Эрүүл мэндийн салбарт Израйльтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарт Израйльтай хамтарна

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Бээжин хот дах Израйль Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх ноён Н.Эйтан болон Монгол улс дахь Израйль Улсын өргөмжит консул ноён Д.Амар нарыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Эйтан Израйль улсын нөхөн сэргээх мэс заслын эмч, профессор ноён Топазын нээсэн гэмтлийн болон чихрийн шижингийн гаралтай томоохон хэмжээний шархны эдгэрэлтийг түргэсгэх хүчилтөрөгч болон вакум эмчилгээний хосолсон шинэ арга технологийг Монгол улсад нэвтрүүлэх талаар харилцан санал солилцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

2012 оны 5 сард Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах сургалт явуулсан бөгөөд уг сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд үр дүнтэй, эмчилгээний дэвшилтэт арга болохыг хүлээн зөвшөөрч, талархалтай хүлээн авсан болохыг ноён Эйтан хэллээ.
Түүнчлэн Израйлийн Засгийн газрын тэтгэлгээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монголын эмч, мэргэжилтнүүдийг Израйль улсад сургалтанд хамруулах болон Израйлийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад ирж хамтарсан сургалт, семинар зохион байгуулах боломжтой болохыг мэдэгдэв.

Уулзалтын төгсгөлд сайд Н.Удвал дээрх саналуудыг тааламжтай хүлээн авч байгаагаа илэрхийлээд, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотолж, цаашид дахин судалж үзэх, эргэн холбогдож ажиллах нь зүйтэй гэж үзлээ.


Эх сурвалж: www.moh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж