Цагдаагийн экс удирдлагуудын ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс удирдлагуудын ялыг хэвээр үлдээлээ

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд 10 гаруй цагийн турш хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн этэдний гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  Хурлыг даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчэээр  Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Батцэрэн оролцжээ. Харин яллагдагч  Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Н.Мөнхбат, О.Зоригтын өмгөөлөгчөөр Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр Н.Оюунцэцэг, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр нар оролцов.

Тэднийг шүүх анхан шатны хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон.  Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм. Гэвч цагдаагийн экс удирдлагууд болон тэдний гэр бүлийнхний зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

Цагдаагийн экс удирдлагуудыг сонгуулийн дараахь  эмх замбараагүй байдал үүсч таван хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэгт холбогдуулж  Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн  гэм буруутайд тооцон  анхан шатны шүүхээс ял оноосон юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж