“Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нарын гомдлыг яг одоо Нийслэлийн шүүх танхимд хэлэлцэж байна. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Н.Батцэрэн, харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Ч.Амарболд-Ж.Яримпил, Н.Мөнхбат, О.Зоригт-Ж.Энхчулуун, Ё.Өнөрбаяр, Ш.Батсүх-Н.Оюунцэцэг, Г.Ганбаатар-Т.Мөнхдэлгэр нарын хүмүүс оролцож байгаа юм.
Тэднийг шүүх анхан шатны хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж, Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон. Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан юм. Гэвч цагдаагийн экс удирдлагууд болон тэдний гэр бүлийнхний зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг ийнхүү өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж буй.
Хурлын дараа Нийслэлийн шүүхээс албан ёсны мэдээлэл хийх юм байна.
Д.ЖАРГАЛ