-Тамирчин бүсгүйг маань хэн бүжгийн тэмцээнд уруу татчихав?
-Анх надад энэ саналыг цэнгээнт бүжгийн Б.Батсайхан багш маань тавьсан. СУИС-ийн бүжгийн багш л даа. Анх надад энэ шоунд оролцооч ээ гэсэн урилга ирэхэд татгалзаж байсан удаа бий. Спортын хүн урлагийн хүмүүстэй бүжгээр өрсөлдөнө гэж бодохоор эхэндээ аймаар санагдсан шүү. Хэрвээ дандаа спортынхон маань байсан бол арай өөр ч юм шиг санагдаад нэг л санаанд бууж өгөхгүй байсан. Гэхдээ дараа нь яагаад оролдоод үзэж болохгүй гэж. Залуу хүн нэг ч гэсэн зүйлийг сурч мэдэхэд илүүдэхгүй гэж бодоод оролцох сонголт хийсэн. Ер нь гэнэтхэн л шийдсэн.
-Өмнө нь яг бүжгийн чиглэлээр дугуйланд явж байсан уу? Дэлгэцээр өөрийг тань бүжиглэхийг хараад тэгж бодож байлаа?
-Би бүжигт дуртай, ойрхон байдаг хэдий ч бүжиглэж байгаагүй. Анх бүжиглэдэггүй хүн энэ шоунд орно гэхээр хэцүү л санагдаж байсан. Гэхдээ хүн бүхэнд өөрийн гэсэн эвсэл, арга барил байдаг, түүнийгээ хичээж хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан.
-Стандарт бүжгийн тодорхой хэмжээний үндсэн хөдөлгөөнүүдийг заавал хийх ч өөрсдийн уран сэтгэмжээр баяжуулан бүжгээ зохиомжлон дэглэж, өрсөлдөж байгаа болохоор бүжгүүддээ хэр саналаа оруулж байна?
-Нэмэрлэлгүй яахав. Багш, хамтран бүжиглэгчтэйгээ ярилцаж байгаад гаргаж байсан. Энэ шоунд багшийн маань гаргасан санаа бид хоёрт маш их таалагдан гар нийлж, ажилласан.
-Аль бүжгийн зохиомж өөрт чинь хамгийн их таалагдсан бол?
-Танго бүжгийн хартай эхнэрийн дүр. Намайг хүмүүс мэргэжлийн бүжигчин юм биш үү. Бүр олон жил бүжиглэсэн гэнэ лээ гэсэн яриа их гарсан байсан. Үүнийг залруулж хэлэхэд, би анх удаа л мэргэжлийн бүжгийн дасгал, хөдөлгөөнийг энэ шоунд оролцох болоод заалгасан. Хүмүүст үнэхээр тийм сэтгэгдэл төрүүлсэн бол би өөрийгөө сайн бүжиглэжээ гэж дүгнэж болох юм болов уу /инээв/. Хүмүүсийн дунд ийм яриа гарсанд эмзэглэхгүй, харин ч байртай хүлээж авсан. Үзэгчид үзсэн байх. Танго бүжиг маань хоёр ангитай. Өнөөдөр орой “Ододтой бүжиглэе” шоугаар танго бүжгийн маань хоёрдугаар хэсэг нь гарна. Хартай эхнэр нөхрөө уучилсан уу, үгүй гэдгийг өнөөдөр та бүхэн сонирхоорой.
-Өөрийгөө өөрчлөх ямар санагдаж байна?
-Маш гоё. Шоу маань их таалагдаж байгаа. Дэлхийн том алдартай шоуны нэг монголд ийм амжилттай үргэлжилж байгаа нь сайхан хэрэг юм. Бүжгийн спортыг ингэж гоё сурталчилж байгаа ТВ5 телевизийн хамт олондоо бүжгийн спортынхныхоо өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Би өөрөө спортын хүн болохоор надад бүжгийн спорт гэдэг нэр их ойр дотно санагддаж байгаа. Тэр утгаараа тамирчин хүний хувьд бүжгийн спортоо сурталчилж байгаадаа баяртай байгаа. Цаашид ч үргэлж хичээллэнэ. Манай буудлагынхан ер нь их тайван сэтгэлзүйтэй хүмүүс. Гэтэл бүжгийг амьдруулахад дүр хувиралт их шаарддаг юм билээ. Дараа нь өөрийгөө хараад би ямар аймаар өөр харагдаж байна аа гэж харсан дүр бол танго жүжгийн хартай эхнэрийн дүр байсан. Надаас маш өөр өөр төрх, дүр хувиралтын шаардсан. Чадах ядахаараа л хичээсэн дээ.
-Та бусад оролцогчдоосоо юугаараа ялгаатай вэ?
-Би тамирчин. Манай тамирчин бүсгүйчүүд гоо зүйн мэдрэмжтэй гэдгийг би энэ шоунд оролцсоноороо харуулахыг хичээж байна. Нөгөө талаар шоуны хугацаанд тамирчдын хүмүүжил гэж юу байдгийг, тамирчид яаж цаг барьдгийг, тэд хүссэн зүйлдээ заавал хүрч, зорилгоо биелүүлэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдгийг би харуулахыг хичээсэн. Энэ бол миний спортоос авсан хүмүүжил. Би энэ шоунд оролцож байгаа спортын хүн гэдгээрээ бахархаж байгаа.
-Өрсөлдөгчид чинь дандаа л урлагийн хүмүүс. Тэдэнтэй хамт байх ямар санагдсан бэ?
-Сайхан. Их хөгжилтэй санагдсан. Урлагийнхан амьдралын энерги, эрч хүчээр дүүрэн, цоглог хүмүүс байдаг юм билээ. Манай спортынхоныг бодвол илүү нээлттэй гэх юм уу.
-Арван бүжгээс сурахад аль нь хамгийн хэцүү байв?
-Буудлагын бэлтгэлээс өөр зүйлд цаг гаргадаггүй хүнд чинь ер нь бүх бүжиг л хэцүү байлгүй яахав. Амархан бүжиг гэж байдаггүй юм билээ. Ча-Ча, Венийн вальс хоёр хамгийн гоё хэрнээ хамгийн хэцүү бүжиг шиг санагдсан. Хөл, гар гээд бүх зүйл чанга, тэгш байх хэрэгтэй гээд л. Бүжиг надад маш их таалагдсан. Хээнцэр, тансаг.
-Бүжгийн спортыг цөөн үгээр илэрхийлбэл?
-Хүрэхэд хэцүү ч хээнцэр, тансаг тийм ертөнцтэй зүйрлэмээр гоё санагдсан.
-Партнероо танилцуулахгүй юу?
-Миний хамтран бүжиглэгч бол маш сайн хүн таарсан. Бүжигчин Оюунбат гээд залуу байгаа. Бид маш сайн гар нийлж чадсан бие биенээ ойлголцож, бүжиглэсэн. Мөн бүжгийн спортын “Moon” клубын О.Саранхүү багш маань биднийг маш сайн удирдан чиглүүлсэн гэж хэлмээр байна.
-Одоо шоуны үндсэн шалгаруулалт дуусч, үзэгчдийн санал авч байгаа юм байна. Хонгороод саналаа өгөхийн тулд ямар дугаарт мессеж илгээх вэ?
-155166 гэсэн дугаар “Спорт Хонгороо” гэж бичиж болно. Хоёр Хонгороо байгаа болохоор спорт гэж давхар бичих хэрэгтэй байх. Дашрамд, надад санал өгч байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Маш их баярлаж байгаа. Мөн шоунд хамтдаа оролцож байгаа нийт оролцогчдоороо би маш их бахархаж, тэднээс их зүйл сурч байгаагаа хэлмээр байна. Та нартаа хайртай шүү.
-Шоуны шилдгүүд хэзээ тодрох билээ?
-Есдүгээр сарын 29-нд “iLoft Function house”-д “Ододтой бүжиглэе” шоуны шилдгүүдийг тодруулна. Хаалтын шоун дээр олон том сюрпризээ дэлгэх болно. Та бүхнийг энэ өдөр өөрсдийнхөө хайртай жүжигчин, дуучин тамирчнаа ирж дэмжээрэй. Тэд яаж бүжгийн спортоор бэлэг барьж буйг дэргэдээс нь ирж хараарай гэж уриалмаар байна.