ОХУ-аас эрчим хүч импортлох тухай ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

ОХУ-аас эрчим хүч импортлох тухай ярилцжээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газрын тэргүүний орлогч, Буриад Улсын Засгийн газар-Ерөнхийлөгчийн захиргааны дарга П.Л.Носков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд ямар асуудал хөндсөн талаар Эрчим хүчний сайд М.Сономпилээс тодруулсан юм.

-Сая болсон уулзалтаар эрчим хүч импортлох асуудлыг хөндлөө. Одоогийн авч байгаа эрчим хүчний импортыг нэмэгдүүлэх шаардлага байна гэсэн үг үү?

-ОХУ-аас Монгол Улс зургаан хувийн цахилгаан эрчим хүч импортоор авдаг, тэр нь  өсөн нэмэгдэж байгаа дотоодын зах зээлийн найдвартай ажиллагааг хангахад, мөн болзошгүй эрчим хүчний доголдол гарахад зайлшгүй энерги авах шаардлагатай болж байгаа. Тийм учраас хойд хөршөөс тогтсон хэмжээтэй цахилгаан импортоор авахаас гадна илүү онцгой нөхцөлд нэмэгдүүлж авах талаар ярилцлаа. Буриад улсын талаас энэ асуудлаар ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаа хэллээ.

-Хойд хөршөөс импортолдог эрчим хүчний үнэ тарифыг хэдээр тогтоосон байдаг юм бэ?

-Олон тариф байдаг, дунджаар 100-105 төгрөгөөр тооцож болно. Гэхдээ нэг квт цахилгааныг иргэддээ 88 төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдэд 100 төгрөгөөр үнэлж өгч, хоорондынх нь зөрүүг улсын төсвөөс гаргадаг. Өөрөөр хэлбэл, гадаадаас авч байгаа цахилгааныг алдагдалтайгаар ард иргэддээ өгч байгаа гэж хэлж болно. Тийм учраас энэ тал дээр эрчим хүчний салбарт зайлшгүй бодлого боловсруулах ч шаардлага тулгарч байгаа л даа.

-ОХУ-ын хувьд Монголын талаас нүүрс экспортлох боломжтой тухай энэ үеэр ярилцсан юм уу?

-ОХУ Монголоос нүүрс импортлохоос илүү дамжин гарах асуудлыг үйл ажиллагаандаа голлоно. Ялангуяа хойд хил дээр байгаа Улаан-Уулын нүүрсний уурхай эрчим хүчний гэхээсээ илүү коксжих чанартай нүүрсний уурхай юм. Нүүрсний чанарын тухайд Тавантолгойн нүүрстэй дөхөж очно. Тийм болохоор Япон, Солонгос руу экспортлох боломжтой учраас энэ асуудлыг л хөндсөн хэрэг л дээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газар нар, салхи, усны эрчим хүчийг ашиглахыг тэргүүн зэрэгт тавьж байгаагаа уулзалтын үеэр хэллээ. Сэлэнгийн сав газарт усан цахилгаан станц барих асуудлыг Дэлхийн банкны санхүүжилтээр судалж байгаа юм. Буриадын Засгийн газрын тэргүүний орлогч П.Л.Носков, усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг олон улсын байгууллагын оролцоотой хийж байгааг дэмжиж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж