Гавьяатыг гавьяаных нь амралтад гаргах гээд байна

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Гавьяатыг гавьяаных нь амралтад гаргах гээд байна

Монгол Улсын Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал өчигдөр (09.19) сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр ДАШТ-д оролцох бүрэлдэхүүний гадна үлдсэнтэйгээ эвлэрэхгүй байгаагаа илэрхийлж, МЧБХ-ноос энэхүү шийдвэрээ эргэн харахыг хүссэн юм. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ энэ сарын 27-29-нд Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд болно. МЧБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж, ач холбогдлоороо зуны олимпийн наадмын дараа орох энэхүү тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарласан билээ. Харин 48 кг-ын жинд Ц.Энхжаргал бус “Хангарьд” клубийн залуу тамирчин, 51 кг-ын жинд барилдаж байгаа Б.Даваасүрэн оролцох болсон юм. Гавьяат тамирчинтай хэвлэлийн бага хурлын үеэр ярилцсанаа хүргэе.

-Та энэ шийдвэрийг хэзээ сонссон бэ?

-Би ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байлаа. МЧБХ-ноос сорилт барилдаан хийгээд ялсныг нь ДАШТ-д 48 кг-ын жинд барилдуулах тухай хэлж байсан. Гэтэл энэ сарын 13-нд өглөөний бэлтгэлээ хийж байхад МЧБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрийг сонордуулж, би ДАШТ-ий бүрэлдэхүүний гадна үлдсэнээ мэдсэн. Энэ шийдвэрээ “Залуу тамирчдыг дэмжихийн тулд” гэж тайлбарласан. Нас бол өвчин биш, гэмтэл биш. Би 48 кг-ын жиндээ энэ оны эхээр Улаанбаатарт болсон “Mongolia Open” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд Японы бөх (Акэо Минори)-д ялагдаж мөнгөн медаль хүртэж, Монголын бүх ард түмний спортын XIII их наадамд аваргалж, жингийнхээ тэргүүн бөх гэдгээ баталсан. Гэсэн ч би ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд багтсангүй. Энэ шударга сонголт мөн үү … (хэсэг чимээгүй суув).

-“Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцоогүй та энэ ДАШТ-ийг л хүлээж байсан байх даа?

-Би энэ ДАШТ-д оролцохын тулд бүх бие сэтгэл, цаг хугацаагаа зарцуулсан болохоор маш хэцүү байна. 2012 он гараад надад амарсан өдөр байхгүй. Би гадаадад тэмцээнд олон яваагүй ч гэсэн бэлтгэлээ маш сайн хийсэн. Надад нэг удаа итгэл хүлээлгэж, шийдвэрээ өөрчилж болохгүй юм уу. Би өнөөдөр ч гэсэн сорилт барилдаан хийхэд бэлэн байна. Ядаж сорилтоо хийгээд хасагдвал миний сэтгэл ингэж зовохгүй байх байсан. Шалтгаангүй үлдэх хэцүү шүү дээ.

-Б.Даваасүрэн энэ онд ямар амжилт үзүүлсэн билээ?

-Би түүний энэ жилийн бэлтгэл сургуулилалт сайн байгаа гэж бодохгүй байна. 51 кг-ын жинд “Mongolia Open”-д медальгүй үлдэж, Монголын бүх ард түмний спортын XIII их наадмаас хүрэл медаль хүртсэн. Б.Даваасүрэн олимпийн өмнөх цугларалтад 17-18-хан хоног, ДАШТ-ий өмнөх бэлтгэлд сар хүрэхгүйн хугацаанд хамрагдсан. Уг нь бид хоёрын дунд сорилт хийж, ялсныг нь ДАШТ-д оролцуулна гэдгийг багш дасгалжуулагч нарт хэлсэн байсан. Гэсэн ч сорилт барилдаан болсонгүй.

-Олимпийн наадмын 48 кг-ын жинд Д.Отгонцэцэгийг барилдуулсныг та бүрэн хүлээн зөвшөөрсөн үү?

-Олимпийн эрхийг өөрөө авчирсан болохоор хүлээн зөвшөөрсөн. Тийм ч болохоор Д.Отгонцэцэгийн олимпийн бэлтгэлийг чадах чинээгээрээ хангалцсан. Би энэ удаагийн ДАШТ-д оролцвол медаль хүртэх бүрэн боломжтой. Өөрийн бэлтгэл сургуулилалт, барилдаан, сэтгэл санаа гээд бүх зүйлээ бэлтгэсэн. Хэрвээ энэ шийдвэрээ эргэн нэг харж, надад итгэл хүлээлгэвэл би та бүхний итгэлийг алдахгүй. Би тэр медалийг авчирч чадна.

-Та МЧБХ-нд хандсан уу?

-Удирдах зөвлөлийн зарим гишүүнд сорилт барилдаан зохион байгуулахыг хүссэн боловч хариу өгөөгүй.

-Таныг хэвлэлийн бага хурал зарласны дараа МЧБХ-ноос цуцлахыг шаардсан гэсэн. Энэ үнэн үү?

-Би энэ асуултад хариулмааргүй байна.

Д.НАНЖИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж