Барилгын салбар стандарт нэхэж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Барилгын салбар стандарт нэхэж байна

Хайртай  бүхнээ хүн муу муухай бүхнээс өмгөөлж, хир ч  халдаахгүй байхыг хүсдэг. “Энгэрийг чинь дэвтээж өссөн үр, гал голомтоо бадраасан хайртай хань, аав, ээж тань нэг л өглөө сэрэхэд энэ хорвоогоос үүрд явчихсан байвал  танд ямар байх вэ” гэсэн асуултыг барилгын компаниудын шунахай эздээс асуумаар байна. Хүний бяцхан үр, охин хүү, хайртай хань хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалд зарцуулах ёстой мөнгөө харамласнаас чинь болж хорвоогоос зуурдаар явсаар байх ёстой юу. Хүний аминаас илүүгээр  хэдэн төгрөгөө  бодоод нойр хүрэхгүй байгаа байх даа. Хүнийг хайрлаж,  энэрэх сэтгэлгүй, харгис, өрөвдөлтэй байдлаасаа даанч ичмээр юм даа.

Хар мэдээ зүрх зүссээр…

Хар мэдээ зүрх зүссээр… Өчигдөр гэхэд л Хан-Уул дүүргийн III хорооны XVIII дугаар сургуулийн хажууд орон сууцны зориулалтаар баригдаж байсан барилгын бэхэлгээ нурснаас  25-30  насны хоёр ажилтан унаж,  нэг нь хүндээр бэртэж, нөгөө нь амь насаа алдлаа. Мөн автын осолд хоёр хүүхэд, нэг том хүн өртсөн аймшигтай мэдээг Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдах төвөөс мэдээлж байсан.  Гуравхан хоногийн өмнө 25 настай залуугийн дээрээс “Эко констракшн” компанийн хууль бусаар барьж байсан барилгын төмөр унаж, зуурдаар амиа алдсан. Тэрний өмнө энэ сарын 3-нд 12 настай бяцхан охин гэрийнхээ үүдэнд кранд даруулж, энэ хорвоог орхисон. Хүний амь нас тоглоом биш. Гэтэл бид нэг, хоёр, гурав, дөрөв… гээд тоолоод л суух уу.  Үүний гол буруутан нь хэн бэ.

Манайд барилгын захиалагч буюу эзэд нь гүйцэтгэгч компани руугаа буруугаа чихдэг. Гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгч эсвэл гэрээт компани руугаа чичилдэг байдалтай болоод буйг МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс хэлсэн. Хэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй бие бие рүүгээ чичилсэн, үүрэг хариуцлагаас мултрахыг оролдож, бүгд хар толгойгоо хаацайлдаг байна. Уг нь хуулиараа бол  захиалагч байгууллага хариуцлага хүлээх ёстой ч биелүүлдэггүй гэсэн.  Гэтэл өчнөөн гэр бүл өнчирч, элэг нь эмтэрч, найз нөхөд нь нулимсаа барж суугаа. Үүнийг шийддэг хуулийн заалт, тогтолцоог зайлшгүй бий болгож, эздэд хариуцлага тооцдог хатуухан хууль, дүрэм хэрэгтэйг Г.Эрдэнэтөгс сануулсан юм. Нэг ёсондоо барилгын салбарын бүх харилцааг стандартай болгож, түүнийгээ дагаж мөрдүүлэх “сачий”-тай байх хэрэгтэй байна.

Шийтгэл нь багадаад байна шүү дээ

Одоогийн хуулиар компаниудыг осол гаргасан тохиолдолд 250  мянган төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоодог байна. Зөвхөн ар гэрийнхэн нь гомдол гаргасан тохиолдолд асуудлыг цааш нь шүүхэд шилжүүлэн шийдвэрлэдэг байна. Мөн ослоо нуун дарагдуулбал 250-хан мянган төгрөгөөр торгодог байх жишээтэй. Харин давтан осол гаргавал 1-3 сая төгрөгийн торгууль ноогдуулдаг.

Тэгэхээр байгууллагууд ослоо аль болох нуун дарагдуулж, бага мөнгө төлөхийг л бодно. Энэ нь шийтгэл нь сул болохоор дураараа дургих боломжийг барилгын компанийн эздэд олгоод байгааг мэргэжилтнүүд сануулж байна. Гэтэл гаднын оронд энэ тал дээр тун хатуу ханддаг юм байна. Жишээ нь, Японд барилын осол гаргасан компанийг 300 сая воноор торгож, долоон жил хүртэлх хорих ял өгдөг аж. Австрали, Канад, Европын орнуудад мөн шийтгэл өндөр,  чанга хууль дүрэм, стандарттай байдаг юм байна. Энэ талаар Монгол улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат хэлэхдээ “Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа /ХХАА/- ны зардал нь талбайн болон ажлын байрных гэж бий. Талбайн зардлаа хэмнэж өндөр ашиг олох гэсэн хүслээс болж хүний амь нас эрсдэж байна. Хязгаарлагдмал орон зайд барилга төлөвлөх нь угаасаа гэмт хэргийн шинжтэй бүх хууль дүрэм зөрчсөн үйлдэл.  Тэгэхээр хөрөнгө оруулагч тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тутамдаа 20 сая төгрөгийг ХХАА-ны зардалд зарцуулахаар хуульчилж өгөх ёстой” гэв. Одоогоор манайд төсөвт өртгийн хоёр хувийг ХХАА-ны зардалд зарцуулах ёстой гэж заасан байдаг аж. Гэвч үүнийг хэрэгжүүлж, түүнд хяналт тавих тогтолцоо  байхгүй юм байна.

“Хоншоортой”  бай

МХЕГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй барилгад  шалгалт хийхэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй хотын төвөөр голдуу байрлалтай 80 байгууллага байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл тэд үйл ажиллагаагаа явуулсаар, бидний үр хүүхэд, гэр бүлийнхний амь нас, эрүүл мэндэд заналхийлсээр байна. МХЕГ-аас гаргасан ослын судалгаагаар энэ оны эхний хагас жилийн байдлаар уналт, нуралтын 53, мэргэжлийн хүн ажиллуулаагүй аюулгүй ажиллагаанаас 31, технологийн бус үйл ажиллагаа явуулснаас 20 осол гарчээ. Тэгэхээр уналт, нуралт хамгийн их байгаагийн шалтгаан нь хамгаалах тоног төхөөрөмж дутуу, хүчитгэсэн хамгаалалт хийдэггүй, машин тоног төхөөрөмжийн дутуу байдлаас үүдэж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Түүнчлэн барилгынхаа хүчин чадалд нийцүүлж мэргэжлийн ажилчид авдаггүйгээс ажилчид унаж бэртэх, иргэд хохирох тохиолдол гарч буй аж. Тухайлбал, долоон давхар барилгад инженер техникийн 20 гаруй, мэргэшсэн 20 гаруй ажилтантай байх ёстой. Гэтэл манайд үүнийг мөрдөж буй барилгын компани  байхгүй гэдгийг Г.Эрдэнтөгс хэлсэн. Жишээлбэл, Тэнгис кино театрын ойролцоо осол гарсан барилга дээр очиход 10 гаруйхан ажилтантай байсан бөгөөд  хяналтын инженер, талбайн инженер байгаагүй аж. Энэ мэтчилэн барилгын бүхий л харилцаанд стандартыг тогтоож өгөхгүй бол мөнгөний хүүдий болсон авилгачдаас  болж хүний амь нас хохирсоор байх нь. Одоогийн хууль журам нь “Хөрөнгөтэй нөхрийг өмөөрсөн хөдөлмөрийн хүнийг дарамталсан заалттай” гэдгийг олон хүн шүүмжилж байна.  Хүний цус, нулимсаар дэнчин тавин байж мөнгөний төлөө улайраад сайхан амьдарна гэдэг юу л бол. Барилгын компанийн шунахай эзэд ээ, түрийвчээ түнтийлгэж, гэдсээ цүдийлгэж буй ашгийнхаа жаахан хэсгийг нь  хөдөлмөр хамгаалал, хүнийхээ аюулгүй байдалд зориулчих  “хоншоортой”  байгаач!

Б.УУГАНБАЯР

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж