Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Бэлэн хүчийг ашиглая

Хот,
хөдөөгийн аль аль замд ганц хэрэгтэй зүйл нь засвар болоод байна.
“Тэнгэр одоор баян, зам нүхээр баян” гэдэг үг хүртэл бий болж. Зам
засварын компаниуд энэ үед бүхий л чадлаараа ажиллаж буй хэдий ч ажиллах
хүч нь хаанаа ч хүрэхгүй байна. Ажиллах хүн олдохгүй байна гэж ажил
хийхгүй байгаа энэ компаниудад уг нь боломж бий. Тэр боломж нь хорих
ангиудад байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нийт 6900 гаруй
хоригдогсод байгаа бөгөөд үүнээс жирийн дэглэмтэй хорих ангид 3700 гаруй
ялтан ял эдэлж байна. Мэдээж хүнд ноцтой хэрэг хийсэн, дэглэм өндөртэй
газрын хоригдлуудаар ажил хийлгэнэ гээд гаргаад ирэх нь тохиромжгүй.
Харин хөнгөн хэрэг үйлдсэн, хүндэвтэр хэргийг санамсар болгоомжгүйгээс
үйлдсэн, хохирол барагдуулах чадваргүйгээс шоронд орсон олон залуусыг
хөдөлмөрт дайчлах боломж хангалттай бий. Угаас ийнхүү ялтнуудыг хөдөлмөр
эрхлэхийг нь хуулиар зөвшөөрсөн байдаг тул өнгөрсөн онд 360 хүн аж ахуй
нэгжид гэрээгээр ажиллаж, энэ онд 650 хүнийг гэрээгээр ажиллуулжээ.
Гэвч ажил эрхлэх боломжтой 3000 орчим хүний 650 ийг нь л ажиллуулсан
гэдэг нь тун ч хангалтгүй тоо.

Угаас хийгүйхэн шиг зохион
байгуулж чадвал энэ нь хаа хаанаа ашигтай. Хэрэгтэн ажил хийж мөнгө олох
нь хэзээ ч хохирлоо нөхүүлж чаддаггүй хохирогч нарт ч ашигтай. Ялтан ч
үйлдсэн хэргийнхээ хохирлыг төлж барагдуулснаар хугацаанаасаа өмнө
суллагдах боломжтой тул ашигтай. Нийгэмшиж, сүүлд нь энгийн амьдралд орж
ажил төрөл хийхэд нь ч дөхөмтэй. Цалин голж ажил тасалдаг хариуцлагагүй
ажилчдын оронд боломжийн үнээр хүнд ажлыг нугалж чадах ажилтнууд
олсноороо компанид хэрэгтэй. Үүнийх нь үр дүнд хурдан хугацаанд зассан
замаар зорчих нь бидэнд ч тустай.

Нийгмээс тусгаарлагдан гараа
хумхиж сууснаас нийтэд тустай ажил хийж, хөлсөөрөө гэмээ цайруулах
боломжийг хүлээн буй олон л хүн байна.

Барилга, үйлдвэрлэл,
ургац хураалт, зам засварын олон ажил овоорсоор л. Харин ажиллах хүн
олдохгүй нь гэж шалтаг тоочсоор л. Нарны Монголчууд нь гадагшаа ажиллах
гэж гарцгаасаар, нарсны монголчууд нь гараа хумхин суусаар. “Хоосон
надаас хоёр чихийг минь тасдаад авбал ав” гэж хэлээд хоригдох ял эдэлж
буй олон хүн бий. Хос чихээр нь яах вэ, харин хоёр гарыг нь холготол нь
ажиллуулаад хохирлоо барагдуулмаар л байна шүү дээ. 

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж