Газар олголт, хорооны ажлын талаар гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Газар олголт, хорооны ажлын талаар гомдол иржээ

“Газар, орон байргүй иргэдийн холбоо” ТББ-аас газар олголт болон хороодын ажлын талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. ТББ-ын гишүүдийн мэдээлснээр тус байгууллагад газар олголттой холбоотой 8000 гаруй гомдол ирсэн гэнэ. Энэ нь хотод газар эзэмшихээр дүүргийн газрын албадтай харилцахад маш их бэрхшээлтэй байдаг тухай гомдол дийлэнх байсан ажээ. Тухайлбал, маш олон шат, дамжлага давж, бичиг баримтаа бүрдүүлээд очихоор ямар нэгэн байдлаар тухайн иргэнийг буцаадаг гэнэ. Ийнхүү иргэд нь газраа өмчилж чадахгүй байгаа нь хуулийн хэрэгжилт муу байгаатай холбоотой талаар хэвлэлийн хурлын үеэр онцлов.  Ингэхдээ  тус ТББ-ын гишүүд “Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 онд батлагдаж байсан ч хэрэгжилт муу байна. Тиймээс ч иргэд газраа өмчилж чадахгүй байна. Цаашдаа манай ТББ эгнээндээ өөр дүүргүүдийн иргэдийг нэгтгэн тэмцэх болно” хэмээн хэлж байлаа.

Түүнчлэн Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төслийн талаарх гомдол тус байгууллагад ирсэн байна. Энэ талаар БЗД-ийн 23 дугаар хорооны иргэд, нийтийн хурлын тэргүүлэгч, тус ТББ-ийн гишүүн н.Намхайнямбуу “Цэвэр агаар төсөл өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн долоон хороонд хэрэгжсэн. Гэтэл хэрэгжсэн гэх хорооны иргэдээс гэрийн бүрээс дутуу ирээд байна гэх гомдол удаа дараа ирсэн. Тэдгээр хорооны нэг Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 754 ширхэг гэрийн бүрээс ирэх байсан боловч 200 орчмыг тараасан байна. Бусад гэрийн бүрээс хаачсан бэ гэхээр  тухайн хорооны удирдлагууд нь зарж ашиг олсон болохоор одоо цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Ингэж төсөл хэрэгжүүлбэл яаж утаагүй цэвэр байх юм бэ” гэж хэлсэн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж