Бослого дэгдээсэн киноны найруулагчийг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Бослого дэгдээсэн киноны найруулагчийг шүүхэд өгөв

Лалын шашинтнуудыг хилэгнүүлсэн гайтай кинонд  тоглосон америк жүжигчин Синди Ли Гарсиа киноны найруулагчийг шүүхэд өгчээ.

Жүжигчин лалын шашинтнуудыг гутаан доромжилсон утга агуулгатай киноны найруулагч Накула Басселигийн эсрэг гомдол гаргахдаа өөрт нь цөл дэх адал явдлын сэдэвтэй кино гэж итгүүлэн жигшил зэвүүцэл төрүүлсэн кинонд тоглуулсан гэжээ.  Киног найруулсан Египет-Америкийн христийн шашинт гэр бүлээс гаралтай Накула Басселигийн хилэгнэсэн лалын хэт даврагчдаас нуугдаж, тусгай хамгаалалтан дор байгаа юм. Лалын шашинтнуудыг шүтээн Зөнч Мухаммедийг залилан мэхлэгч, хүүхдийг садар самуунд уруу татагч мэтээр харуулсан “Innocence of Muslims” хэмээх киноны жүжигчин бүсгүй мөн шүүхээс уг киног “YouTube” сайтаас устгахыг хүссэн аж.

АНУ-д бүтээсэн уг кино интернэтээр цацагдсан даруйд Ойрхи Дорнод, Хойд Африк тэр бүү хэл Шри Ланкад хүртэл хилэгнэж хорссон лалын шашинтнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэврээсэн билээ. Лалын шашинтнуудыг гутаан доромжилсон утга агуулгатай гайтай киноноос болж, Ливи дэх АНУ-ын Элчин сайдын яаманд гарсан халдлагын үеэр дөрвөн хүн, Элчин сайд амиа алдсан юм. Жүжигчин бүсгүй шүүхэд гомдол гаргахдаа найруулагч кино зохиолын талаар юу ч тайлбарлаагүй гэжээ.

Киног хамгийн анх интернэт сайтад тавьсан Сэм Басил гэгч хүн өөрөө биш гэж найруулагч Накула Бассели няцаажээ. Тэрбээр өөрийгөө киног бүтээхэд тусалсан компанийн менежер гэж хэвлэлийнхэнд танилцуулсан ч албаны хүмүүс түүнийг найруулагч нь гэдэгт бараг эргэлзээгүй юм.

Накулад 2010 онд шүүхээс залилангийн хэргээр 790,000 ам.долларын торгууль ноогдуулж байжээ. Харин 2011 онд тэрбээр интернэт хэрэглэхгүй, зөвшөөрөлгүй гадаадынхантай хамтарч ажиллахгүй гэдэг болзолтойгоор  шоронгоос суллагдсан байна. “YouTube” лалын ертөнцийг хилэгнүүлсэн киног одоо болтол сайтаас устгаагүй байгаа боловч Саудын Араб, Ливи, Египетэд гаргахыг хоригложээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж