Баянхошууг бүхэлд нь ногооруулаад өгье

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Баянхошууг бүхэлд нь ногооруулаад өгье

Замын хажууд ганц мод торойн харагдана. Нэлээд том, саглагар мод аж. Модыг тойруулан зам тавьжээ. Өмнө нь модыг дайруулан зам тавих гэж байсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, модыг  суга авч хаялгүй,  тойруулан замаа тавьжээ. Энэ бол уран зургийн өгүүлэмж. Гэхдээ жирийн бус нэлээд нэртэйд тооцогддог зураг. Яагаад гэвэл иргэдийн үг төрдөө хүрдгийг  тодоор харуулсан учраас  тэр. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шууд ардчилал” сургалтын үеэр энэхүү зургийг жишээ болгон тайлбарлав. Зургийг  сургалтын гол фон болгожээ. Өмнө нь ямар нэгэн хурал цуглаан боллоо л гэдэг. Гэхдээ энэ удаагийнх шиг хурлын утга, агуулгыг илэрхийлсэн анонс нь ингэтлээ анхаарал татаж байсангүй. Энгийн энэ зураг гүн агуулгатай аж. “Иргэд нь хүчтэй байж, иргэд нь асуудал шийддэг байж Монгол орон хөгжинө” гэсэн санааг эрхэм Ерөнхийлөгч эл зургаар бас үгээрээ дамжуулан илэрхийлэв. Хаа сайгүй л иргэдийн дуу хоолой хүчтэй байх талаар дуугарах боллоо. Энэ төр, иргэнгүй хөгжил гэж байдаггүйг олоод харчихлаа, овоо доо гэх хүмүүс  байна. Бас үнэхээр л иргэдээ сонсож, тэднийг дэмжих гэж байгаа бол бидэнд жаахан дэм өгөөч гэсэн хэсэг иргэд ч байна. Тэдний хүсэлтийн дагуу сурвалжлахаар гэр хороолол буюу Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороог зорилоо.

Хорооны байрны нэг өрөөнд иргэдийн мэдээллийн төв байрлах бөгөөд Нийтийн аж ахуйг сайжруулах төслөөр тохижуулсан аж. Тэнд тус хороодын иргэдийн холбоод давхар үйл ажиллагаа явуулдаг байх юм. Умгар ч гэсэн энэ өрөө нь маш хэрэгтэйг тэд хэлж байлаа. Иргэд өөрсдийн хүсэл тэмүүллээр нэгдэж, бүлэг байгуулсан байна. Ийм бүлэг тус дүүрэгт найм бий. Бүгд гэр хороололд байрлана. Иргэдийн холбооны гишүүд энд цуглаж, хийх ажлаа ярьцгаана.  Тэд уламжлалт ёсоороо цугларчээ. Ярилцах завсартаа иргэнээ гэх болсон шинэ засгийн бодлогыг сайшааж байв. Хороо бүрт иргэдийн танхим нь жинхэнэ утгаараа байгуулагдаасай гэх.  Бас бидний эхлүүлсэн ажлын үргэлжлэл гэж омогших нэгэн ч байлаа. Иргэдийн бүлэг нийлж олон ажил хийжээ. Оюутолгойгоос зарласан төсөлд  шалгарч, “Ногоон хашаа” төслийг  хэрэгжүүлж,  112 айл мод тарьсан нь сайхан ургасан аж. Тиймээс хийсэн ажлаа Оюутолгойд тайлагнаж, төслөө үргэжлүүлэх хүсэлтийг тавих гэнэ.  Хамгийн их гуу жалга, шавар шавхайтай гудамжуудыг сонгон авч, явган хүний зам тавьжээ. Хотын баруун захын иргэд Сэлбийн голын хогийг хүртэл цэвэрлэж байхав. Тус дүүргийн 25 дугаар хороо хоггүй болжээ. Итгэхгүй бол та бүхэн яваад үзээрэй хэмээн ам бардам хэлж сууна. Наймдугаар хороонд байрлах нуур хогийн цэг байсан цаг саяхан. Одоо бол хүн амарч тухлах тийм л тохилог орчин тэнд бүрджээ. Олны дэмжлэгээр энэ сайхан орчныг бүрдүүлсэн гэнэ. УИХ-ын өмнөх хоёр гишүүн нь хашаа барьж өгөв. Бичил цэцэрлэгт хүрээлэнг арчлалт, хамгаалалтыг нь хариуцсан хоёр манаачийн цалинг Халамжийн газраас өгдөг. “Ер нь гэр хорооллынхон яагаад шороо, тоостой бохир орчинд амьдрах ёстой гэж. Манай иргэд нуурынхаа дэргэд хүүхдүүдээ салхилуулж, амралт чөлөөт цагаа өнгөрөөдөг болсон. Зайсангийн тансаг орон сууцны хорооллын гаднах орчноос юугаараа дутах вэ. Тийм сайхан орчныг эхнээсээ бүрдүүлж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь  сэтгэлгээний өөрчлөлт нийслэлийнхэнд үгүйлэгдэж байгаатай маргах хүн байхгүй биз. Энэ миний байшин, миний хороо, миний дүүрэг, миний нийслэл, миний Монгол гэсэн сэтгэлийн гэрэл хаа сайгүй үгүйлэгдэж байна. Хүн бүр  миний Монгол цэвэрхэн байх ёстой гэсэн сэтгэлгээтэй болчихвол бид хөгжинө” гэж бүлгийнхэн ярьж байна. Даанч бүгд сэтгэлгээний ийм өөрчлөлтийг хүлээж авч чадахгүй байна уу даа. Бүлгийн гишүүд өнгөрсөн жил 9 дүгээр хороонд 50 ширхэг нарс тарьжээ. Гэтэл 12 дугаар сарын 30-ны шөнө 50-ууланг нь тайраад аваад явчихаж. 50 нарс 50 өрхийн шинэ жилийн баярын ширээг чимсэн нь энэ. Хүүхдүүдээсээ дутахгүй хайрлаж, харамлаж байсан модоо  хулгайд алдсан бүлгийн гишүүдийн нүд нулимстай хоцорсныг ахархан бодолтнууд мэдээгүй нь харамсалтай. Бүлгийн гишүүд сар бүр 3000 төгрөгийн хуримтлалыг бүлэгтээ бүрдүүлнэ. Энэ мөнгөөрөө  гурван гишүүн эсгий эдлэл хийж, борлуулдаг байх юм. Зөвхөн хороондоо л зарахад борлуулалт сайтай. Зах зээлээ өргөжүүлэх бодол бий. Хороо гэхгүй бусад дүүрэг, хороонд бүтээгдэхүүнээ зарах хэрэгтэй байдаг. Үүний тулд ноос самнадаг машин энэ гуравтаа аваад өгөх юм сан гэж “Дэвшил” иргэдийн бүлгийн ахлагч Г.Нармандах ярилаа. Сэтгэл байхад мөнгийг босгож, ажлыг бүтээж болдгийг иргэдийн нийтийн бүлгийнхэн харуулж байна. Тиймээс тэдэнд хийхээр төлөвлөж байгаа ажил ч их. Хороогоо бүр цаашлаад Баянхошууны гэр хорооллыг бүхэлд нь ногоон бүс болгочих юм сан гэж ярьцгаана. Хэрэгжүүлэхэд  ганц саад бий гэнэ. Жилийн өмнө  дүүргийнхээ Газрын албанд газар авах хүсэлтээ илэрхийлсэн байх юм. Найман бүлэг нийлж нийт найман га газрыг ашиглах хүсэлтийг тавьжээ. Гэвч өнөөг хүртэл энэ асуудал шийдэгдсэнгүй. Хэрвээ газрын гэрчилгээ олгогдвол мод үржүүлгийн төв байгуулж, бас ногоо тарьж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх гэнэ. Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллага нь анхааралдаа аваасай. Сэтгэлээрээ нэгдэж чадсан эдгээр хөдөлмөрч иргэдийн мөрөөдөл удахгүй бодит  ажил болж, гэрийн хороолол тэр чигтээ ногоон төгөл болоосой доо.

Б.САНЧИР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж