Түргэн тусламжийн төв бүрэн тоноглосон машинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Түргэн тусламжийн төв бүрэн тоноглосон машинтай боллоо

Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглогдсон “В” зэрэглэлийн автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ өчигдөр (09.19) боллоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал манай улсад яаралтай тусламжийн хэрэгсэл яах аргагүй дутагдалтай байгааг дурдаад, түргэн тусламжийн үед, ялангуяа тухайн хүнийг машинаар авч явах үед эрчимтэй эмчилгээ шаардлагатай байдаг, энэхүү автомашин нь олон хүний амийг аварч, гарч болох эрсдэлээс хамгаалах болно гэдгийг онцолсон юм.

Уг автомашин нь зам тээврийн ослын үед өвчтөнийг эмнэлэгт хүргэхэд хэрэглэгдэх эмнэлгийн бүхий л төрлийн тусламжийг шуурхай үзүүлж чадах тоноглолтойгоороо онцлог аж. Тус төвийн автомашин нь хагас тоноглолтой байсан бөгөөд энэхүү машиныг хүлээн авснаар шуурхай ажиллах боломжийг нэмж байна.

Машин гардуулах ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн дэд захирал Том Хүрлеи, МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд, Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү нарын албаны хүмүүс болон Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, ажилчид оролцов.





Эх сурвалж: www.moh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж