Тэдгээр зөвшөөрөлгүй барилгуудыг, хүний аминд хүрч, нийслэлийн иргэдийн амьд явах эрхэнд халдаад байгаа барилгын салбарынхныг яах вэ, дээрх барилгуудыг улсын өмч болгох уу, нураах уу гэдэг асуудалтай зэрэгцэн барилга барих зөвшөөрлийг чухамхүү яаж, ямар шалгуураар олгодог юм бол гэсэн асуулт байна. Яагаад зөвшөөрөл авахгүй барилга бариад байгаа шалтгааныг нь тодорхойлох хэрэгтэй юм. Ямар нэгэн шалтгаан, асуудал байгаа учраас зөвшөөрөлгүй барилга бариад байна уу, эсвэл Монгол Улсын хууль тогтоомжийг үнэхээр үл тоогоод байна уу гэдгийг ч тогтоох нь зүйтэй.
Хууль зөрчиж, том толгойлсон нөхдүүдийн барилгыг нураахад олон хүн хохь нь хэмээн хүлээж авах нь тодорхой. Нурааж, хураахгүй бол барилгын салбарт нүүрлээд байгаа барцад арилахгүй нь мэдээж. Гэхдээ цаашдаа зөвшөөрөлгүй барилга барих, хууль зөрчдөг асуудлыг цэгцлэхийн тулд хамгийн түрүүнд барилга барих зөвшөөрлийг хэн яаж, ямар шалгуураар олгодог вэ гэдгийг л яаралтай цэгцлэх ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, институцийн талаас нь, дүрэм журам стандартын талаас нь, хүний хүчин зүйлсийн талаас нь харж бодлогоо тодорхойлохгүйгээр нийслэлчүүдийн амьд явах эрхийг баталгаажуулж чадахгүй. Тиймээс барилгын тусгай зөвшөөрлүүдийг эргэн харахаас өөр арга байхгүй. Нэг хэсэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох асуудал замбараагаа алдаж үүнийг цэгцлэхийн тулд нэлээд ажил болсон. Байгаль, орчинд сөргөөр нөлөөлсөн дээрх асуудал харин одоо бол харьцангуй өөрчлөгдөж байгаа. Ерөнхийлөгч нь хүртэл хуулийн төсөл оруулж байж л асуудал намжиж, цэгцэрч байгаа шүү дээ.
Гэтэл интернэтээр “Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани яаралтай зарна 8806844х, жуучилсан хүнд нэг сая төгрөг”, “Долоон давхар хүртэл барилга угсралтын тусгай зөвшөөрөл үнэ тохирч худалдаж авна”, “Барилгын тусгай зөвшөөрөл гаргуулна, утас 9601345х” гэсэн зар хэсүүлчлэх болоод удаж буй. Үүнийг хянаж шалгадаг ч юм уу бүү мэд. Уг нь шалгаад үзэхэд гайгүй л байх. Ерөнхийдөө иймэрхүү зөвшөөрлийг 20 саяас илүү мөнгөөр зарах эсвэл тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн хүнд 2-5 сая төгрөгийн “хөлс” өгөх явдал түгээмэл болсон. Одоо хэд болж өссөнийг мэдэхгүй ч өнгөрсөн хавар салбарын яамны мэргэжилтнээс авсан мэдээллээр барилгын тусгай зөвшөөрөлтэй 3000 орчим аж ахуйн нэгж байдгаас ердөө 600 нь үйл ажиллагаа эрхэлдэг гэнэ лээ.
Барилгын тусгай зөвшөөрлийг авахад Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар гээд нийтдээ 54 байгууллагын гарын үсэг шаардлагатай ч танилтай бол хүүхдийн зуслангийн эрхийн бичиг олж авахаас амархан болсон талаар ч салбарынхан нь ярилцдаг юм байна лээ. Олны үг ортой ч байх л даа. Тиймгүйсэн бол барилгын тусгай зөвшөөрөл зарах зарлал интернэтээр энд тэндгүй хэсүүчлэхгүй л байсан болов уу. Улсын тэмдэгтийн тухай шинэ хуулийн дагуу 2,5 сая төгрөгөөр олгодог тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд энэ мөнгө барилгынханд инээдтэй л санагддаг байх.
Барилгын тусгай зөвшөөрлийг Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны болон Монголын барилгачдын холбоо, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн улсын комисс нэртэй 10 гаруй хүн олгодог гэнэ. Нэгэн барилгын ажилтны ярьснаар дээрх гурван газарт гол нөлөөлөх хүнтэй бол барилгын тусгай зөвшөөрлийг амархан авчихдаг юм байх. Барилгынхаа компанийн нэрийг чихэнд нь шивнэчихэд л болчихдог бололтой. Тиймээс барилга барих зөвшөөрөл олгодог улсын комиссыг өөрчилж, иргэний нийгмийг оролцоог нэмэгдүүлэх, хууль хяналтынхан болоод мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй байх. Зөвшөөрөл өгдөг, олгодог тогтолцоо, системийг нь бүхэлд нь өөрчлөхгүйгээр зөвшөөрөлгүй барилга барих үзэгдэл байсаар л байх болно. Тэгэхээр мөсөн уулын оройг нь хараад, шалгаад өнгөрөх бус ёроол рүү нь өнгийгөөд үзэхэд гэмгүй биз ээ.