
Төрийн боловсон хүчний томилгоог цэвэр тунгалаг байлгах үүрэгтэй энэ байгууллага хэрхэн дампуурч хууль, журамд биш Засгийн газар, эрх мэдэлтнүүдийн захиалгад захирагддаг байгууллага болж хувирсныг эдгээр баримт ил тод, тов тодорхой илчлэн харуулах болно.
Төрийн албанд, тэр тусмаа удирдах албан тушаалд томилогдох процедур бүхэн хууль, журам, нарийн шалгуураар зохицуулагдахаас гадна эцсийн шийдвэр гарах хүртэл тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг нь тодорхой. Гэхдээ эдгээр шалгуур эрх мэдэл, албан тушаалын сүлжээ бүхий хэсэгт огт үйлчилдэггүй болохыг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Я.Чойжамцыг сонгуулийн дараа, улсын наадмын хойхон наадмын бөх, хурдан морины яриа хөөрөө тасраагүй байхад уг албан тушаалд ганцхан өдрийн наймхан цагийн дотор захиалан томилсон шог жүжгээс харж болно.
Жүжиг ингэж эхэлжээ. Баянзүрх дүүрэгт байрлах Батлан хамгаалах яамнаас өглөө эрт Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын гарын үсэгтэй хүсэлт бүхий захиалгат бичиг хотын төвд, Тэнгис кино театрын ойролцоо байх Төрийн албаны зөвлөл рүү Улаанбаатарын замын их түгжрэл дунд гэрлийн хурдаар хүргэгджээ. Тэрхүү захиалгыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, МАН-аас угшилтай Ерөнхий сайдын зөвлөх асан Д.Батбаяр гүйцэтгэхээр ажлын байрандаа байлдааны бэлэн байдалтай байсан бололтой. Захиалга ч сум мэт тэр даруйдаа шунгинан ирж, бэлэн хариу ч Сүхбаатарын талбай, Төрийн ордон руу зэрэгцэн хөдөлжээ. Тэнд Засгийн газрын хуралдаанд захиалагч эзэд нь догдлон хүлээж байлаа. Уг нь Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Батбаяр ажлын туршлагатай, бичиг үсгийн боловсролтой нэгэн аж. Гэвч дэндүү их яарсан товчхон хариу бичигтээ үг үсгийн алдаагаа ч хянасангүй тэр чигээр нь Төрийн ордон руу илгээсэн байна. Ингээд төдөлгүй бүх зүйл жин тан болж Говь-Алтайн уугуул, генерал Я.Чойжамц орой нь гэхэд нутгийн сайд, удахгүй огцрох Ж.Энхбаярын дэмжлэгээр дэслэгч генерал Ц.Тогоогийн орыг залгаж Төрийн нарийн бичгийн дарга болох нь тэр. Үндэсний аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэгтэй Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо ганцхан өдрийн дотор болж Гиннессийн номонд ч орохоор үйл явдал ийнхүү өрнөв. Энэ бол 2012 оны долдугаар сарын 18-ны өдөр байлаа.
Уг томилгоо нь хууль зөрчиж байна шүү гэдгийг тухайн үед Засгийн газрын гишүүн, Шадар сайд асан М.Энхболд Засгийн газрын хуралдаанд хэлж анхааруулж байсан ч жүжгийг дэглэгчид үүнийг хэрэгсэхийг ч хүссэнгүй.
Я.Чойжамц генерал БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад энэ оны хоёрдугаар сард Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Ц.Тогоо нарын эрхмүүдтэй өрсөлдөж, Ц.Тогоод ялагдан төрийн удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн байжээ. Уг нь бол Төрийн албаны зөвлөлийн албан ёсны санал дүгнэлтгүйгээр ердөө “нөөцөд бүртгэгдсэн” гэх тодорхойлолтоор дээрх хариуцлагатай албан тушаалд томилогдох нь хууль зөрчсөн үйлдэл аж. Гэвч хууль яамай гэж жүжиг дэглэгчид үзжээ.
Тодруулбал, Я.Чойжамцыг төрийн удирдах ажилтны “нөөцөд бүртгэгдсэн” талаарх тодорхойлолтыг гаргаж өгөхийг Батлан хамгаалахын сайд энэ оны долдугаар сарын 18-нд албан бичгээр Төрийн албаны зөвлөлөөс хүсч, үүнийх нь хариуг ТАЗ мөн өдөрт нь мэдэгдээд зогсохгүй, тэр өдрийн оройд нь Засгийн газар хуралдаж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Чойжамцыг томилох шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ Засгийн газрын тогтоолын үндэслэлийг хүртэл хуурамчаар дурджээ. Тухайлбал төрийн албаны зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэсэн гэжээ. Угтаа бол, Төрийн албаны зөвлөл Я.Чойжамцын тухайд ямар ч санал дүгнэлт гаргаагүй, гагцхүү нэг гишүүн нь нөөцөд бүртгэгдсэн гэсэн захиалгат бичиг л хийж өгчээ.
Төрийн албан хаагч, удирдах ажилтныг томилох процедур нь хэрэв хууль, журамдаа захирагдвал яавч нэг өдөртөө амждаг зүйл биш гэдгийг олон хүн мэднэ. БХЯ-ны Төрийн бичгийн даргын томилгооны тухайд гэвэл нэгээс нөгөөд шат дараатай, тодорхой хугацаанд дамжих ёстой албан бичгүүдийг гурван талд нэгэн зэрэг төлөвлөж, дараа нь хүн харахад нүд хуурахаар баримтуудыг бүрдүүлсэн аж. Уншигч танд эдгээр баримтуудыг засваргүйгээр хүргэж байна. Энэ гурван баримт бичиг зөвхөн нэг өдөр үйлдэгдсэнийг тодруулъя.
Хошууч генерал Я.Чойжамцын хувьд өндөр албан тушаалд тэнцэж болохуйц цэргийн мэргэжилтэн байж болох ч төрийн ажлын туршлагагүй, ойворгон нөхдийн золиос хоёр дахь удаагаа болж буй нь энэ юм. Өмнө нь энэ оны хоёрдугаар сард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр хууль зөрчин томилогдоод дараа нь ном журмын дагуу томилогдсон Ц.Тогоо генералд тахимаа дуртай дургүй өгч байсан билээ.
Батлан хамгаалах бол “энгийн хүн”-ий хийдэг ажил огт биш гэсэн гажиг итгэл үнэмшилтэйгээр сайдын ажлаа эхэлж байсан Ж.Энхбаяр салбарынхаа онцлогийг “хаалттай” байдал гэж ойлгож, өөрийн хүрээллийг бий болгох зорилгоор явцуурсан томилгоонуудыг хууль зөрчих эсэхээс үл хамааран хийж байсан нь тухайн үед хэвлэлээр бичигдээд зогсохгүй дараа нь шүүхийн шийдвэрээр ч нотлогдсон. Хууль зөрчсөн тэдгээр томилгоонуудын сүүлийнх нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар хэдхэн хоног ажиллаж буй Я.Чойжамцын томилгоо юм. Түүний өмнө уг албыг хашиж байсан дэслэгч генерал Ц.Тогоо сонгуулийн дүн гарсны дараахан АНУ-ын Тампа хотод байрлах тус улсын зэвсэгт хүчний төвийн командлал руу “зугтан” 3 жилийн хугацаатай томилолт авч явснаар оронд нь Я.Чойжамц томилогдох “тааллыг” удахгүй огцрох сайдаасаа авсан хэрэг. Сайд хүссэн учраас хууль зөрчөөд ч хамаагүй томилох ёстой нь мэдээж тул Төрийн албаны зөвлөлийн гишүүн гэрлийн хурдаар бичиг цаасны ажлыг нь ёсчилсон бололтой.
Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярын үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Тогоо генерал сонгуулийн дүн эргэснийг мэдэрч нэгэн үе өөрийнх нь орлогчоор ажиллаж байсан Я.Чойжамцад ачаагаа үүрүүлээд АНУ-ын Зэвсэгт хүчний төвийн командлалд Монголын талыг төлөөлөх ахлах төлөөлөгчөөр томилогдсон юм байна. Энэ томилолтыг мөн л эрх мэдлийн сүлжээгээр хүч түрэн хийлгэж, тэнд дөнгөж томилогдоод байсан Зэвсэгт хүчний шилдэг залуу боловсон хүчнийг “зайлуулж”, тушаал бууруулан орыг нь ичгүүр сонжуургүйгээр эзэлжээ. Тэр тусмаа залуу офицерүүд ганцхан жилийн хугацаагаар томилогддог уг албанд гурван жилийн хугацаагаар томилолт гаргуулсан гэх мэдээлэл ч буй юм. Бүр ноцтой нь тусгаар Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабыг долоон жилийн туршид завсаргүй толгойлсон энэ эрхэм аль нэг орны бүсийн командлалд дэндүү жижиг албанд залуу офицер мөргөн тухалсан нь цэргийхний жигшил дургуйцлийг төрүүлж байгаа ажээ. Монгол Улсын цэргийн нууцтай холбоотой нарийн ширийн зүйлийг мэдэх учиртай энэ генералыг ийнхүү харьд одсоныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, холбогдох байгууллагууд анхаарч байгаа бизээ.
Батлан хамгаалах салбар бусад салбарыг бодоход боловсон хүчний нарийн дэг жаягтай, тэнд аливаа томилгоо, халаа сэлгээ нь стратеги, бодлоготой хийгддэг гэж олон хүн ойлгож, итгэж үнэмшдэг. Гэтэл сүүлийн үед энэ салбарт өрнөсөн боловсон хүчний өөрчлөлт нь танил тал, нутаг нуга харсан, эрх ашгийн томилгоонууд төдийгүй хууль зөрчсөн үйлдлүүд ч байгааг дээрх жишээнээс харж болох аж. Харин Төрийн албаны зөвлөл нь энэ бүхэнд үйлчилдэг албан ёсны байгууллага болж хувирсныг сүүлийн үеийн газар авч буй шүүмжлэлүүд сануулж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүд нь УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилогдчихоод хуучин гишүүн нь байсан намынхаа хүсэл зоригийг гүйцэлдүүлдэг, аль нэг урьдчилан сонгосон албан тушаалтанд тааруулж ажлын байрны тодорхойлолт зохиодог, яг тэрнийхээ дагуу шалгалт авсан нэртэй нөгөө л сонгогдсон нөхрөө томилдог байгууллагад нь тохиролцсоны дагуу нэр дэвшүүлдэг болсоор дэндүү удаж байна.
Ийм л юм хийдэг, бүр түүндээ гаршсан учраас “шинэчлэлийн” гэгдэх шошготой Н.Алтанхуягийн Засгийн газар төрийн албыг нийтийн алба болгохоор ярьж эхэлсэн гэж ойлгогдож байна. Төрийн албаны зөвлөл, Н.Алтанхуягийн Засгийн газрын танхимын хооронд өрнөж байгаа энэхүү чимээгүй мэт чимээтэй дайнд чухам хэн нь ялагчаар тодрох бол?
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин