Баттөр, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа, Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, Баян-Өлгий аймгийн АН-ын дарга Х.Ержан, Ардчилсан залуучуудын холбооны дарга Ж.Амарсанаа, “Гангар” компанийн захирал Б.Пүрэвээ, "Комит сервис" компанийн захирал Э.Тамир, АН-ын нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг, ҮЗХ-ны гишүүн н.Туваан, ТӨХ-ны дэд дарга О.Эрдэнэбулган нарын нэрс эртнээс дуулдсан. Энэхүү нэрсийн жагсаалтад нэг их өөрчлөлт ороогүй байх талтайг эх сурвалж онцоллоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж