Оросын тагнуулын хэргийг дахин хянах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Оросын тагнуулын хэргийг дахин хянах ёстой гэв

Их Британид зочид буудалд хордож үхсэн Оросын тагнуул Александр Литвиненкогийн үхэлд ОХУ-ын эрх баригчид холбоотой эсэхийг дахин шалгах ёстой гэж Английн шүүгч мэдэгдсэн байна. Гэвч Их Британийн Засгийн газар хохирогч болон сэжигтний өмгөөлөгчид Литвиненко, Английн тагнуулынхантай холбоотой гэх баримт, материалтай танилцахыг зөвшөөрдөггүй. 2006 онд Лондон дахь зочид буудлын өрөөнд цацраг идэвхит бодист хордож амиа алдсан тагнуулын үхэлд хохирогчийн ар гэрийнхэн Кремлийн эрх баригчдыг буруутгадаг. ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны оффицерын үхлийн шалтгааныг цацраг идэвхит полонийн изотопоор хордуулсан цай уусан гэж тодорхойлсон юм. Александр Литвиненко амь тавихын өмнө энэ хэргийн цаана В.Путин байгаа гэж хэлсэн аж. Тагнуулын үхлээс хойш Их Британи, ОХУ-ын харилцаа хүйтэрсэн. Александр Литвиненкогийн бэлэвсэн эхнэрийн өмгөөлөгч Бен Эмерсон шүүх хурал дээр “Хэргийг дахин хянаж үзэх нь ОХУ-ын төрийн эрх баригчдын хийсэн гэмт хэргийг илрүүлэхэд маш чухал” хэмээн мэдэгдсэн гэнэ. Бен Эмерсоны хэлж буйгаар энэ хэргийн цаана Кремлийн эрх баригчид байгааг нотолж чадвал төрөөс санхүүжүүлдэг цөмийн терроризмын эсрэг хууль гарах аж.

Их Британийн хуулийн дагуу хэн нэгэн тодорхойгүй шалтгаанаар, учир битүүлэг амиа алдвал үхлийн шалтгааныг тогтоох мөрдлөг явуулдаг. Хордож амиа алдсан тагнуулын бэлэвсэн эхнэр Мария Литвиненко шударга ёс ялж, нөхрийнх нь үхэлд буруутай этгээдүүд ял шийтгэл хүлээнэ  хэмээн итгэж, хүлээж буй аж. Тэрбээр “Би улстөрч биш. Эр нөхрөө харамсалтайгаар алдсан эмэгтэй. Би зөвхөн нөхөрт маань юу тохиолдсоныг л мэдмээр байна” гэжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж