“Би ангийнхаа Билгүүнд сайн. Гэхдээ Билгүүн Хуланд сайн юм шиг байна лээ” гэх миний бяцхан дүү одоо 12 настай. Тэрний хүсэл тэмүүлэл ямар ариухан, гэнэхнээрээ гэж санана. Зуны гурван сар амрахдаа хурдан хичээлдээ ормоор байна, Билгүүнтэй уулзмаар байна гэж хичээлдээ яарах дүүтэй минь ижилхэн нэгэн гүнж, “томчууд”-ын буруутай үйлдлээс болж хорвоог орхин одсон. Хичээлийн шинэ жилийнхээ нээлтэнд суугаад, шинэхэн дэвтэр, шинэхэн үзгээ гартаа ч барьж амжаагүй тэр жаахан охин юу мөрөөдөж байсан бол. Загвар өмсөгч үү, багш уу, эсвэл хүн бүхнийг авардаг алтан гартай эмч ч юм билүү. Тэр гэгээхэн мөрөөдөл эзэнтэйгээ есдүгээр сарын 1-ний өдөр хэн нэгний буруугаас болж алга болсон. Бяцхан үрээ тэврэх тавилангүй болсон эхийн сэтгэл эмтэрч, эцгийн сэтгэл элэгдэж байгаа даа. Одоо хэдэн гэгээн мөрөөдөл айдас, түгшүүр тээн алхаж яваа бол. Хэдэн эцэг эх айдас дунд ажлаа хийн, хүүхэд минь яагаа бол гэж тарчилж суугаа бол.
Би мөрөөдөж, сурсан, мэдсэнээрээ эх орныхоо их үйлсэд зориулж яваа жирийн нэгэн аав, ээжийн охин. Надад мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, зорилго бий. Ид хийж бүтээх идэр залуучууд ч мөрөөдөл байсан. Найз охиндоо, эхнэртээ цэцэг бариад үнсэх тэр халуун уруул бас л “томчууд”-ын буруугаас хөрсөн. 19 настай тэр оюутан юу мөрөөдөж байсан бол. Уул уурхай хөгжиж буй энэ үед уурхайчин болно, олон ард түмэндээ оюу эрднээ хайрласан Оюутолгойд ажиллах хүсэл түүнд байсан ч юм бил үү.
Одоо ч эмнэлэгт хэвтэж буй хоёр залуугийн бие хүнд байгаа гэсэн. Тэдэнд ч гэсэн мөрөөдөл байсан. Өглөө гарахдаа хүүхдүүдээ үнсээд гарсан тэр аав одоо бурханд найдаж, шаналж хэвтээ байхдаа. Дахин аав болох хүсэл, амралтын өдрөөрөө хүүхдүүдтэйгээ тоглож өнгөрөөх, хайртай эхнэрээ баярлуулах, хамтдаа кино үзэх хүсэл түүнд байсан. Харин одоо тэд ямар байдалтайгаар эргэн амьдралд хөл тавих нь тодорхой бус байна. Азаар сүүлд барилгаас унасан хоёр залуу амьд, гэхдээ тэд насаараа нэг зовлон, сэтгэлийн түгшүүртэй үлдэнэ.
Хүн бүрт мөрөөдөл бий. Харин тэр мөрөөдлийнхөө төлөө зовж, хүлээж, тэмцэж ирсэн тэр мөрөөдлүүд өнөөдөр байхгүй болсон. Есдүгээр сарын 1-ээс эхэлсэн барилгын салбартай холбоотой хэрэг зөрчил олныг цочроосон, олныг бухимдуулсан хэцүү явдал үнэхээр хүнд өдрүүд байлаа. Одоо энэ бүхэн эцэслэх, дахин ийм зовлон хүмүүст тохиохгүй гэдэгт итгэх итгэл ч үлдсэнгүй.
Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүд хамтран зөвшөөрөлгүй барилга, барилгын аюулгүй ажиллагааны дүрэм журмыг цэгцлэх үүрэг авсан. Харин тэдний хийж буй ажил үр дүнгээ өгч олон аав ээж, таны, бидний сэтгэлийг амраагаасай гэсэн хүсэлээс өөр зүйл үлдсэнгүй. Гэхдээ хүний амийг 250 мянган төгрөгөөр дэнслээд өнгөрөх бус, буруутай нь буруугаа хүлээж, хариуцлага хүлээх эзэнтэй шийдвэр гаргах нь чухал. Техник, технологийн дэвшил хөгжиж буй энэ үед хаана юу болж байгааг бид амархан мэддэг болсноос ч тэр үү мессенжэр, фэйсбүүк, твиттерээр тарж хүмүүс бүр ч их түгших болж. Хамгийн харамсалтай нь “Бидэнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах” баталгаа алга.
Хэзээ, аль үед энэ баталгаагаа бид алдчихваа. Эрх мэдэл, ашиг сонирхол давамгайлж эхэлсэн цагаас бидний эрх үүрэг, баталгаа алга болчихсон мэт. Хотын төвд нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилга өдрөөс өдөрт сүндэрлэж эхлэхэд бид аюулгүй орчинд амьд явах эрхээ гээчихэж. Гэхдээ цөөхөн хэдэн хүний гар энэ бүгдийг шийдэж, барилга барих зөвшөөрлийг үзэглэдэг нь өнөөдрийн бидний эмгэнэл. Бидний эрхээс илүү эрх мэдэл, шунал хүсэлдээ хөтлөгдсөн цөөхөн хэдэн хүний балаг өнөөдөр бидэнд айдас, түгшүүрт амьдрах аюул дагуулчихсан нь харамсалтай.
Одоо бидэнд хүлээх үлдсэн. Хамгийн чухал нь цаг алдалгүй арга хэмжээ авах. Эрх мэдлээ хэтрүүлдэггүй, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах тийм эрхмүүдийг бид сонгож чадсан эсэхийг хүлээх л үлдлээ. Одоо хэдэн гэгээн мөрөөдөл айдас, түгшүүр тээн алхаж яваа бол. Хэдэн эцэг эх айдас дунд ажлаа хийн, хүүхэд минь яагаа бол гэж тарчилж суугаа бол.