
Долоо хоногийн эхээр уг гэрээнд гарын үсэг зурсан гэж Оросын Сангийн орлогч сайд Сергей Сторчак мэдэгдсэн байв. Тухайн үед зөвлөлтийн рублийн ханшаар 60 копейкийг нэг ам.доллартай тэнцүүлэн зээл олгож байсан нь одоо 11 тэрбум ам.доллар болсон байна.
Өмнө нь Сергей Сторчакын тайлбарласнаар өрийн зохицуулахад өрийн 90 хувийг цайруулан үлдсэн рублийг долларт шилжүүлэхээр ярилцаж байсан гэнэ. Өрийн үлдэгдэл болох тэрбум гаруй долларыг “өрийг тусламжаар солих” схемд ашиглан БНАСАУ-ын боловсрол, эрүүлийг хамгаалах ба эрчим хүчний салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд оруулах гэнэ.
Өрийн асуудлаарх хэлэлцээр гурван жил завсарласны эцэст өнгөрсөн жилийн зургадугаар сараас ахин үргэлжилсэн байна. Оросын талаас Гадаад эдийн засгийн банк, Сангийн яам хэлэлцээрийг явуулжээ. Өрийн хэсгийг цайруулж, үлдсэнийг нь хөрөнгө оруулалт эсвэл төлөх хугацааг нь сунгах замаар асуудлыг шийдэх боломж байгааг Орос үгүйсгээгүй байв.
“Хойд Солонгосын өрийн хэсгийг зүгээр л цайруулж өгөөд, үлдсэн хэсгийг нь руль, долларын ханшийн дундаж гэгчээр бодно гэж шийдсэн байж магадгүй. Энэ өр нь Зөвлөлтөөс өвлөгдөж ирсэн учраас түүнийг эргүүлэн авна гэж хэн ч найдаагүй. Өнөөгийн нөхцөлд ажил хэргийн холбоог хадгалан үлдэх нь тэр өрийг авахаас чухал. Үлдсэн тэрбум долларыг Орос “амьдаар” харахгүй биз. Тэр нь хамтарсан төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалт маягаар тооцогдох байх” хэмээн “Инвесткафе” компанийн шинжээч Анна Бодрова тайлбарлав.
Оросын эрх баригчид хэд хэдэн шалтгаанаар өрийг цайруулах санал дэвшүүлсэн байв. Нэгдүгээрт, БНАСАУ төлбөр төлөх чадваргүй. Орос байнга түүнд хүнс, шатахуунаар тусалж байдаг. Зөвхөн өнгөрсөн жилийн намар хүмүүнлэгийн тусламж болгон 50 орчим мянган тонн улаан буудай өгөхөөр шийдсэн билээ.
Хоёрдугаарт, асар их хэмжээний өр нь хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг тогтоон бэхжүүлэхэд саад болж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Хойд Солонгосын лидер Ким Чен Ир уулзахдаа гурван улс дамжсан байгалийн хийн хоолой барих хамтарсан комисс байгуулахаар тохиролцсон байлаа. Хойд Солонгосоор дамжуулан Өмнөд Солонгост Оросоос байгалийн хий нүүлгэх хоолойны талаар яригдсан нь энэ байв.
Гуравдугаарт, өмнө нь тохиролцоо хийх оролдлого бүтэлгүй байлаа. Орос Хойд Солонгосыг Парижийн зээлдүүлэгч нарын клубын хүрээнд оруулан татахаар оролдсон билээ. БНАСАУ улс төрийн үзэл баримтлалаасаа үүдэн бүхий л олон улсын бүтцүүдтэй хамтрахаас татгалздаг. Зөвхөн Оростой л шууд зээлдүүлэгч гэж ярилцах сонирхолтой байжээ.
Шинжээчид 2007 онд Хойд Солонгосын хуучин Зөвлөлтийн өрийн хэмжээг найман тэрбум ам.доллар гээд хүүтэйгээ есөн тэрбум гэж тооцсон юм. 2011 онд тэр нь 11тэрбум болжээ.
Хойд Солонгосын үндсэн зээлдүүлэгч нь Оросоос гадна БНХАУ, Өмнөд Солонгос хоёр юм. Өрийн хэмжээг хүн амд нь хуваавал Хойд Солонгосын нэг хүн дэлхийн өмнө 775 ам.долларын өртэй болно. Гэтэл тэдний албан ёсны цалин хөлс нь дөнгөж хэдхэн доллар байгаа.
Зөвлөлтөөс зээлдэгч нарын тоонд Монгол, Вьетнам, Ангола, Этиоп, Энэтхэг, Сири, Ирак, Афганистан зэрэг зуугаад орон орж ирсэн юм. Орос Вьетнамын 10 тэрбум доллар, Иракийн 8 тэрбум долларын өр зэргийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Одоо Оросын Зөвлөлтийн үед Кубийн авсан 25-26 тэрбум долларын өр өмнө хамгийн их нь болж байна. Түүнийг буцааж авах нь бас л найдваргүй байгаа. Хоёр орны харилцааг эрс тасласныхаа улмаас харин Орос л түүнээс ч илүү өрийг Кубад төлөх ёстой гэж Хавана үздэг байна.
Хуучин Зөвлөлтийн өр бараг эргэн төлөгдөхгүй гэхдээ Орост түүний хэсгээс авах механизм бий. Тэр нь өрийн хэмжээг буулган гурав дахь орны тусгай зориулалттай компани, банкуудад худалдах явдал. Тэд өрийг өөрсдийнхөө аргаар зохицуулдаг, Практик дээр өрийн 50-90 хувийг хямдруулан зардаг байна. Ийм аргыг гол төлөв Засгийн газар хоорондын өрийг зохицуулахад ашигладаг ажээ.
Өрөө авах бас нэг арга нь түүнийг үндэсний валютаар тооцон авах явдал байдаг. Дараа нь тэр мөнгөөр нь зээлдэгчдийн сонголтоор үйлдвэр барин бүтээгдэхүүнийг нь авах явдал юм. Энэ практикийг Орос Латин Америкийн орнуудад өргөн ашигладаг гэнэ.
