Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас “Увс Түншлэл-2012” үзэсгэлэн, худалдаа зохион байгуулжээ. Уг үзэсгэлэн, худалдааг МҮХАҮТ, ХХААЖДҮГ, Улаангом сумын ЗДТГ, “Бизнес инкубатор төв” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан байна. Үзэсгэлэн, худалдаанд тус аймгийн 18 сум, 90 гаруй байгууллага 140 гаруй төрлийн 100 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээр оролцжээ. Энэ үеэр оны шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр Улаангом сумын “Мөнхийн чанар” компанийн аарцтай бялуу шалгарчээ. Харин аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнээр Хяргас сумын “Мөнгөн зээг” хоршооны сийлбэртэй гэрийн мод шалгарсан байна. Хамгийн эрэлттэй шилдэг бүтээгдэхүүнээр Тариалан сумын “Алтан түрүү шим” нөхөрлөлийн арвайн гурил, Импортыг орлогч шилдэг бүтээгдэхүүнээр “Увс хүнс” ХК-ийн жигнэмэг, Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр “Увс хүнс” ХК-ийн жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнүүд шалгарсан байна. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцсон бүтээгдэхүүнийг 10 номинациар шалгаруулан нийт 30 бүтээгдэхүүнийг алт, мөнгө, хүрэл медаль өргөмжлөлөөр тус тус шагнасан байна.
Э.САР