Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн дэлхийн зах зээлд нүүрсний үнэ эрчимтэйгээр унаж, шинжээчдийн зүгээс энэхүү уналт 2016 оноос нааш сэргэхгүй байх гэж таамаглаж байгаа. Тийм бол уулуурхайн орлогоос хамаарч хөгжлийнхөө бодлогыг тодорхойлдог Монгол Улс улам л хүнд үе рүүгээ шилжинэ. Евро бүсийг донсолгож байгаа Грекийн өр, Азийг хямрааж буй Хятадын сөрөг үзүүлэлтүүд өнгөрсөн жил 17 хувьтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3000 ам.долларт хүрч байсан Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нэгэнтээ тодорхой болсон. Инфляци 15 хувьд хүрч, хөрөнгө оруулагчид хүлээлтийн горимд шилжин олон улсын хөрөнгийн зах зээл дэх Монголын компаниудын хувьцааны уналт бидэн сайныг авчрахгүй.
Оны эхэнд 120ам.доллар байсан нүүрсний үнэ өдгөө 50-60 ам.доллар болтлоо навч уначихаад байгааг “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Наран ярьж байсан.
Хятадын асуудал улам бүр хурцдаж, “Yanzhou coal” компани гэхэд эхний хагас жилд 2.83 тэрбум юань буюу 448 сая ам.долларын ашигтай ажилласан нь 2011 оны эхний хагасаас 43.7 хувиар багассан үзүүлэлт аж. “Шинхуа”-н удирдлагууд дотоодын болон дэлхийн макро эдийн засаг сайжрах байх гэж найдаж байгаагаа мэдэгдээд байгаа гэнэ. Гэхдээ энэ найдлага ерөнхийдөө талаар өнгөхөр магадлал тунд өндөр. Нүүрсний салбарынхан Хятадыг сандаргаж байгаа Акийн хямралын хоёр дахь давалгаа нэлээд хатуухан байж магадгүй гэдгийг ч сануулж байна. Хахир хүйтэн өвөл хаяанд ирж, төсөв хоосон байгаа үед энэ мэдээлэл монголчуудыг ч бас хямрааж байгаа.
Ялангуяа сонгуулиас хойш шинэ Засгийн газрын бодлогыг харзнаж өнөөдрийг хүртэл хүлээлтийн горимд шилжчихээд байгаа хөрөнгө оруулагчидтай тоглох тоглоомын дүрмээ ил болгох хэрэгтэй байна. Монголчууд улс төрөөр өвчилж байх зуур гадаадынхан улс орныхоо эдийн засагт хэдийн анхаараад эхэлчихэж. Тухайлбал, Хятад, Австрали, АНУ зэрэг орны Засгийн газар ашигт малтмал олборлогчдоо татвараас чөлөөлөх арга хэмжээ авч эхэлсэн бол урд хөрш маань бүх төрлийн татвар хураамж авахаа больсон. Мөн гадаадаас импортлохоо больж дотоодын уурхайнуудаасаа хэрэгцээгээ хангах бодлого баримталж байна. Хэрэв гадаадаас авах болвол маш хямд үнээр авах санал тавьж байгаа гэнэ. Хямралын хоёр давалгаанд сөхөрчихөөсөө өмнө танагтай байгаа дээрээ эдийн засгаа эмчилгээнд хамруулах хэрэгтэй байна.