Дэлхий дүүрэн янцгаасан дэрэнгийн “Хар азарга”

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Дэлхий дүүрэн янцгаасан дэрэнгийн “Хар азарга”

Цантын
уулын энгэр дүүрэн хурайлах адуун олон сүрэг, урт урт уурга
суналзуулсан адууч эрсийн цог золбоог харахуйяа сэтгэл сэргэж “Дэрэнгийн
хар азарга” дэлхий дүүрэн янцгаах шиг санагдана. Дэрэн гэж говийн энэ
буйдхан сумыг дэлхийд дуурсгасан алдартны  тэргүүнд Зууны манлай уртын
дуучин Намжилын Норовбанзад агсан од адил гялалздаг бол “Дэлт” Чимэддорж
тэхий дунд нь дэргэж хатирч  яваа. Монгол улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт, “Болор цомын
хэд хэдэн удаагийн эзэн… энэ олон цол хэргэм нь түүнийг ингэтэл 
өндөрт “Хөөргөдсөн” гэж санана уу. Үгүй ээ, түүний мах цуснаас, асч
дүрэлзсэн онгодоос нь, байгаль эхээс заяасан бялхаж цалгисан авьяаснаас
нь  тасарч төрсөн гайхамшигт шүлгүүд нь түүнийг дэлхий дүүрэн
“Янцгаалгасан” юм. Аль тэртээ наяад оны дундуур “Малаа яаж маллахыг
марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг” бодь цөлх  малчдаа цөсийг нь
хөөртөл магтан дуулсан хүн  Чимэдоржоос өөр хэн байх билээ. Одоо тэр
шүлгийг цээжээр унших малчин  үй түмээрээ.  Монголын хээр талыг мянга
мянгаараа сүрэглэн бүрхдэг цагаан зээрийг өр зүрхээ өмлөн өмгөөлж

“Цуутай дорнын цагаан зээр
Цусаа үзсэн улаан зээр…”
гэж хэн сэтгэл сэрхийтэл агсамнаж төрийн “Дүлий” чихийг онгойлгосон юм бэ. Чимиддоржоос өөр хэн ч үгүй л байхгүй юү.

“Улаанбаатарын минь дундуур сажилж байгаа
Улаан голоор минь урсаж байгаа
Улаан нүүрэн дээр минь ширгэж байгаа”
Сэлбэ
голоо аврахыг шүлгээрээ түмэн олонд хүргэсэн уриалга  бараг хориод
жилийн өмнөх. Гэтэл Сэлбийг сэргээх, “Сэлбэ” төсөл хэрэгжүүлэх ажил
саяхнаас л дуулдаж эхэлсэн шүү дээ.  Он цагаас түрүүлэн харж, орчлонг
доргитол сэтгэж олныг сэрхийтэл шүлэглэж явсан их найрагч Цэндийн
Чимэддорж нэгэнтээ:

“…Хаан Чингис минь майга
Хас буу тамга минь майга
Яс минь майга
Цус минь майга
Яалт ч үгүй майга
Яахын аргагүй Монгол
Хөх толбо минь майга
Хөх тэнгэр минь майга
Би морь унаж майга болсон
МОНГОЛ”
хэмээн билэг танхай  цэц асган   Монгол удам угсаа, үндэс язгуураа урьд хожид хэн нэгэн суутны хэлээгүй үгээр тунхагласан юм. 
      
Тэр
бид хоёр далаад оны Мандалговийн элстэй гудамжаар  харайлгаж сонины
редакцийн өрөөнд өнжин хонон хуучин сонин эргүүлж уран бүтээлийн халуун
яриа өрнүүлж явсансан. Аймагтаа Хөдөө аж ахуйн техникумыг малын эмч
мэргэжлээр төгсч аймгийн Мал эмнэлэгт ажиллаж байсан түүнийг  аймгийн
Соёлын ордны тайзан дээр дуулж байхыг анх  харснаа санаж байна.  Соёлын
ордон ч нэгдсэн тоглолт, энэ тэрдээ юун түрүү  урьж дуулуулдаг байж. 
Харин нэг удаа аймгийн сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар
ажиллаж байсан намайг эрхлэгч Санжийн Батмөнх гуай дуудаад “Нэг
авьяастай залуухан хүн редакцидаа олох хэрэгтэй байна” гэлээ.  Би хариуд
нь Мал эмнэлгийн Чимэддорж яах бол гэвэл “Нээрэн Төмөр гуай Чимэддорж л
гэж нэг сайн хүү байна гэдэг юм. Дуудаач, уулзая”  гэснээр түүний
сэтгүүлч болох зам нээгдсэн дээ. Урьд нь энд тэнд нийтлүүлээгүй ч  яггүй
хөөрхөн шүлэг бичсэн нь өвгөн найрагчийн анхааралд өртсөн хэрэг.  Тэр
үед аймгийн Захиргааны Хөдөө аж ахуй хариуцсан орлогч дарга Ө.Дашдаваа
“Залуу мэргэжилтнээ өгөхгүй” гэж нэлээн цааргалсан ч Намын хороогоор
мундагдуулж байгаад сониндоо авсан.   Д.Цэрэннадмид бид хоёр Өлзийт
суманд Чимэддоржийгоо анхны томилолтоор авч яваад ирэхэд  мань хүн
“Талын Цэрэн” гэсэн эвтэйхэн тэмдэглэл биччихлээ. Түүний анхны
тэмдэглэлийн баатар нь одоо “Цэрэнгийн гурван Цэцэг” гэгдээд байгаа 
Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нарын аав л даа. Чимээ маань
Гүндсамбуугийн  Төмөр гэж  яруу найрагч өвгөнийг багшаа гэж хачин
хүндэтгэдэг, “Дэлгэсэн ном шиг цагаан үсээ намируулан” гэж багшаа
дурсэлсэн нь нүдэнд харагдана.  Багш нь ч шавиа их тоодог, “Малгайгаа
аван” магтдаг байж билээ. “Улаан туг” сонинд Санжийн Батмөнх гэх сайхан
хүний удирдлаганд  Ц.Чимэддорж, Ц.Ганболд, Д.Цэрэннадмид бид нэгэн үед
ажиллаж хөдөө гадаа сурвалжлаганд давхиж сонины “Хар” ажилд хоёргүй
сэтгэлээр зүтгэж явж дээ. Одоо Д.Цэрэннадмид маань “Зууны мэдээ” сонины
албаны дарга, Ц.Ганболд нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэлч, Засгийн
газрын Хэвлэлийн албаны дарга,  Монгол телевизийн ММ агентлагийн
захирал, Батлан хамгаалахын сайдын зөвлөх зэрэг томхон ажилд хүч үзсэн
сэтгүүлч. Тухайн үед бүгдээрээ арван жилийн төдий боловсролтой ч 
авьяасын асан буй цучлаараа, дур сонирхлоороо боловсролынхоо дутууг
нөхөн  сониноо улсын хэмжээнд эхний байранд авч явснаа дурсахад сонин.
Чимэддорж маань өөрөөр сэтгэдэг, өвөрмөц бичдэг, тал талын авьяастай
нэгэн байлаа.   Энд тэнд найр наадам таарвал “Өөрийн Адарсүрэнтэй яваа”
гээд их л бардам байдагсан, бид. Яагаад гэхлээр Чимээ маань тэр үед
“Хит” болж байсан Адарсүрэнгийн дуунуудыг хачин эвлэг дуулдагсан.
Хөдөөнийхөн алга ташаад л дахин дахин дуулуулж найр  хөгжөөд явчихна.
Өөрөө ч Адарсүрэнг эчнээгээр маш их хүндэлдэг байсан  төдийгүй хожим
танилцан анд нөхөд болсон. Тэгснээ манай хүн үзгээ шүүрэн хэн нэгнийг
зурж эхлэнэ. Хүний нүүр царайн аль содон төрхийг хэтрүүлэн хачин гоё
нөхөрсөг  шог зурна.    Тэр үед аймгийн Соёлын ордны найруулагч Ц.Жандал
гэж сайн шарж ч, нөхөрсөг шог зургийн мастер байсан нь мань хүнд
нөлөөлсөн хэрэг.  Цэрэгт байхдаа оюутан байсан над дээр чөлөөгөөр
ирэхдээ манай ангийн хоёр хүүхний нөхөрсөг шогийг тэр дор нь зурчихаж
байв.  Өөрийн төрсөн тоонот болох Их газрын чулууг их шүтдэг, “Миний
цэнхэр үзэсгэлэн“ гээд гэр орондоо, дэвтэр номон дээрээ зурчихсан
байдагсан.  Цэргийн албанд байхдаа үе үе над дээр ирнэ, өнжиж хонон
шүлгээ уншина. Тэгснээ Сонгины булан дахь ангиасаа захиа илгээнэ.

“…Зургий чинь сониндоо тавина гэж уран үгээр бамбайлаад
Зун шиг эрээн даашинзны хормойд хүрч явлаа бид…”

гэхчилэн  сонинд байх үеийн адал явдлаа шүлэглэсэн нь их л сонин
санагддагсан. Цэрэгт байхдаа ханьтайгаа  тохиолдлоор учирсан. 
Баянхонгор аймгаас нэгэн цэрэгт өгчилгөсөн илгээмжийг анги дээр нь
хүргэж өгөхөөр очсон оюутан охинтой эхэлж таарсан цэрэг нь Чимээ байж л
дээ. Тэгээд нөгөө цэргийг уулзуулж өгөнгөө танилцаж түүнээ лавшруулсаар
халагдахдаа суусан гэдэг. Мөнхтуяа нь даанч эрт хорвоог орхисон доо.
Чимэддорж маань аймгийн сонинд нэг жил ажиллаад л цэргийн албанд
мордсон. Тэр үед бидний хэдэн залуу аймгийн Эвлэлийн хорооны дэргэд
“Алиа шогчдын клуб” байгуулаад ид бужигнуулж байсан цаг.  “Ёс ёмбогор,
төр төмбөгөр”  жүжиг найруулаад яг тайзнаа тавих гэж байтал гол дүрд
тоглосон Чимээ цэрэгт тэнцчихээд биднийг түргэн авахуулсан. Цэрэг
мордохын урьд шөнө бид жүжгийнхээ анхны тоглолтыг Соёлын ордны тайзнаа
амжилттай хийгээд  маргааш нь хамтлагаараа жүжгийн гол дүрийн баатраа
үдэн мордуулж байв. Чимээ цэргийн албанаас халагдангуут Монголын радиод
орж “Малчин” нэвтрүүлгийг  гучин  жил хөтөлж Монгол малчдын бүхэл бүтэн
үеийг гэгээрүүлж тэдний сэтгэл зүрхэнд  нэвтэрсэн хүн дээ. Тийм
болохоор:

“Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрэлгүй
Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан

Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй
Давхиад очиход цоожгүй айл малчин танайх
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных”
гэж  цэцэрхэхээс ч яахав.

Чимээ
бол асаж дүрэлзсэн авьяастан. Энэ тухай уран бүтээлийн анд нөхөд нь
зөндөөн бичсэн тул би  давтан нурших нь илүүц. Өнөөдөр Монгол улсын
Соёлын гавьяат зүтгэлтэн, авьяаслаг яруу найрагч Цэндийн Чимиддоржийн
гавьяаг мөнхжүүлэх ажил төрөлх нутагт нь ид өрнөж байна. Мандалговийн
нэгэн цэцэрлэгийг түүний нэрэмжит болгох, аймгийн Музейд түүний нэрэмжит
булан танхим нээж говийн аймгуудын яруу найргийн наадам Мандалговьд
зохион байгуулахаар түүний үзэг нэгт анд нөхөд, зохиолч яруу найрагчид
Дундговийг зорин хөдөлж байна.

“Дэрэнгийн хар азарга” дэлхий дүүрэн хангинатал янцгаасаар…

    Зураг дээр: Ц.Чимэддорж бид хоёр. 1977 он.

                Сэтгүүлч  Сандагдоржийн ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж