-Таны аавынхаа дурсгалд зориулсан дуун суварга сайхан бүтээл болжээ. Энэ дуу хэрхэн бүтсэн талаар ярьж өгөөч?
-Энэ жил аавдаа зориулсан төгөлдөр хуурын концертоо бичиж дуусгаад яг тоглуулахын даваан дээр аав минь бурхан болсон. Аавыгаа тэнгэрийн оронд явсны дараа Америкт буцаж ирээд удаагүй байхад нэг шөнө гэнэт утас дуугарлаа. Автал нэг хүн намуухнаар мэндлээд “Аавын тань эртний танил байна. Гэхдээ бид хоёр тийм ч сайн танил байгаагүй юм” гэж Лхамжав гэдэг хүн Денверээс яриад. Тэгээд тэр надад бичсэн шүлгээ өгсөн юм. Аавыг бурхан болсны дараа иймэрхүү шүлэг хэд хэд ирэхэд их баярласан. Ээж минь надад аавын бөгжийг зүүлгэснээс хойш аавынхаа хуруугаар хөгжмөө тоглоод байгаа юм шиг санагдаад байдаг болсон. Энэ бол сэтгэл эмзэглэх асуудал биш, харин ч бардам зан минь хөдөлж байлаа. Сэтгэлд аяндаа аялгуу урсаад ч байх шиг. Би дуу хийнэ гэж ерөөсөө боддоггүй байсан юм. Ямар сайндаа найзыгаа дуудаад би иймэрхүү дуу хийх гэж оролдож байна гээд дуулж үзүүлсэн чинь “Ямар эвтэйхэн дуу вэ, шууд дуулмаар болж байна” гэлээ. Тэгээд за ямар ч байсан ийм дуу байдаг шүү дээ гэж хэлээгүй болохоор нь үргэлжлүүлж хийгээд дуусгасан. Ердөө нэг оройдоо л гаргасан бүтээл. Энэ дуугаа “Миний аав” гэж нэрлэсэн.
-Ингэж нэгэн сайхан дуу төрүүлжээ. Өөр ямар бүтээл хийж байна даа, та?
-Хоосонгүй ээ. Энэ дууныхаа тухай бас ярих гээд байна л даа.
-Тэг л дээ.
-“Миний аав” гэхээр ойлгомжтой ч, миний аав Зулай цагаан Алтайгаа магтан дуулж, Хөвсгөл далайгаа тахин шүтэж, тэмээчин ээжийгээ үгүйлдэг хүн байсан гэж хэлэхийг оролдсон юм. Аавынхаа бөгжтэй гараа харахаар аав миний төгөлдөр хуурын даралт ч юм шиг санагдаад явчидаг. Дууны шүлгийг би жаахан янзалсан л даа. Гэхдээ энэ ганцхан миний аавын тухай биш, монгол хүн бүрийн аавын тухай дуу. Бид аавуудаа Алтайн оргил, Хөвсгөл далай, уудам говиороо төсөөлж ойлгож болно биз дээ.
-Аавыгаа их үгүйлж байгаа даа?
-Би аавынхаа ганц хүү нь. Тэр тусмаа бид хоёр мэргэжил нэгтэй болохоор найз нөхөд, багш, сурагч шиг л байлаа. Заримдаа өрсөлдөгчид болж хошигнодог байсан юм. Би аавтайгаа амьдралынх нь сүүлчийн мөчид хамт байсан. Хүн энэ хорвоог яаж орхидог хатуу дүр зургийг харсан. Аав минь надтай үг сольж чадахгүй байсаар энэ хорвоог орхисон ч надад хүйн холбоогоор “Одоо чиний ээлж” гэх шиг юу ч хэлэлгүй яваад өгсөн. Америкт ирээд сэтгэлээ барих хэцүү байсан ч ээжид минь надаас хүнд байгааг мэдэрч байсан болохоор их хичээж биеэ барьсан.
-Аавдаа зориулж Монголдоо тоглолт хийх гэж байгаа гэсэн үү?
-Удахгүй миний төгөлдөр хуурын концертыг Саянцэцэг эгч Монголд тоглоно.
-Тийм үү, ямар гоё юм бэ?
-Гэсэн ч би Америкаас тоглолтын бэлтгэл ажлаа бүгдийг нь хийж чадахгүй л байна. Ямар ч байсан энэ тоглолтоор миний энэ төгөлдөр хуурын концерт Монголын сонгодог хэлбэрийн зохиолуудын дунд өөрийн байр сууриа эзэлнэ гэдгийг хэний ч өмнө зоригтой хэлнэ. Учир нь олон жил бодож хурааж байж хийсэн. Үүнийгээ Монголдоо тоглуулсны дараа хаана л бол хаана сонсгоно. Гол нь анхны тоглолтоо заавал аавдаа, монголчууддаа зориулах ёстой. Энэ том ажлынхаа хажуугаар нэлээд олон хэлбэрийн юм хийж байна.
-Жишээ нь?
-Дуусаагүй бүтээлүүдийг зарлаад яах вэ. Цаг нь болохоор дуулдана биз дээ. Нэг их удахгүй. Хэд хэдэн шинэ бүтээл зэрэгцээд явж байна. Би хийснийхээ дараа хийлээ гэж боддог. Би айдаг юм. Муу бүтээл гаргачих вий гэж. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шүү дээ.
-Уран бүтээл туурвихад онгодоо яаж хөглөдөг вэ?
-Онгод орно гэж юу байх вэ дээ. Онгод гэдэг сэтгэл хөдлөл. Бид зүүдээ сонгодоггүй биз дээ. Түүнтэй адилхан уран бүтээл гэдэг өөрөө хүнээ сонгоод ирдэг. Харин тэр санааг өөрийнхөө туршлага, мэдлэгээр баяжуулдаг байх ёстой. Үүний тулд сургуульд сурдаг. Түүнээс авьяастай олон хүн бий. Агуу ч хүмүүс байдаг байх. Гэхдээ түүнийгээ яаж таниулахаа мэдэхгүй бол тэгээд л мөрөөдөл болгож орхихоос өөр сонголт байхгүй.
-Аавыгаа агуу уран бүтээлч, хөгжмийн зохиолч гэж хэлнэ биз?
-Миний аав энгийн уран бүтээлч хүн байсан гэж хэлнэ. Ер нь хэнийг ч ямар хүн байсныг нь хүн төрөлхтөн, цаг хугацаа хоёр хэлж өгдөг. Аавын минь бүтээл хэдий чинээ урт насална төдий чинээ агуу юм уу даа. Мэргэжлийн үүднээс хэлэх юм бол Сангидорж ганц нийтийн дууг ч биш, мэргэжлийн өндөр түвшинд бичиж байсан. Сонгодог урсгалаар Монголд тэр болгонд хүрээгүй ч гадныханд нэлээд тоглосон. Энэ тухай бас удахгүй нэг бүтээл гарна.
-“Миний аав” дуу таны аавдаа зориулсан анхны бүтээл үү?
-Анхных гэж арай хэлж болохгүй ээ. Миний төгөлдөр хуурын концерт түүний “Зулай цагаан Алтай” аялгууг нууцалж хийсэн зохиол. Яагаад гэвэл миний зохиол байгаль, хүн хоёрын тухай юм. Тэгэхээр мэдээж аавыгаа бодож хийсэн. Аав маань ч байгалиа шүтдэг уран бүтээлч байлаа. Гэхдээ тэр үед аав амьд сэрүүн байсан болохоор зориулж байна гэж хэлээгүй. Одоо бодоход яг л эгзэг нь таараад байж дээ гэж боддог юм.
-Та урын сандаа хэчнээн уран бүтээлтэй болсон бэ?
-Өө, тоолж үзээгүй юм байна. Ерөөсөө бодож байсангүй.
-Саяхан манай сонинд Саянцэцэг эгчтэй тань хийсэн ярилцлага гарсан. Бас аавын тань төгөлдөр хуурын зураг. Төгөлдөр хуурын дээр хүүгийнх нь бүтээлүүд өрөөтэй байсан гэсэн?
-Миний концерт байхаа даа. Миний концертын ноотыг нэлээд үзэж, алдааг минь шалгаж надад санамжууд бичиж байсан юм билээ.
-Өөрөө тэнгэрийн оронд явчихсан ч бүтээл туурвил нь үргэлжлээд л. Хүүхдүүд нь залгамжлуулаад л гэж аавд тань атаархмаар ч юм шиг?
-Аав сүүлд нэлээн хэдэн шинэ бүтээл дуусгасан.
-Ямар ямар бүтээл юм бол, та дээжээс нь нэрлээч?
-Дандаа сонгодог хэлбэрийн бүтээлүүд. Нэлээд чансаатай бүтээл байсныг нь би сүүлд мэдсэн дээ.
-Саянцэцэг төгөлдөр хуурч аавынхаа дээр үед бүтээсэн зохиолуудыг одоо гоёыг нь гайхаад сууж байна гэсэн. Хаа байсан тэр он жилүүдэд их шинэлэг сэтгэж байж гэж ярьж байсан гэсэн…
-Чамд их баярлалаа.
-Түрүүнээс хойш аавыг тань асуугаад сэтгэлийг тань хөндүүрлүүлчихлээ. Өөр зүйлийн тухай ярья. Хүүхдүүдээ хөгжимчин болгож байгаа юу?
-Миний хүсэл. Гэхдээ ерөөсөө тэр тал дээр санаа тавих боломж гарч өгөхгүй юм. Би өөрөө цагийн гачигдалтай байх юм аа.
-Та хэзээ Монголд ирэх вэ?
-Болдог бол дан ганц уран бүтээлээ хийгээд баймаар байвч Америк орон чинь хүнийг зүгээр суулгахгүй юм байна шүү дээ. Олон цагаар хичээл зааж, бусад цагаар нь бүтээлээ хийж байна.
-Төгөлдөр хуур заадаг уу. Хөгжим зохиохыг бас заана биз?
-Тийм ээ, заадаг. Бичлэг хийнэ. Харин зохиомж бол заахгүй. Одоогоор хүсэлт тавьсан сурагч алга байна.
-Америкийн монголчууд хэр уулзалдаж байна. Хааяа арга хэмжээ зохиодог юм билээ?
-Зав гарвал очихыг боддог ч гэхдээ бараг амждаггүй юм.
-Тэндхийн монголчууд таныг хүндэлдэг юм билээ. Тэгэхээр нэг талдаа жирийн хүнээс илүү хариуцлага үүрэх болдог байх даа?
-Би чинь жирийн л хүн шүү дээ. Илүү гараад байх юм юу байх вэ дээ.
-Тантай ярилцах завшаан олдсонд их баярлаж байна аа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа. Надад цагаа зориулсанд чамд их баярлалаа.
-Би сониноо хадгалж байгаад ээжид тань өгнө өө?
-За тэгээрэй. Миний ээж их баярлах байх даа, баярлалаа, амжилт хүсье. Миний дууг сонирхож байгаа хүн байвал http://id.news.mn/video/9425.shtml хаягаар орж үзээрэй гэж урьж болох уу?
-Болно оо. Алс хол суугаа хүний бүтээлийг аль болох олон хүн сонсоосой гэж бодолгүй яах вэ.
-Баяртай
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин