Өөрөөр хэлбэл, барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниудад хийх шалгалтыг чангатгах гэнэ. Хяналт шалгалтын онцгой нөхцөлийг өнөөдрөөс эхлээд хоёр сарын хугацаанд гүйцэтгэх юм байна. Үүнтэй холбогдох тушаалыг өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү уншиж, танилцууллаа.
- Хяналт шалгалтын онцгой нөхцөлийн үед авах арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах Комиссыг байгуулсугай.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга, дэд бүтэц, техник, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт татан төвлөрүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай зохион байгуулан ажиллуулсугай.
- Нийслэлийн хэмжээнд баригдаж буй нийт барилгуудыг хамруулан нэгдсэн удирдамжтай шалгалтыг 10 хоногт багтаан хийсүгэй.
- Онцгой нөхцөлийн үед хийгдэх шалгалтыг удирдамжийн дагуу үнэн зөв, шуурхай, хариуцлагатай гүйцэтгэж, шалгалтын дүн, арга хэмжээний саналыг боловсруулж, Даргын зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Комисст /Д.Гүньбазар/-т үүрэг болгосугай.
- Барилга, угсралтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих үйл ажиллагааг хуулийн хүрээнд чангатгах, аттестатчилал явуулах шаардлагыг БХБЯ-нд хүргүүлсүгэй.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, дотоод хяналтыг чангатгах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг нийт барилга, угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн удирдлагууд, холбогдох төрийн байгууллага, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангуулах сургалт, семинар, уулзалт, хурал зохион байгуулах, олон нийтэд мэдээлж сурталчлах бүх төрлийн арга хэмжээг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулахыг Комисст /Д.Гүньбазарт үүрэг болгосугай.
- Тушаалын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Комисс /Д.Гүньбазар/, Тамгын газар /С.Заяадэлгэр/-т үүрэг болгосугай
Өнөөдрийн хурлын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар барилга барьж буй компаниудад хийх шалгалтаа чангатгахын тулд үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх талаар онцоллоо. Тодруулбал, аливаа нэгэн хороонд барьж буй байшин барилгын зөвшөөрөл, аюулгүй байдлыг тухайн хорооны удирдлагууд хариуцах юм байна. Учир нь хуульд ингэж заасан байдаг хэмээн МХЕГ-ын дарга Р.Содхүү хэлж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага аливаа барилгын салбарт гарч буй аюулгүй байдлын эрсдлийг тогтоохын тулд эхний ээлжинд барилга барих зөвшөөрөлтэй, чанар байдлыг сайтар хангасан эсэхийг шалгадаг байна. Ингэхдээ ихэвчлэн ямар нэгэн барилга аюултай байна гэсэн мэдээллийг авсаны дагуу шалгалт хийдэг гэнэ. Ийнхүү цаашдаа хоёр сарын туршид хяналт шалгалтын онцгой нөхцөл зарлаж, иргэд олон нийт хамтаараа барилгын аюулгүй байдлыг хангахын тулд хамтран ажиллаж, болзошгүй аюул ослын мэдээллийг сайтар солилцож байх талаар боллоо.