Хадгаламжийг хамгаалж чадах уу!

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Хадгаламжийг хамгаалж чадах уу!

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарчээ. Үүгээр тэргүүн ээлжинд батлагдах магадлалтай хуулиудын нэрс тодордог юм. Энэ жагсаалтад Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл багтсан ч батлагдах эсэх тухай биш ямар байдлаар хуульчлагдах бол гэдэг асуулт байгаа юм.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ГЭЖ?

Арилжааны банкны үйл ажиллагаа нь итгэцлийн үндэс дээр явагддаг. Түүнд хүмүүс итгэж хадгаламжаа хийдэг. Банк хүмүүст итгэж мөнгө зээлдүүлдэг. Хадгалуулагчид банкинд итгэх итгэлээ алдвал хадгаламжаа их хэмжээгээр нэг зэрэг татан авах үзэгдэл гарна. Бүх банкнаас бүх хадгалуулагчид хадгалуулсан мөнгөө нэг зэрэг авах үед банк системээрээ хямардаг. Эсрэгээрээ хүмүүс банкинд итгэл алдахгүй байгаа үед банкны төлбөрийн чадвар муудах асуудал гарахгүй. Банкинд итгэх итгэлийг бий болгох нь төлбөрийн чадварт чухал ач холбогдолтой. Банкинд итгэх итгэлийг бий болгодог шилдэг шалгарсан арга нь олон улсын банкны тогтолцоонд даатгал, тэр дотроо хадгаламжийн даатгал юм. АНУ-д 1800 онд хадгаламжийн даатгалын засгийн газрын анхны систем үүссэн гэдэг. Харин 1930 онд байгуулагдсан Америкийн Холбооны Хадгаламжийн Даатгалын корпораци нь өнөөдөр хадгаламжийн даатгалын үндэсний системийн хамгийн настай нь гэж тооцогддог байна. Гол нь банк дампуурсны улмаас хадгаламж эзэмшигчдийн хүлээх алдагдлыг багасгах, өөрөөр хэлбэл, тэдний хүлээх рискийг арилгах зорилгоор хадгаламжийн даатгалын тогтолцоо ийн бий болсон аж. Хадгаламжийн даатгал нь жижиг хэмжээний бизнес эрхлэгчид, иргэдийн амьдарлын турш цуглуулсан хуримтлалыг хамгаалж тэдэнд хөрөнгө чинь найдвартай гэсэн итгэл өгч энэ нь цаашдаа эдийн засгийн тогтворжилтыг хангахад нөлөөлдөг байна. Олон түмний зүгээс хадгаламжийн даатгалд итгэх итгэл нь аливаа нэг банкны талаарх хадгаламж эзэмшигч нарын таагүй сэтгэгдлийг багасгаж тухайн банкнаас хадгаламж дайжих үзэгдлийг хязгаарладаг аж. Гадаадын орнуудад төрийн болон хувийн гэсэн хоёр хадгаламжийн даатгалын систем байдаг ба төрийн даатгалын компани нь ашгийн төлөө бус зорилготой олон түмний итгэлийг бүрдүүлэхэд чиглэсэн байдаг. Хэрэв санхүүгийн хүндрэлд орсон тохиолдолд төрийн даатгалын байгууллагууд нь шууд ба шууд бус замаар засгийн газар болон төрөөс санхүүгийн эх үүсвэр зээл авч болдог онцлогтой байна. Харин хувийн даатгалын компани нь ашгийн төлөө байгууллагууд юм.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛСАН НЬ

Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хууль 2008 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2009 оны гуравдугаар сард орсон нэмэлт өөрчлөлтөөр төрөөс гаргах баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл хадгаламжийн нэгэн адил хамаарах болсон юм. Үүнээс шалтгаалан банкуудын дунд энэ хуулийн зүйл, заалтыг гуйвуулан ашиглах хандлага ажиглагдах болж. Нэгэнт банкны дийлэнхи хөрөнгийг төр батлан дааж байгаа учраас банкууд эрсдэлийн удирдлагаа сулруулах, харилцагч банкны санхүү, төлбөрийн чадварыг үл харгалзан эрсдэл өндөртэй банкуудад хөрөнгөө байршуулж байгаа нь банкны системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх аюултай байна. Мөн санхүү төлбөрийн чадварын хүндрэлд орсон болон орж болзошгүй банкууд хэт өндөр хүүг нийтэд зарлаж, өөрсдийн эрсдэл даах чадвараас их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж буй бөгөөд энэ нь манай улсын банкны системийн зээлийн хүүгийн дундаж түвшинг бууруулахад мөн сөргөөр нөлөөлөх болж. Түүнчлэн тухайн банкинд зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалттай этгээд болон түүний холбогдох этгээдийн харилцах, хадгаламжийг төрөөс гаргаж буй баталгаанд хамруулан тооцож буй тул төлбөрийн чадваргүй болсон банкнаас зээл авсан харилцагчид зээлийн өрөө төлөхөөс зайлсхийх, хариуцлагаас зайлсхийх боломжийг нэмэгдүүлсэн байна. Иймд, төрөөс батлан даах хөрөнгийн төрөл, хэмжээг хязгаарлах заалтуудыг уг хуульд нэмж тусгахаар болж хуулийн төсөл боловсруулжээ.

ЯАГААД БҮХ ХАДГАЛАМЖИЙГ БҮХЭЛД НЬ ДААТГАЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Хуулийн төсөлд хадгаламж дахь хөрөнгийн баталгааны дээд хязгаарыг 20 сая төгрөгөөр тогтоож өгөхөөр хуульчилсан нь хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүдийн зүгээс нэлээд маргаан гаргахад хүргэж байв. Угтаа ийнхүү хязгаар тогтоож буйгаа хууль боловсруулагчид 20 сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшигч нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99 хувь бөгөөд нийт хадгаламжийн дүнгийн 31 хувийг эзэлдэг” тухай тоон дээр түшиглэн гаргасан гэнэ. Ийн хязгаар тогтоох нь банкнаас мөнгөө татахаас хамгаалдаг аж. Бусад улсад ийн хязгаар тавьсан нь бага хэмжээний хадгаламж эзэмшигчид мөнгөө татан авах явдлыг арилгажээ. Хадгаламжийг бүхэлд нь даатгахад гарах гол бэрхшээл гэвэл их хэмжээний хадгаламж эзэмшигчид мөнгөө хадгалуулах банкаа болгоомжтой сонгодог байна. Өөрөөр хэлбэл, даатгалын хэмжээнд хязгаарлалт байсан цагт гол төлөв бизнес хүн болох их хэмжээний хадгаламж эзэмшигчид хэтэрхий их эрсдэлтэй ажилладаг банкуудаас зайлсхийх нь тодорхой юм. Үүний улмаас банкууд аюулгүй бодлого баримтлах шахалтанд ордог аж.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд:

  1. Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл
  2. Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл; 
  3. Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл; 
  4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 
  5. Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлан; 
  6. Монгол Улсын хууль тогтоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; 
  7. Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл; 
  8. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл; 
  9. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы
    хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн
    төслүүд;
  10. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл; 
  11. Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүд; 
  12. Бусад гэсэн асуудлууд багтаад байна.

ЖИЧ: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон
хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас
өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд
оруулахаар шийдвэрлэжээ.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж