УИХ-ын дарга Булганд ажиллав

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Булганд ажиллав

УИХ-ын дарга З.Энхболд Булган аймагт ажиллах эхний өдрөө Баяннуур суманд ирж Л.Отгон ахлагчтай хадлангийн механикжсан салааныхантай уулзжээ. Тус салааныхан Эрээн сархиаг хэмээх газар ажиллаж байгаа бөгөөд улсын нөөцөд 150 тонн өвс бэлтгээд байгаа аж. Мөн нутгийн малчдад өвсөө хямд үнээр борлуулдаг байна. Мөн тариаланч Д.Баясгалангийн жимс жимсгэнэ тариалдаг өрхийн аж ахуй болон Солонгос улсын хөрөнгө оруулалтаар ойжуулалт хийдэг “Ногоон ази” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна. “Ногоон ази” байгууллага нь  элсний нүүдэл, хөрсний эвдрэлээс сэргийлэхэд зориулан 1210 га-д мод бут, жимс жимсгэнэ тарьсан нь эрчимтэй ургаж байгаагаа танилцуулжээ. Дараагаар нь Ангиртын бэлийн талбайд ажиллаж байгаа Бүрэгхангай сумын “Төлүүжин” хоршооны ургац хураалтын ажилтай танилцаж, Орхон сумын гэрийн модон эдлэлийн үйдвэрлэл,  “Орхон мандал” компанийн үтрэм, “Орхон эсгий” хоршооны үйл ажиллагаатай танилцжээ. “Орхон мандал” компани нь энэ намар арвин их ургац авхаар төлөвлөөд байгаа бөгөөд тэд 870 га-гаас үр тариа хураахаас одоогоор 300 га-гийн ургацийг хураагаад байгаа аж. Нэгжийн ургац нь 16 центнер байгаа гэнэ. А.Лхагвасүрэн эзэнтэй “Орхон эсгий” хоршооныхон өдөрт таван эсгий үйлдвэрлэдэг аж. Хонины ноосыг үндэсний үйлдвэрүүдэд тушаасан малчдад Засгийн газраас урамшуулал олгодог болсноор орон нутгийн иргэд ноосоо манайд өгөх хөдөлгөөн өргөжлөө хэмээн тус хоршооны эзэн А.Лхагвасүрэн танилцуулжээ. Мөн Г.Батсайхан эзэнтэй аж ахуйнхан гэрийн модыг иж бүрнээр нь үйлдвэрлэж, эрээлж хээлнэ, бас гэр ахуйн тавилга модон эдлэл хийдэг байна. Ийнхүү орон нутагтаа хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байгаад УИХ-ын дарга талархал дэвшүүлж, ажлын амжилт хүсчээ. Цаашлаад тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын дарга Д.Ренцин улсын нөөцийн үр тариа хадгалах элваторын хүчин, тоног төхөөрөм, цехүүдийн үйл ажиллагааг танилцуулж, УИХ-ын дарга болон ҮХААЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тодуулсан асуултад хариулт мэдээлэл өгсөн байна.  УИХ-ын дарга  Булган аймаг ийнхүү ажиллахдаа сум, аймгийн удирдлагуудын албан өрөө тасалгаагаар оролгүй шууд үйлдвэрлэл, анхан шатны аж ахуйн нэг, айл өрхийн ажил амьдралтай танилцсанаараа онцлог болж байна хэмээн УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.
Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж