Хятад дахь япон үйлдвэрүүд хаалгаа барьж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Хятад дахь япон үйлдвэрүүд хаалгаа барьж эхэллээ

Хятад болон Япон улсын хооронд маргаан үүсгэж, өдрөөс өдөрт даамжирч буй арлын маргааны асуудлын улмаас Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй Японы 12 үйлдвэр, мөн тооны дэлгүүр хаалгаа барьсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, Японы томоохон үйлдвэрлэгчид болох “Nissan”, “Mitsubishi”, “Mazda”, “Suzuki” зэрэг авто үйлдвэрлэгчид, “Sony”, “Canon” компаниуд салбар үйлдвэр болоод нэрийн барааны дэлгүүрээ хаасан тухай CNN агентлаг мэдээлжээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Бээжин болоод Чендуд хэрэглэгчид олноор үйлчлүүлдэг нийт 7-11 томоохон дэлгүүрийг хаасан байна. Японы “Toyota Motor” компанийн төлөөлөгчид “Хоёр орны дунд үүссэн арлын маргаанаас болж Хятадын Засгийн газраас дэлгүүрүүдийг хаах шийдвэр гаргасан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь хаалгаа барьсан үйлдвэр болоод дэлгүүрүүдийн албан хаагчид, хэрэглэгчдийн өмнө томоохон бэрхшээл үүсгээд байна” хэмээн ярьжээ.

Хятад болон Японы арлын маргаанаас болж Гуанжоуд л гэхэд “Honda”, “Panasonic”-ийн салбар дэлгүүрүүд өнөөдрийн байдлаар хаалгаа барьсан байна. Түүнчлэн сүүлийн үед Хятад дахь Японы экспорт 10 хувиар огцом буурсан үзүүлэлттэй гарчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар арлын маргаанаас болж дэлхийн зах зээл дээр худалдааны томоохон түншүүд болох Япон, Хятадын хувьд эдийн засгийн маш эрсдэлтэй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй байгаа юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж