АНУ-д олон жил амьдарч, соёлтой орны уран бүтээлчдээс туршлага судлаад ирсэн “Sweetyemotion” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд ирэх арваннэгдүгээр сард ойн тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа аж. Хоёр жилийн өмнө “АСА” циркийг амьд хөгжмөөр доргиож байсан “Sweetyemotion” хамтлагийн бүсгүйчүүд энэ удаа “Буянт-Ухаа” спорт цогцолборыг “дайлаар мордохоор” шийджээ. Чимээ шуугиан, хөл хөдөлгөөнтэй хотын төвөөс зайдуу, цэвэр агаар, цэлгэр танхимтай газар тоглохоор сонгосон бүсгүйчүүд үзэгчдээ хэрхэн хүндлэхээ ч умартсангүй. Тоглолтынхоо өдөр фэнүүддээ зориулан тусгай такси, автобусаар үйлчлэхээр төлөвлөжээ. Тус хамтлагийнхан энэ оны гуравдугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Монголын сайхан ээжүүддээ зориулсан тоглолтоор 15 жилийнхээ ойн арга хэмжээг нээсэн. Тэд эх орондоо ирснээсээ хойш хийсэн уран бүтээлүүдийнхээ дээжийг багтаасан цоо шинэ цомгоо сонсогчдодоо өргөн барьснаар ойн арга хэмжээгээ өндөрлөнө.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”