Говь-Алтай аймагт АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “Мерси Кор-Монгол” ОУБ-аас ирэх хоёр жилд хэрэгжүүлэх “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” шинэ төслийн нээлт танилцуулгын үйл ажиллагаа болжээ. Энэхүү төслийг АНУын ОУХА-ийн 3 сая гаран ам долларын санхүүжилтээр тус аймгийн Баян-Уул, Шарга, Есөнбулаг, Цээл суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн гол зорилго нь орон нутаг дахь төрийн тодорхой хэлтэс, албадын хууль дээдлэн хэрэгжүүлэх, удирдах үйл явцыг сайжруулах замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэн орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэгдэж байгаа аж. Төрийн болон иргэний байгууллагууд, иргэд олон нийтийн төлөөлөл оролцсон нээлтийн ажиллагаанд “Мерси Кор” ОУБ-ын аймгийн түншлэлийн зохицуулагч Г.Мөнх-Эрдэнэ дэлгэрэнгүй танилцуулга хийж, аймгийн ИТХ, ЗДТГ болон Есөнбулаг, Шарга, Баян-Уул, Цээл сумтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн энэ үеэр “Орон нутгийн иргэний танхим өнөөгийн байдал”, “Сайн засаглал ба иргэдийн оролцоо”, “Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн оролцоотой боловсруулах нь”, “Сайн засаглалын тухай ойлголт” гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийж санал солилцсон байна.
Говь-Алтай аймаг